Олон улсын чихрийн шижингийн холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санаачилгаар 1991 оноос хойш жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-нд Чихрхийн шижинтэй тэмцэх Дэлхийн өдрийг тэмдэглэдэг.
Энэ өдөр цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг даавар буюу инсулинийг нээсэн Канадын эмч Фредерик Бантингийн төрсөн өдөр.
Чихрийн шижин нь нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин гаргаж чадахгүй эсвэл бие организм инсулинийг үр дүнтэй ашиглаж чадахгүй үед үүсдэг архаг өвчин. Одоогоор хоёр хэлбэрийн чихрийн шижинг шинжлэх ухаан тодорхойлоод байна. Инсулинээс хамааралтай нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижингээр гол төлөв 30 хүртэлх насны залуус өвддөг бол инсулинээс хамааралгүйг хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин гэдэг байна.
НҮБ-ын мэдээллээр, сүүлийн 20 жилд чихрийн шижинтэй хүмүүсийн тоо гурав дахин өссөн байна. Олон улсын чихрийн шижингийн холбооны мэдээллээр, дэлхий дахинд нийт 463 сая гаруй хүн ийм өвчнөөр шаналж байна. Тэдний ихэнх нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй бөгөөд ийм өвчтэй хүмүүсийн хоёр хүн тутмын нэг нь чихрийн шижинтэй болсноо мэддэггүй байна.
Чихрийн шижинг оновчтой эмчлэхгүй бол хараагүй болох, гар, хөлөө тайруулах, бөөрний дутагдал, зүрхний шигдээс, цус харвах зэрэг хүндрэл үүсдэг байна.
Чихрийн шижинг одоогоор бүрэн эмчилж, эдгэрэх боломжгүй байгаа ч хянах боломжтой. Амьдралын идэвхтэй, эрүүл хэв маяг хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинг зогсоох боломжтой аж.
Сэтгэгдэл ( 0 )