Zindaa.mn сайт яруу найргийн буландаа Мөнгөн үеийнхний бүтээлээс сорчлон нийтэлж байгаа билээ.
Найраг шүлгийн уянгын цэнхэр давалгаа мөнхөд нудран долгилж, бадан өргөх болтугай!
Хүмүүсийн дунд орохоосоо өмнө тэднийг гаднаас нь эхлээд харах нь юунаас ч чухал
Б.Батрэгзэдмаа
Цөхрөлийн зүүд
Энэ орчлон гэгчид удаан амьдрах юутай утгагүй
Ээжид минь бүү сонсогдог
Нартай бороо шиг уйлсан сан
Надад одоо түүнээс дусал ч нулимс алга аа
Үлгэр зүүдэлж өдөлсөн сөн
Үнэн сэтгэл хаа ч алга аа
Өндгөө сэтэлж
Үүрнээсээ нисээд яах юм бэ?
Мөчиргүй модонд жигүүргүй шувуу мэт сууж
Мөрөөдлөө хиртүүлж
Сүүдрээ тээх шиг зовлон алга аа
Нарны галанд сүнс минь
Гал унаганд хувилж
Насад бодь модны мөчир дор
Хүний сайхан ижийгээ зүүдэлж
Одод хярлах тэнгэрт
Сэтгэл амгалан үүрсчихээд
Огторгуйн цэнхэр заадлаар
Толгой өөдрөг давхихсан
Ижийнхээ зовлонд хагацал нэрмэчихээд
Эрхгүй дураар давхиж бас үл чаднам би
Хааны удам
Битүү тамхины утаатай
Бүүдгэр шар айрагны газарт
Бүрсгэр эрчүүд ууж сууна
Булангийн сандалд нэгэн эр
Бусдаасаа зожигдуу сууна
Этгээд тэр эрийг хараад
Эрхгүй би малгайгаа авлаа
Нэг л сайхан гэрэл гэгээнд нь
Нэгэнтээ би алмайрч орхилоо
Азийн жартгай хүрэн нүдэнд нь
Амгалангийн шинжгүй
Тасалгаанд буй ч
Талынхны зангаар
Алсад харц нь одоод
Ахуйг орхих мэт...
Янжууртай гар цагаан
Язгууртны сүр тэнэж байна!
Олны дунд дарсны мухлагт
Онцгой содон байна
Санахын агшин
Аргалын хөх нурам шиг уулс тэртээ хөглөрөөд
Агар зандан наран гал шиг дээгүүр нь гүйгээд
Босоо үүлс утаа шиг суунаг татаад
Борцтой цайны үнэр тэндээс ханх тавиад
Би ижийгээ санажээ
Голын бургас гүйгүүл зэрэглээнд адуу шиг давхиад
Ганц нэг өндөр хайлаас адуучин шиг үзэгдээд
Намхан, намхан толгод ногттой унага шиг цовхчоод
Намрын айраг салхинд амтагдаад
Би ижийгээ их санажээ
Хун цэн шувуу хэвтээ шагайг бостол ганганаж
Хунгар цас яргуйн үнэгчлээнд өмөлзөн уйлаад
Тэнгэр өргөөд ирэх хүүгээ харуулдаж суугаа ээж минь
Тэртээх уулын оройг сэтэлчих шиг санагдаад
Би ижийгээ их санажээ
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )