“Хөл нүцгэн дээрэмчин”-ий үйлдсэн гэмт хэрэг зохиолч, киночдын хорхойг гозгонуулж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 20

"Хөл нүцгэн дээрэмчин" хочоороо танигдсан 20 настай америк залуу Колтон Харрис-Мур өөрт тулгаж буй долоон зүйл анги хэргийг бүгдийг нь үйлдсэнээ хүлээн зөвшөөрчээ. Тэрээр гэмт хэрэг үйлдэхдээ хөл нүцгэн явдаг байсан аж. Харрис-Мур банк дээрэмдсэн, агаарын хөлгөөр муж хооронд хууль бус тээвэр хийсэн, хулгайлсан зэвсгээ тээвэрлэсэн, хууль бусаар галт зэвсэг олж авсан, зохих зөвшөөрөлгүйгээр нисэх онгоц жолоодсон зэрэг гэмт хэрэг үйлдсэн юм. Мөн шүүхтэй байгуулсан гэрээ ёсоор Харрис-Мур гэмт хэргийн түүх, адал явдлаа ном, кино болгож орлого олохыг зөвшөөрчээ. "Хөл нүцгэн дээрэмчин"-ий түүхийг кино болгож "мөнгө босгох" асуудал нэлээдгүй шуугиан тарьж байна. Харрис-Мурын үйлдсэн гэмт хэрэг зохиолч, киночдын хорхойг гозгонуулж байна. Шүүхээс гэмт хэргийн түүхээ зарахыг зөвшөөрсөн тул одоо бүх эрх Колтон Харрис-Мурт үлдэж байгаа аж. Гэвч тэрээр үйлдсэн гэмт хэргээ ном, кино болгох сонирхолгүй байна хэмээн өмгөөлөгч нь мэдэгдлээ. Колтоны учруулсан хохирол 1.5 сая доллараар үнэлэгдэж байгаа юм. Түүний шүүх хурал 2011 оны аравдугаар сарын 28 -нд болох бөгөөд 5-6 жилийн ял оноохоор төлөвлөжээ. "Хөл нүцгэн дээрэмчин" 2010 оны долдугаар сард АНУ-ын нутаг дэвсгэрээс хулгайлсан агаарын хөлгөө жолоодон Багамын арал дээр буухад нь цагдаа нар гавтай тосч авчээ. Түүнийг Багамын аралд хууль бусаар нэвтэрсэн хэмээн үзэж 300 доллараар торгох шийдвэр шүүхээс гарсан аж. Харрис-Мурыг суллахаар зэхэж байснаа гэнэт больж АНУ руу шилжүүлсэн юм. Колтон 2008 онд хулгайн хэргээр гурван жилийн ял эдэлж байхдаа шоронгоос оргосон юм. 2010 оны зун эргэн баривчлагдах хүртлээ цагдаа нараас нуугдаж, машин техник хулгайлан мужаас мужийн хооронд гүйдэг байжээ. Тэрээр компьютер дээр онгоц жолоодох тоглоомын (avia-simulator) тусламжтайгаар агаарын хөлөг жолоодож сурсан байна. Харрис-Мур 12 насандаа гэмт хэрэг үйлдэн баривчлагдаж байжээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top