Гэдэсний савханцар горхиноос илэрчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 21

Германд гэдэсний халдварт өвчин дэгдээсэн аюултай савханцар тус улсын Майны Франкфуртын Эрленбах хотын ойролцоох горхины уснаас илэрлээ. Энэ тухай Гессен мужийн нийгмийн хамгаалал, хүрээлэн буй орчны яамны төлөөлөгчийн мэдээлснээс иш татаж FAZ сонинд бичжээ. Уг горхи өмнө нь навчнаас нь аюултай бактери илэрсэн салат тарьж ургуулдаг фермийн дэргэдүүр урсдаг байна.

Тус яамны төлөөлөгчийн хэлснээр горхи ус дамжуулах системд ордоггүй учраас ундны ус бохирдох аюулгүй ажээ. Гэсэн хэдий ч горхитой ойролцоо оршдог фермийн хоёр аж ахуйд горхины усыг аж ахуйн зорилгоор ашиглах, тэрчлэн энэ горхины усаар угаасан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхийг хориглосон байна. Ямар замаар бактери горхины усанд орсон нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ.

Гессений хүрээлэн буй орчны яамны таамаглаж байгаагаар цэвэрлэх байгууламжаас нян тархсан байж болзошгуй байна. Хамгийн сүүлийн мэдээгээр Германд тавдугаар сараас эхлэн аюултай халдварт өвчнөөр өвчилсөн 3304 тохиолдол бүртгэгдэж, 38 хүн нас баржээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top