Өвөрмонголын олон ангит "Чингис хаан" кинонд тоглосон жүжигчин Б.Баасанжавыг Монголд ирэх үед нь уулзаж ярилцсан юм. Чингис хааны дүрээр монголчууд бидэнтэй хэдийнээ танил болсон Дундад улсын нэгдүгээр дэсийн жүжигчин энэ удаад хаан биш, аравтын даргын дүрийг бүтээж байгаа аж. "Аэромонголиа" зэрэг компанийн дэмжлэгээр бүтэж буй "Аравт" уран сайхны киноны гол дүрд тоглосон түүнтэй хөөрөлдсөнөө хүргэе.
-Монголд, тэр тусмаа хөдөө орон нутагт кино зураг авалт хийжээ. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Урьд өмнө ном, зохиол дээрээс Ар Монголын талаар уншиж байсан. Тэр үед төрсөн төсөөллөөс өөр байсангүй. Улаанбаатар хоттой танилцах боломж гарсангүй. Ирсэн өдрөө л "Аравт" киноны зураг авах Увс аймаг руу явсан. Увс аймгийн байгаль, уул ус их сайхан, миний төрсөн газартай адил санагдлаа. Монголчууд их сайхан зантай, зочломтгой хүмүүс юм. Жирийн малчны амьдрал миний төсөөлж байсантай ижил санагдсан. Би малчны гэрт төрсөн. Тийм учраас аль болох хөдөө нутагт, малчны хотонд очих дуртай.
-Та Өвөрмонголын ямар хошуунд төрсөн бэ?
-Би Говь-Алтай, Ховд аймгийн залгаа Шинжаан Уйгарт төрсөн өөлд ястан. Аав маань товшуур цохидог, хурим найрт ерөөл хэлдэг, нутаг хошуундаа нэртэй дуучин хүн байсан.
-Кино жүжигчин болох таны мөрөөдөл байв уу?
-Бараг л тийм дээ. Би цэргийн уран сайханч байсан юм. Гэхдээ багаасаа кино, жүжиг сонирхдог байсан. Цэргээс халагдаад жүжигчний мэргэжил эзэмшинэ гээд Өвөрмонголыг зорьж байлаа. Гэхдээ шууд жүжигчин болоогүй. Долоо, найман жил өөр ажил хийсэн. Тухайн үедээ кинонд яаж тоглодог, киног яаж хийдэг гэдгийг сонирхдог байсан.Түүний дараа кинонд туслах дүрд тоглож үзээд, болмоор юм шиг санагдсан. Анхны кино маань "Баруунаас ирсэн баатрууд" гэдэг кино байлаа. Энэ кинонд 1991 онд тоглосон. Тэр кино тухайн үедээ хүмүүст их таалагдаж, магтуулж байсан шүү.
-"Аравт" кинонд аравтын даргын дүрийг бүтээж байгаа гэв үү?
-Тийм ээ. Би "Аравт" кинонд аравтын дарга Цахир гэдэг баатрын дүрд тоглож байгаа. Аравт дотроо хамгийн ахмад баатрын дүр юм.
-Монголын киноны уран бүтээлчидтэй хамтарч ажиллахад ямар байв?
-Надад Өвөрмонголд олон кинонд тоглох урилга байсан. Заримтай нь гэрээ байгуулсан байлаа. Ар Монголчууд маань энэ кинонд тоглооч гэж урихад нь их баярласан. Хятадад тоглох байсан киноныхоо урилгаас татгалзаж, зарим гэрээгээ цуцалсан. Ар Монголчуудтай анх удаа хамтарч ажиллаж байгаа ч гэсэн гар, сэтгэл нийлж байна. Харин нэг юм нь надад их хачин санагдсан шүү. "Аравт" киноны зохиолыг бичээгүй байсан. Зохиолгүй кино хийж байгаа нь гайхширал төрүүлсэн. Зураг авалт явагдаж байхад зохиолыг нь бичиж байлаа. Ар Монголчууд маань хэнэггүй, тайван хүмүүс байна шүү. Эрх чөлөө, улс эх орны нь тайван амгалан байдал тэднийг ийм байдалтай болгодог байх.
-Таныг “Чингис хаан” кинонд тоглосон дүрээр тань монголчууд сайн мэднэ. Хятадын үзэгчид энэ киног хэрхэн хүлээж авав?
-“Чингис хаан” киноны шалгаруулалтаар надад анх Зэв жанжны дүр оногдсон юм. Чингис хааны дүрд олон жүжигчин шалгуулсан. Өвөрмонголчууд “Чингис хаан” киног хийхдээ жүжигчдэдээ өндөр шаардлага тавьж, их ач холбогдол өгч байсан л даа. Миний хувьд хааны дүрд тоглох талаар ямар ч бодолгүй явсан. Нэг өдөр кино группийнхэн ярилцаж, тохироод надад Чингис хааны дүрийг хуваарилсан гэж хэлсэн л дээ. Чингис хаан гэж ямар хүн байсан юм. Тэр агуу хүний талаарх зөв ойлголтыг хятадуудад өгч чадсан гэж би боддог.
-Монгол хүн бүхний бурхан шүтээн болсон их хааны дүрд тоглох боллоо гэсэн мэдээг сонсоход баярлахаас илүү эмээсэн байх даа?
