Медведев, Путин хоёрын хэн нь нэрээ татах вэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 21

ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев айсуй сонгуулийн талаар санал бодлоо илэрхийлсэн байна. Тэрбээр ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой гэдгээ мэдэгдсэн ч Ерөнхий сайд Владимир Путины талаар сонирхолтой мэдэгдэл хийжээ. Д.Медведев "Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд би өөрийн нэрийг дэвшүүлэх нь зүй ёсны хэрэг юм. Гэхдээ ноён Путинтэй хамт дэвшихгүй. Өөрөөр хэлбэл, бид хоёр сонгуульд нэгэн зэрэг нэрээ дэвшүүлж, хоорондоо өрсөлдөх нь улс орны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх болно. Хэрэв өрсөлдвөл ард түмэн хагаралдаж, дотоодын аюулгүй байдалд ноцтой хор хөнөөл учирч болзошгүй. Энэ нь Ерөнхий сайд бид хоёрын дунд хувийн зөрчил байна гэсэн үг биш юм. Бид хоёр тэс өөр хүн учраас ямарваа нэгэн асуудалд хандах өнцөг өөр байдаг. Эцсийн эцэст чухам хэн Ерөнхийлөгч байх нь чухал биш. Үр дүн нь гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн уур амьсгалд сөргөөр нөлөөлөхгүй байх нь чухал" хэмээжээ. Д.Медведев Ерөнхий сайдтай хамт өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн ч чухам хэн нь нэрээ татах вэ гэсэн асуултыг нууц хэвээр үлдээв. Тэрбээр АНУ-тай харилцаагаа хэвээр үлдээж, Цагаан ордны тэргүүний сонгуульд Барак Обамаг дэмжиж буйгаа нуулгүй хэлжээ.

Эх сурвалж: Өдрийн шуудан сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top