Япон дахь Монголын докторант, судлаачдын нэгдсэн форум боллоо

2020 оны 11 сарын 24

Япон улс дахь докторант, судлаачдын бүлгэмийн эрдэм-шинжилгээний Нэгдсэн форум “ЭХ ОРНЫ ХӨГЖИЛД ШИНЖЛЭХ УХААН” уриан дор өчигдөр /2020.11.23/ гурав дахь удаагаа зохион байгуулагдлаа.

Япон дахь докторант, судлаачдын бүлгэм нь  Япон улсын өнцөг булан бүрт сурч төгссөн болон одоогоор суралцаж буй шинжлэх ухааны салбар бүрийн 241 докторант, судлаачдыг нэгтгээд буй бөгөөд 2016 оны 5 сард байгуулагдсанаас хойш жил бүр Токио хотноо эрдэм шинжилгээний форумаа хийж ирсэн байна.

Энэ жилийн хувьд Япон улсад үүсээд буй Ковид 19 цар тахлын нөхцөл байдлын улмаас уламжлалт хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тул энэ удаагийн хурлаа интернет орчинд онлайнаар Осака хотоос зохион байгуулагдсан ба тус форумд нийт 239 хүн оролцжээ.

Форумын гол зорилго нь доктор, докторантууд эрдэм шинжилгээ-судалгааны ажлаа танилцуулан илтгэл тавих, салбар салбарын түүчээ болж яваа эрдэмтдийн  туршлагыг сонсож суралцах, хэлэлцүүлэг өрнүүлэх зэргээр бие биетэйгээ танилцан, харилцаа холбоогоо тэлэх, шинээр төсөл-судалгаа санаачлах, цаашид хамтран ажиллах боломж бий болгоход чиглэдэг. 

Форумын зочин багшаар Япон улсын  Цүкүба Их сургуулийн профессор, Монгол улсад олон жил судалгаа хийж ирсэн хөрс судлаач Тамура Кэнжи “ Корона вирус ба Япон дахь сургуулийн амьдрал” сэдвээр мөн  Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн Нээлттэй боловсролын төвийн захирал, профессор Д. Ганбат “Боловсролд гарч буй өөрчлөлт. Нээлттэй боловсролын нөлөө” сэдвээр илтгэл тавьж оролцжээ.

Энэ жилийн форум нь “Нэгдсэн” болон “Тусгай” хэмээх 2 хэсэгтэй бөгөөд нэгдсэн хэсгээр салбар салбарын судлаачдын илтгэлийг ,тусгай хэсгээр дэлхий дахины тулгамдсан асуудал болж буй “Ковид-19” цар тахлыг тойрсон зарим асуудлыг хөндсөн  бөгөөд үүнд Америк , Солонгос, Япон, Монгол улсаас судлаач, эрдэмтэд оролцон Боловсрол, Сувилахуйн Ухаан, Нийгмийн Ухаан зэрэг салбарын судалгаа болон практик арга хэмжээний талаар мэдээлэл хийж, санал бодлоо солилцсон юм.

Жил болгоны Форумыг амжилттай зохион явуулахад Монгол улсаас  Япон улсад суугаа Элчин сайдын яам, ГХЯ болон манай улсын оюутнуудын суралцаж буй Японы их дээд сургууль, Япон дахь монгол холбоод дэмжин, хамтран ажиллаж ирсэн бол энэ жилийн хувьд БШУЯ мэдээллийг түгээн дэмжин оролцсон  нь олзуурхууштай байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top