-Үүнийг дуулаад их баярласан. Дараа нь айж эхэлсэн шүү. Сайн тоглож чадвал хүмүүс сайхан хүлээж авна, муу тогловол их хааны нэр сүрийг гутаачихна гэж өөрийгөө их цэгнэсэн. Дэлхийн олон монголчууд яаж хүлээж авах бол гэж айж байлаа. Ар Монгол, Буриад, Халимаг, Уйгар, Казах, Киргиз, Тува гээд эсгий туургатан ард түмний сэтгэл санаанд тохируулж, тэдний төсөөлж буй Чингис хааны дүрийг бүтээж чадах болов уу гэж эргэлзсэн. Зөвхөн Өвөрмонголчуудад таалагдах хэмжээгээр тоглож болохгүй байлаа. Дэлхий нийтээр энэ агуу хүнийг мэддэг болохоор надад том үүрэг хариуцлага оногдсон юм. Монголчуудын сэтгэлд хүрээгүй болов уу гэсэн бага зэргийн айдас байсан Ар монголчууд "Бидний сэтгэл дотроо төсөөлж байсан их хаан мөн байна. Баяр хүргэе" гэж урам өгөхөд л би тайвширсан. Хөдөө зураг авалтаар явж байхад ард түмэн, малчид намайг Чингис хаан өөрийн биеэр ирсэн юм шиг хүндэтгэж байсан.
-Чингис хааны талаар хийсэн олон кино байдаг. Бусад киноны Чингис хааны дүр танд ямар санагддаг вэ?
-Ар Монгол Чингис хааны талаар олон кино хийсэн. Ц.Төмөрбаатар, Т.Энхтайван хоёр их хааны дүрийг их сайхан гаргасан байдаг. Өөр өөрийн онцлогтойгоор хааныг харуулсан байдаг. Мөн Орос, АНУ, Япон гээд дэлхийн бусад орон ч гэсэн кино хийсэн. Харин тэд монгол ахуй соёл, зан заншлыг сайн мэдэхгүй болохоор нүүдэлчин ард түмний сэтгэлд тэр болгон хүрч чадаагүй. Монгол хүн л монгол хааныхаа дүрийг бүтээж чаддаг юм гэдгийг харуулж байна л даа. Ямар ч зүйлийг үнэнээр нь гаргахаар хүмүүс их сайхан хүлээж авдаг шүү дээ. "Чингис хаан" кино тэр чигээрээ Монголын нууц товчооны үйл явдлыг харуулсан. Бодит үнэнд ойрхон байсан учраас хүмүүст таалагдсан байх.
-Чингис хааны дүрийг гүйцэд гаргаж чадсан гэдэгтээ итгэлтэй байдаг уу?
-Мэдээж энэ агуу хааны дүрийг бүрэн гүйцэд гаргана гэдэг хэцүү. Одоо би "Чингис хаан" киног олон удаа үздэг. Үзэх болгонд алдаа, дутагдал ажиглагддаг. "Энд дутуудуулж дээ" гэж харамсах үе ч цөөнгүй. Ер нь үзэгчдийн, ард түмний сэтгэлд төсөөлөгдөж байсан хааны дүрийг бага боловч гарган харуулж чадсан бол миний дүр бүтээсэн зорилго биелж байгаа нь тэр.
-Японы "NНК" телевизийн Хубилай хааны дүрд тоглосон байсан. Их гүрний аугаа хаадын дүрд тоглосон гэдгээрээ омогшино биз?
-Өвөрмонголын болон Хятадын хэд хэдэн телевизийн жүжигт түүхэн хүмүүсийн дүрд тоглож байсан. "Чингис хаан" кинонд тоглосны дараа Японы “NНК" телевизийн урилгаар 40 ангит "Хубилай" кинонд их хааны дүрд тоглосон. Бас Мөнх хааны дүрд тоглосон. Найруулагч, хамтран ажилласан уран бүтээлчдийн итгэлийг алдаагүй гэж боддог доо.
-Их хаадын дүрийг гаргахад хэцүү байв уу. Хубилай хаанд л гэхэд өмнө нь тоглосон Чингис хааны дүр давтагдах гээд л...?
-Хүний түүхэнд гайхагдсан их үйл хэргийг бүтээсэн ч өөр өөрсдийн гэсэн хувь тавилантай хүмүүсийн дүрийг бүтээсэн болохоор тэр тал дээр тийм хэцүү байгаагүй ээ. Кинонд тоглохоос өмнө Монгол үндэстний түүхийн холбогдолтой ном их уншдаг байсан. Тийм болохоор надад хэцүү, хүнд зүйл тулгарч байгаагүй.
Эх сурвалж: “Sky team” сэтгүүл
Сэтгэгдэл ( 4 )
Үнэхээр тансаг кино
ТАНЫ ТӨМӨР ХААНЫ ТУХАЙ БАРИМТАТ КИНОГ ҮЗСЭН--------ДОЛОНТ ӨМӨР ХААН ---ТАЛЫН АРХИТЕКТОР ГЭДЭГ БАРИМТАТ КИНОГ ҮЗСЭН
ЭНЭ КИНООГ ЧИНЬ ҮЗЭЖ ЧАДАХГҮЙ АНГИ БОЛГОН ДЭЭР УЙЛСАН ШҮҮ --------ТАНЬДАА МАШ ИХ БАЯРЛАЛАА------------ ---АРАВТ-Д МАШ САЙХАН СЭТГЭГДЭЛ ТӨРСӨН ШҮҮ-----------МИНИЙ МАХ, ЦУС МӨН БАЙСАН
Hariin hunii nudeer l harj yariagaa ugsun baina, hiliin tsaana baigaa mognolchuud mongoloo aldajee