...Чиний төлөө тулгасан хундага дарс, Миний сэтгэлийн охь байна гэдэгт итгэ...

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 20

Zindaa.mn сайт яруу найргийн буландаа  Мөнгөн үеийнхний бүтээлээс сорчлон нийтэлж байгаа билээ.

Найраг шүлгийн уянгын цэнхэр давалгаа мөнхөд нудран долгилж, бадан өргөх болтугай!

 

Өнгө төгөлдөр цэцэг бүхэн үнэр ялдам байдаггүй

                                                                                     Ж.Батбаатар

 

Ээждээ захидал бичмээр

 

Умрын хонгор салхинаа гандах

Уд модны навч шиг гунихдаа би

“Амраг хүү чинь сайн явнаа” гэж

Алсад суугаа ижийдээ захидал эхэлдэг

Дээвэр ч үгүй, туурга ч үгүй орчлонд

Дээл мэт, цамц мэт нөмрөх

Дэндүү уйтгарын мананг

Дээдийн гэрэлт ижийн тухай бодол л

Дэлхийн хавар адил ариусгадаг

Жирмийн сүлжээ шиг амьдралын

Жингийн цуваа шиг урсгалд

Эгэл эрхэмсгийн хязгаар

Ижий тал хоёртоо би

Яарч, догдолж очдог

Наргил, шаргал оддын

Үүмгэр, сүүмгэр гэгээн дор

Ийм нэг аз жаргал байдаг

Ижийдээ ботго таварч очих шиг

Ихийн их жаргал байдаг

Энэрэл, ухаарлын дуу

Ижий, тал хоёроосоо би

Эргэцэж, хоргодож буцдаг

Наран, саран хоёрын

Үйлгүй тунгалаг гэрэл дор

Ийм нэг гуниг байдаг

Ингэн тэмээ жинд одох шиг

Ихийн их гуниг байдаг  

Умрын хонгор салхинаа гандах

Уд модны навч шиг гуниглаад

Алсад суугаа ижийдээ би

Захидал бичин тайтгардаг аа

 

 

Учрал хэмээх арван дөрөвт

 

Гадсаа тойроод ботго дуулж өнждөггүй

Газар холоос ижийгээ санаад уйлж өнждөгт итгэ

Сэлэнгийн их усан мэт дуусашгүй

Сэтгэлийн сайханд мөхөл байдаггүйд итгэ

Шаагисан борооноор үл таних нэгэнд цуваа өмсгөөд

Шалба норсон ч тэнгэр гийж, нар гарна

Үг зөрж, хэн нэгэнтэй эвдрэлцлээ ч

Үхлийг сөрж, хамтдаа тэмцэх цаг ирнэ

Аз жаргалаа бусдад түгээгээд лаа шиг дууссан ч

Ариун үхэл гэж бүгдээр дуун алдах болно

Чиний төлөө тулгасан хундага дарс

Миний сэтгэлийн охь байсан гэдэгт итгэ

Зуур, зуурхан жаргаах зуны сар уртхан ч

Зузаан дээлтэй жиндээх намар ирдгийг сана

 

Хиргүй тунгалаг нарны дэргэд

 

1.Эндүүрэл

Янагийн минь үсийг илбэж

Ялдам цагаан хүзүүг нь таалаад

Яасан дураар юм бэ, салхи аа 

Хүний бүсгүй үр юмсан

Хошуу дамнуулж авчирсан юмсан

Хоёулаа жаргах гэж шийдсэн юмсан

 

2.Учирлал                                                           

Эрхэмсэг юм бэ, найрагч аа

Ээ дээ, гэнэн ч сэтгэл бол доо!

Ээж байгалийнх нь амьсгал байхгүй юу

Эрх охиноо өхөөрдсөн юм байхгүй юу

 

З.Эндүүрэл

Энхэр гоо түүний минь

Энгэр хотоор  шургаад

Эрээгүй юм бэ, сарны гэрэл ээ

Нуурын ангир шиг бүсгүйг

Нутгаас нь босгож ирсэн юмсан

Наадан суух гэж ярьсан юмсан

 

4.Учирлал

Аядаж сонсооч, найрагч аа

Андуу, эндүү ч сэтгэл бол доо!

Аав тэнгэрийнх нь хайр байхгүй юу

Аргадаж охиноо энхрийлсэн юм байхгүй юу

 

5.Ухаарал

Хиргүй тунгалаг нарны дэргэд атлаа

Гуниггүй сайхан тэр минь

Хиртээж эндүүрсэн бодол байжээ

Гэгээн байгалийн охин байжээ

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top