Цэндсүрэнгийн Түмэнгэрэл
Бэсүд овогтой Ц.Түмэнгэрэл 1966 онд Улаанбаатар хотноо төрсөн. Монголын Зохиолчдын Эвлэлийн "Утга зохиолынтөлөө" шагналт, Үйлдвэр худалдааны яамны "Тэргүүний ажилтан", Байгаль орчны яамны "Тэргүүний ажилтан", "Алтан гадас" одонгоор шагнуулжээ
Тооны ухаан
-Жанчив ах аа, би тантай явья.
-Үгүй ээ, би явна
-Би бас явна.
-За,за бүгдээрээ цуг явна. Сүүлийн үед манайд амьдрах болсон, байнгын хөгжилтэй байх боловсон байрын ах биднийг бүгдийг нь дагуулан Туул гол руу явлаа. Халуун өдөр байсан тул Туулын эргээр дүүрэн хүнтэй. Бид хэсэгхэн чөлөө олж аваад гэрээс авч гарсан орны бүтээлгээ дэвсэж авав. Бүгд хувцсаа тайлаад голын ус руу уралдан орцгоолоо. Жанчив ах ч бидний дунд орон бужигналдав. Голын усыг хага яран сэлэх хүдэр чийрэг энэ эр бидний аав болох юм гэсэн. Жанчив ах бидний ойлголтоор барилга барих зураг зурдаг ажилтай. Хүүхдэд их хайртай хүн шиг байна, чамд хань болох байх хэмээн ээжид ах нь ярихыг би сонссон. Үнэхээр ч бидэнд их сайн бөгөөд өөрийнхөө амьдардаг нийтийн байранд биднийг нэг нэгээр нь дагуулж аваачин хонуулдаг билээ. Олон сайхан ах нартай найз. Найзууд нь биднийг өхөөрдөж чихэр, жимс өгөх нь энүүхэнд. Ялангуяа, надад их сайн. Намайг дагуулж ресторанд ороод, өөртөө пиво захиалж, надад сүүтэй будаа авч өгөөд тухлан сууна. Надтай янз бүрийн юм ярилцаж, намайг юм ярихад үнэн санаанаасаа анхааран сонсоно. Намайг миний хүү гэж дуудна. Сургуульдаа сайн сураарай. Нэгдүгээр ангиасаа л онц сурах хэрэгтэй. Ээж чинь их сайхан хүн шүү дээ. Танай ах, эгч нар их хөөрхөн хүүхдүүд шүү. Би чиний аав болбол чи намайг “ааваа” гэж дуудах уу гэх мэтчилэн ярилцана. Би ааваа гэж дуудах гээд нэг л хэл ам эвлэдэггүй байлаа. Миний аав намайг өлгийтэй байхад минь осолдсон ч миний бяцхан ухаанд түүнээс өөр аав багтахгүй байсаар гурав дахь хойд аавтайгаа учирч байгаа минь энэ.
Бид шумбаж уралдахаар боллоо. Жанчив ах биднийг хоёр хоёроор нь хувааж өөрөө дохио өгөн уралдуулна.Би эгчтэйгээ уралдахаар болж урсгал даган усан доогуур самарч гарлаа. Амьсгал авахаар дээшээ гарах гэтэл цүнхээлд таарчихжээ. Толгой минь доошоо, хөл минь дээшээ эргэж хамраар ус орон хахаж цацаж эхэллээ.Тэрхэн зуур аав минь үерийн усанд яг ингэж үхсэн байх даа гэж бодов. Тэр ч байтугай аав хүү хоёрт адилхан үхэл тохиолддог юм байна ч гэж бодож амжив. Хайртай хүмүүс минь нүдний өмнүүр жирэлзэж бие минь суларлаа...
"Азтай хүүхэд байна" гэх хүмүүсийн яриа тэртээд сонсогдож "Амраа сэргээрэй, хүү минь" гэх Жанчив ахын дуу тодорлоо. Эгч, ах нар маань уйлалдан, дүү маань гайхсан царайтай бүлтийж зогсоно.Цээж гашуу оргин хамар янгинан өвдөнө.
Гэртээ ирээд удаагүй байтал ах, эгч нар ээжид алтан хошуу өргөв. Ээж Жанчив ахыг загнана. Хэрэг тарьсан жаахан хүүхэд мэт баахан дуугүй сууснаа босч, намайг дагуулан гэрээс гарав.
-Амраа, чамд аймаар байв уу?
-Тийм ээ, Жанчив ах аа
-Чи дахиж гол руу явах уу ?
-Явнаа.
-Чи тоо тоолж чадах уу?
-Чадалгүй яахав. Би намар сургуульд орно шүү дээ.
-Амраа, Жанчив ахаа гэхэд хэдэн үсэг орох вэ?
-Арван үсэг
-Харин ааваа гэхэд
-Таван үсэг
-Алинд нь цөөхөн үсэг орж байна
-Ааваа гэхэд
-Тэгээд чи намайг яагаад дандаа Жанчив ахаа гэдэг юм. Үүнээс хойш намайг ааваа гэж дуудаж байвал амар юм биш үү. Бүхэл бүтэн таван үсгээр бага байгаа биз дээ
-Нээрээ тийм байна, аав аа
Амнаас минь анх удаа гарсан ааваа гэдэг энэ үг. Хэлд орсноос минь хойш хэлүүлэх гэж оролдсон тэр олон хүнээс хэлүүлж чадсан ганц хүн. Энэ явдлаас хойш өөр хэнийг ч ааваа гэж дуудах шаардлага надад гараагүй билээ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )