Сүүлийн жилүүдэд дэлхийн улс төрийн тавцан эмэгтэйчүүд ихтэй байгаа. Энэ жил ч мөн адил. АНУ-д анх удаа дэд ерөнхийлөгчөөрөө эмэгтэй хүн сонголоо (албан ёсоор ажилдаа ороогүй байгаа), Грек, Молдавд эмэгтэйчүүд Төрийн тэргүүн болсон гэх мэтээр тэгш эрхийн төлөөх тэмцэл үр дүнд хүрж байгааг харуулсаар байна. Ингээд 2020 онд гялалзсан эмэгтэй улстөрчдийг танилцуулж байна.
Камала Харрис
Түүний нэрийг дэлхий дахин анх наймдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Байден Дэд Ерөнхийлөгчөөр томилно гэж зарлахад сонссон билээ. Харин Байден сонгуульд ялсны дараа бүх дэлхий түүний талаар ярьж эхэлсэн юм. Камила Харрис бол Калифорны Ерөнхий прокуророор ажиллаж байсан, улс төрөөр нэлээд хэдэн жил хөөцөлдөж байгаа эмэгтэй. 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж, сонгуулийн сурталчилгаагаа амжилттай эхлүүлсэн ч хөрөнгө мөнгө дутагдан, татгалзахаас өөр аргагүй болсон. Ингээд Жо Байдены багт орсон түүхтэй. Тэрээр Байденыг сонгуульд ялсны дараа “Түүний ялалт бол Америкийн бүх ястан, үндэстний эмэгтэйчүүдийн гавьяа юм. Тэд эрх чөлөө, тэгш эрхийн төлөө амьдралаа золиослон тэмцсэн. Би анхны дэд ерөнхийлөгч эмэгтэй болсон ч сүүлийнх биш. Өөр олон эмэгтэй энэ албан тушаалыг эзлэнэ гэдэгт итгэж байна” гэж хэлж байлаа.
Камала нэгдүгээр сарын 20-нд ажилдаа орно. Тэр анхны эмэгтэй төдийгүй анхны хар арьстан, анхны Өмнөд Ази гаралтай дэд ерөнхийлөгч болж байгаа юм.
Женнифер Псаки
Женнифер Псаки хэмээх 42 настай бүсгүйн нэр хэдэн жилийн өмнөөс олны анхаарлын төвд орсон. Тэр Барак Обамаг сенатор байхад нь хэвлэлийн албыг нь тэргүүлж байсан бөгөөд Обамаг 2008 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялахад Хэвлэлийн албаных нь дэд дарга, 2013 онд АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгчөөр сонгогдож байв. Сүүлийн хэдэн жил CNN телевизэд улстөрийн тоймчоор ажилласан. Одоо тэр Төрийн нарийн бичгийн даргын албанд яригдаж байгаа.
Светлана Тихановская
Наймдугаар сард Беларусын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс өрсөлдсөн Светлана Тихановская жинхэнэ ард түмний баатар болоод байна. Уг нь түүний нөхөр энэ сонгуульд өрсөлдөх байсан ч эрх баригчид бүртгэхээс татгалзсан төдийгүй баривчлан хорьсон юм. Светлана сонгуульд 10 хувийн санал авч, 80 хувийн саналтай Лукашенкод ялагдсан ч Засгийн газраас сонгуулийн дүнг будлиулсан гэж үзсэн ард түмний хөдөлгөөн одоо ч намжаагүй байна. Сонгуулийн дараа баривчлагдахаас эмээсэн Светлана одоо Литвад улстөрийн тэмцлээ үргэлжлүүлж байна.
Майя Санду
Нэг сарын өмнө Молдавын Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхий сайд асан, сөрөг хүчний тэргүүн 48 настай Майя Санду ялалт байгууллаа. Майя Молдавын түүхэн дэх анхны эмэгтэй Төрийн тэргүүн болсон. Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлын зөвлөхөөр ажиллаж байсан мэдлэг боловсролтой бүсгүй. Таван жилийн өмнө улстөрд орж, шинэ нам байгуулсан юм. Санду өмнөх ерөнхийлөгчөөсөө ялгаатай нь ОХУ-ын тал биш Европын холбоог дэмждэг хүн.
Катерина Сакелларопулу
Энэ жил Грек улс мөн түүхэндээ анхны эмэгтэй Ерөнхийлөгчөө хүлээн авлаа. 64 настай Катерина Сакелларопулу хуульч мэргэжилтэй. Тэр байгаль орчны төлөө цогтой тэмцэгч гэдгээрээ алдартай. Мөн иргэний эрх чөлөө, тэгш эрхийн төлөө ажиллана гэдгээ амалсан.
Наная Махута
Шинэ Зеландын анхны эмэгтэй Гадаад хэргийн сайдыг Наная Махута гэдэг. Нутгийн уугуул үндэстэн маори гаралтай. Нүүрэндээ шивээстэй түүний зураг энэ жил дэлхийн ихэнх хэвлэл дээр гарлаа. Шинэ Зеландын парламентад эрэгтэй, эмэгтэй гишүүдийн тоо тэнцүү байдаг.
Санна Марин
Финландын Ерөнхий сайд бүсгүй Санна Марин энэ жил 34 настай. Тус улсын хамгийн залуу Ерөнхий сайд. Томилгоо өнгөрсөн жил болсон ч Санна энэ жил дэлхийг гайхуулах олон зүйл хийсэн. Нэг жишээ авахад тэр Trendi сэтгүүлд зураг авахуулахдаа нүцгэн биен дээрээ пиджак өмссөн байлаа. Түүнийг янз бүрээр шүүмжилсэн ч Санна энэ бол эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцлийн нэг хэлбэр гэж хариулсан юм.
Мари Ко
55 настай Мари Ко Францад хотын дарга болсон анхны трансжендер эмэгтэй. Өнгөрсөн хавар тэр Энэ жилийн Тиллуа-ле-Маршьен хотын дарга болсон юм. Хотын иргэд дарга нь трансжендер байх хамаа байхгүй, хамгийн гол нь ажлаа хийж чаддаг байх гэж үзэж байна. Ко ч өөрөө гол ажлаа бэлгийн цөөнхий эрх ашгийн төлөө тэмцэл биш эколог, эдийн засаг гэж үзэж байгаа юм.
Сара Макбрайд
АНУ-д түүхэнд анх удаа бас нэгэн үйл явдал болсон нь трансжендер эмэгтэй сенатад сонгогдсон. 30 настай Сара Макбрайд Делавэр мужийн сонгуульд 90 хувийн саналаар ялалт байгуулсан. Жо Байдены хүүтэй хамт Прокурорын газарт ажиллаж байсан. Гол ажлаа тэр иргэдийн эрүүл мэнд гэж тодорхойлсон.
Петра Де Суттер
Бельгид Шадар сайдын албан тушаалд мөн л трансжендер эмэгтэй сонгогдлоо. 57 настай Петра Де Суттер Европ тивийн анхны трансжендер сайд болсон юм.
Сэтгэгдэл ( 1 )
horvoo delhii haashaa ybaad bna daa. baahan hvvhen bolson erchuud l odoo moda bolj bgaa ni teneglel es surtahuunii unalt ch dee..