2021 онд тохиох спортын онцлох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 05

Хоёр дахь мянганы гурав дахь арван эхлээд тун удаагүй байна. Энэ онд спортын хорхойтнуудыг хүлээж буй олон зүйлс бий. Цар тахлын улмаас бүтэн нэг жил хойшилсон Токио-2020 олимп нээлтээ хийж, хөлбөмбөгийн хорхойтнууд жил хүлээсний эцэст “буурал тив”-ийн аваргын тэмцээнийг үзэх “эрх”-тэй боллоо. Боксын хүнд жингийн аваргын хувь заяа хэрхэн шийдэгдэх, Английн Премьер лигийн аваргаар ямар клуб тодрох, авто уралдааны ноён оргил “Формула 1”-т шинэ домог мэндлэх үү зэрэг олон асуултууд бий. Энэ онд тохиох спортын хамгийн чухал, онцлох үйл явдлуудыг та бүхэнд хүргэе.

 

ХӨЛБӨМБӨГ: ЛИВЕРПУЛЬ АВАРГАА ХАМГААЛАХ УУ ЭСВЭЛ...

 

Өнгөрсөн улиралд нэгэн цагт Английн хөлбөмбөгийн өнгийг тодорхойлж байсан Ливерпуль клуб Премьер лигт түрүүлсэн нь онцлох үйл явдлын нэг байлаа. Английн хөлбөмбөгийн холбооноос дээд лигийг Премьер лиг болгон өөрчилснөөс хойш нэг ч түрүүлж байгаагүй “улаан”-ууд ийнхүү аваргын титмийг хүртэж чадав. Харин энэ улиралд Ливерпуль клуб аваргаа хамгаалж чадах уу гэдэг томоохон асуултын нэг болоод байна. Улирал эхэлснээс хойш 10 гаруй тойрог өнгөрөөд байхад Ливерпульчууд маш орон гаран тоглолт үзүүлж байгаа. Астон Вилла клубт бут ниргүүлснээс хойш тэдний тоглолт нэг л болж өгөхгүй байгааг хөлбөмбөгийн мэргэжилтнүүд онцолж буй. Шинэ жилийн өмнөхөн Ньюкасл клубтэй учраа таарахад нэг ч гоол оруулалгүй хуурай тэнцсэн. Тус клуб сүүлийн таван тоглолтоос хоёр хожил авч, гурван удаа тэнцээд байна.

Тэдэнтэй аваргын төлөө хүчтэй өрсөлдөх ёстой Манчестер Сити клуб таамаглаж байгаагүй муу үр дүнтэй, хүснэгтийн дунд хэсэгт бичигдэж байна. Хэдийгээр сүүлийн таван тоглолтын форм давгүй байгаа ч улирлын эхэнд үзүүлсэн тааруу тоглолтоос болж тэд ийнхүү наймдугаарт эрэмбэлэгдэж байгаа билээ. Өвлийн солилцоо наймааны цонх нээгдэхэд энэ цагийн хөлбөмбөгийн амьд домог Лионель Мессиг эгнээндээ нэгтгэх тэмүүлэлтэй байгаа энэ клубийг энэ улиралд дээд лигт түрүүлэх магадлал 65 хувьтай гэж Sky Sports сувгийн аналистууд таамаглажээ.

Аварга болсон хуучин бууны хугархайнуудаас гадна Тоттенхэм Хотспөр, шинэ тоглогчдоор хүчээ зузаатгасан Эвертон клуб аваргын төлөө өрсөлдөх багуудын тэргүүн эгнээнд бичигдэж буй. Дүрс бичлэг үздэг шүүлт, үзэгчгүй цэнгэлдэх, коронавирус зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан энэ жил зарим багууд үндсэн тоглолтоо гаргаж чадахгүй байгааг тоглогчид ч, дасгалжуулагчид ч нэгэн дуугаар мэдэгдсээр байна. Хөлбөмбөгийн ертөнцөд өөрийн гэсэн брэнд болж чадсан Английн Премьер лиг энэ жил урьдынхаас илүү өрсөлдөөнтэй байгааг үзэгч та ч гэсэн харж байгаа байх.

 

ФОРМУЛА 1: ХАМИЛТОН АВАРГАА ХАМГААЛАХ УУ, ШИНЭ ОД ТӨРӨХ ҮҮ...

 

