
Коронавирусний шинэ төрөл Их Британи төдийгүй Европын бусад орнуудад ч бүртгэгдээд байна. Түүнчлэн коронавирусний шинэ төрлийн эсрэг вакцин хэр үр дүнтэй вэ? гэдэг асуулт анхаарал татаж буй. Тэгвэл эрдэмтэн, судлаачдын зүгээс ямар ч байсан ойрын ирээдүйд үр дүнтэй гэсэн хариулт өгч байна.
Дэлхийд тэргүүлж буй гурван төрлийн вакцин коронавирусний уургийн эсрэг бие организмын дархлааны хариу урвал бий болгож байна. Эдгээр вакцин нь дархлааны тогтолцоог вирусний бүхий л хэсгийн эсрэг үйлчлэхэд чиглүүлж байгаа тул вирусний тодорхой хэсэг мутацад орсон ч үр дүнтэй хэвээр байх гэнэ. Гэхдээ хэрэв бид хэд хэдэн мутацыг анзааралгүй өнгөрөөвөл асуудал гарч ирнэ гэж эрдэмтэд сэрэмжлүүлж байна.
Энэ вирус вакцины бий болгож буй хамгаалалтаас аль болох зайлахыг эрмэлзэж байна. Үүний тулд хэд хэдэн алхам хийсэн гэж эрдэмтэд онцолжээ. Вакцин үйлчлэхгүй болтол вирус мутацад орох боломжтой. Коронавирусний шинэ төрөл илүү олон тооны хүнийг халдварлуулах чадвартай болж дасан зохицож байгаа нь айдас төрүүлж байна. Энэ вирус вакциныг эсэргүүцэх чадвартай мутантыг бий болгох чадвартай байх магадлалтай байна гэж Глазгогийн их сургуулийн профессор Дэвид Робертсон дүгнэжээ. Энэ тохиолдолд бид томуугийн вакциныг байнга өөрчлөх шаардлагатай байдаг шиг тийм нөхцөл байдалд орно гэж тэрбээр үзэж байна. Азаар коронавирусний эсрэг гаргаж авсан вакцинуудыг өөрчлөхөд хялбар гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )