ОЛОН ӨНГӨ: Нэг монгол эр хүн ч хайран

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 25

Монгол Улсын хүн амын тал хүрэхгүй хувийг эрчүүд эзэлдэг. Тэдний дундаж наслалт олон улсынхаас бага буюу 66 гэсэн статистик тоон үзүүлэлт бий. Бусад оронд 74-84 насыг эрчүүдийн дундаж наслалт гэж үзэж байна.

Монголчууд хөвгүүдээ чанга хатуу, сэтгэлийн хаттай өсгөж хүмүүжүүлдэг. “Эр хүн уйлдаггүй юм” гэж нулимсыг нь хорьж, “эр хүн алдаж болохгүй” гэж сэтгэлийг нь чангалсаар дотогшоо нурсан чимээгүй шаналсан нэгэн болгоод байх шиг Эрчүүдийг хүчирхийлэгч, архичин, ажилгүй гэх зэргээр өөчлөн муучлах олон шалтгаанууд нийгэмд хөвөрсөөр буй боловч яагаад ийм болох болов гэдэг уг урхагийг нь хэн ч бодож үздэггүй. Магадгүй тэд багаасаа эцэг, эхийн халуун дулаан хайр халамж мэдрээгүй, хүмүүст дээрэлхүүлж, зодуур амсаж өссөн бол ямар хүн болж төлөвших вэ.

Басхүү охидынхоо боловсролд анхаараад хөвгүүдээ орхигдуулчихдаг нь нууц биш. Эмэгтэйчүүд эрчүүдээс хайр халамж, мөнгө төгрөг нэхдэг хэр нь өөрсдөө эр нөхрийнхөө дотоод сэтгэлд юу эргэлдэж, юу эмзэглүүлж байдгийг уудалж үзсэн болов уу. Улс орны ноён нуруу, хөдөлмөрийн хөдөлгөгч хүч, айл гэрийн өмөг түшиг, алаг үрсийн элбэрэлт аав болсон эрчүүд минь өдөрт хэдэн арваараа хорвоог орхиж байгаа нь харамсалтай. Хамгийн сүүлийн жишээ дурдахад загасанд явсан таван сайхан залуу газын хийнд угаартаж амь алдлаа.

Самарт явсан эрс ч ууланд алтан амиа алдсаар л байна. Уурхайн тоос манарсан зам дээр нүүрс тээвэрлэсэн машинууд мөргөлдөж жолооч золгүй байдлаар амь эрсэддэг гашуудалтай явдал сэтгэл сэмлэсээр. Аж амьдралын төлөө хатуу ширүүн салхийг сөрж юм юмны түрүүнд явдаг эрчүүд минь алтан амиа ийнхүү алдсаар байгаа нь харамсалтай. Эрчүүд маань жаахан давчдаад ирэхээрээ найзуудтайгаа уулзаад л ганц бөглөө мултлаад л тайтгарчихдаг амьтад гэхэд хилсдэхгүй.

Нэг монгол хүний амь ч үнэ цэнтэй болохоор эрчүүдээ анхаардаг эрүүл мэндийн төвийг нь нэмэгдүүлж, боловсролыг нь дэмждэг газруудыг нь олшруулж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг хөгжих орчинг нь бүрдүүлэх хэрэгтэй байна.

Амьдралд бухимдахаараа архинд явдаг биш сэтгэл зүйн төв рүү зорьдог, чийрэгжүүлэх газар луу явдаг, ууланд алхдаг, ухаарал хайдаг, зөв гарц шийдэл олдог зөв монгол эр хүнийг бий болгохын төлөө төр засгаас бодлого гаргаж эрчүүдээ хайрлацгаая.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(124.158.97.204) 2021 оны 02 сарын 16

Яааг үнэн

2  |  0
Top