Израилийн Йерусалим хотын шүүх нохойд алах ял оноосон явдлыг өрнөдийн орнууд ихэд эмзэглэн хүлээн авлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр энэ тухай дуулиан дэгдэж, амьтны эрхийг хамгаалагч байгууллагууд үүний эсрэг тэмцэхээ илэрхийлсэн байна.
Хэрэг явдал Израилийн шашны "Бэ Хадрей Харедим" сайтад энэ сарын эхэнд гарсан мэдээллээс үүдсэн юм. Үүнд нийслэлийн шүүгч Авраам Дов Левин тэнэмэл нохойг эрүүгийн хуулиар шийтгэхээр болсон тухай мэдээлсэн байна. Тэрбээр чухам ямар учраас нохойд ялын дээд хэмжээ оноох болсон нь учиртай гэнэ. Хотын шүүхэд 20-иод жилийн өмнө ажиллаж байсан нэгэн өмгөөлөгчийг шүүхийн тогтоол гүйцэтгээгүй тул ажлаас нь чөлөөлжээ. Ажилгүй болсон өмгөөлөгч ихэд бухимдаж, "Шүүхийн байранд дахиж ирээд үүрд үлдэх болно" хэмээн заналхийлээд явсан аж. Тэрбээр хэдэн жилийн дараа өөд болсон ч шүүгч Авраам Дов Левин түүний хэлснийг огт мартаагүй болохоо саяхан харуулжээ. Тэрбээр шүүхийн байранд ороод огт гарахгүй байсан хээлтэй нохойг өнөөх өмгөөлөгчийн сүнс хэмээн үзэж, хатуу шийтгэхээр шийдсэн аж. Нохойг хөөвч гарахгүй байсан тул шүүгч хүчээр гаргаж, чулуугаар цохиж алахыг тушаажээ. Гэвч нохой шүүхийн шийдвэрийг сонссон мэт гараад гүйсэн байна. Еврейчүүдийн дунд нохойг муу ёрын амьтан гэж үзэх тохиолдол цөөнгүй байдаг аж.
Эх сурвалж: Өдрийн шуудан сонин
Сэтгэгдэл ( 0 )