Авто уралдааны ноён оргил “Формула 1”-т хэзээ ч эвдэшгүй гэгдэж байсан дээд амжилтуудыг эвдэн өөрийнхөө нэрийг дархалж буй “нисгэгч” бол Льюс Хамилтон. Тэрбээр өнгөрсөн жил уралдааны зам дээр өрсөлдөгчгүй шахам байсан. Сүүлийн дөрвөн жил “Формула 1”-т түрүүлж, замналынхаа 91 дэх түрүүг хүртэж домогт нисгэгдчийн эгнээнд нэгдсэн. Түүний энэ амжилтыг харгалзан Их Британийн хатан хаан шинэ оны өмнөхөн “хөлөг баатар” буюу “Сир” цол олгосон. “Формула 1” хөдөлгүүрийн хүчин чадал, техникийн ололт амжилтаас бүрнээ шалтгаалдаг ч ур чадвартай нисгэгчгүй бол эдгээр нь юу ч биш гэдгийг Льюс Хамилтон харуулж буй. Тийм ч учраас тус уралдааны замд түүнийг эвдэхийн тулд багууд юу байдгаа шавхаж байна. Энэ өрсөлдөөн дунд нэгэн мэдээлэл анхаарал татаж байгаа нь домогт нисгэгч Михайль Шумахерын хүү Мик Шумахер “Haas” багтай гэрээ байгуулсан явдал байлаа. Сонирхогчийн тэмцээнд оролцож байхаасаа л мэргэжилтнүүдийн анхааралд өртсөн түүнийг “Формула 1”-т эцгийнхээ замналыг давтах өндөр хүлээлт үүсээд байна. Зарим мэргэжилтнүүд түүнд 2-3 жил шаардлагатай гэж байгаа ч Шумахер гэх нэр нь л олон нийтийн анхаарлыг татна. Түүнчлэн нэгэн цагт түрүүлж байсан Финланд нисгэгч Кими Райкконен гэрээгээ дахин нэг жилээр сунгав. Дахин ялагчийн тавцанд зогсох нөөц бололцоотой гэдгээ ч мэдэгдээд амжсан. Түүнчлэн дөрвөн удаагийн аварга Себастьян Феттель, Даниел Риккиардо, Карлос Сайнц зэрэг олон сайн нисгэгч бий.

 

Бокс: Жошуа, Фюригийн эсрэг тулах уу

 

Мэргэжлийн боксын хүнд жинд Энтони Жошуа, Тайсон Фюригээс өмнөх хэдэн жил өрсөлдөөн гэхээр зүйл байгаагүй. Үзэгчид ч сонирхохоо больсон байлаа. Тайсоноос хойш хүнд жинг төлөөлөх тийм дүр, тийм ур чадвар байгаагүйтэй нэг талаар холбоотой байх. Харин Их Британийн хоёр тамирчин өнөө цагт хүнд жингийн боксыг нуруун дээрээ үүрч байна. Өмнө нь хүнд жинд Их Британичууд ингэтлээ ноёрхож байгаагүй юм. Нэг бол АНУ, нэг бол зүүн европын “хүнд гар”-ууд энэ жинд даналздаг байв. Бокс сонирхогчид Жошуа, Фюригийн эсрэг тулах уу гэдэг дээр яг одоо бооцоо тавьж буй. Цахим орчинд хоёр тамирчны аль, аль нь боломж олдвол тулахад бэлэн гэдгээ зарласан. Тайсон Фюри Инстаграм хуудастаа “Би Жошуаг гурав дахь раундад л нам цохино” гэсэн бол Энтони Жошуа “Миний аваргын бүс хэнээр чимэглэгдэх вэ гэж үү, тэр хүн нь Фюри байх болно” гэж хариу мэдэгдээд амжсан.

Энтони Жошуа мэргэжлийн боксын замналдаа 22 удаа ялалт байгуулж, ердөө нэг л удаа ялагдал хүлээсэн. Гэхдээ тэр ялагдал маш ойр тохиосон. АНУ-ын Нью-Йорк хотод 2019 оны зургаадугаар сарын 01-ний өдөр Энди Руйзэд долоодугаар раундад ялагдсан. Гэвч зургаан сарын дараа даагаа нэхэж 12 раунд бүтэн “үзэж” шүүгчдийн шийдвэрээр ялалт байгуулсан билээ. Хамгийн сүүлд тэрээр 2020 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Болгарын өрсөлдөгч Кубрат Пулевийг буулган аваад байна.

Тайсон Фюригийн тухайд мэргэжлийн боксын замналдаа ялагдал гээчийг амсаагүй яваа сайн тамирчин. Хүнд жингийн боксын түүхэнд домог болон мөнхөрнө гэж олон мэргэжилтнүүд санал нэгддэг. Мэргэжлийн замналдаа 31 удаа тулалдахад 30-д нь ялалт байгуулж, нэг тулаанд нь тэнцжээ. Тэнцсэн тохиолдол нь саяхных. 2018 оны арванхоёрдугаар сард АНУ-ын тамирчин Деонтэй Уайлдертай тулалдахад шүүгчдийн санал тэнцсэн юм. Тэрээр Деонтэй Уайлдертай даагаа нэхэх олон санал тавьсаны эцэст 2020 оны хоёрдугаар сарын 22-нд тулалдаж улмаар долоодугаар раундад техникийн илт давуугаар буулган авсан билээ. Даагаа нэхсэн тулаандаа ялалт байгуулснаар WBC-гийн хүнд жингийн аваргын бүсээ хамгаалсан юм.

 

ЕВРО-2020

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн нэг жил хойшилсны эцэст ийнхүү энэ жил зохиогдохоор болж байна. Европын аваргын тэмцээн 2021 оны зургаадугаар сарын 11-ний өдөр эхэлж нэг сарын дараа дуусна. Урьд жилүүдийн аваргын тэмцээнийг бодвол энэ удаагийн тэмцээн олон зүйлээрээ онцлог. Нэн тэргүүнд цар тахлын сүүдэр доор зохион байгуулагдаж буй. Европын хөлбөмбөгийн холбоо хэрэв цар тахал намдахгүй бол телевизүүдэд шууд дамжуулалтын эрхийг олгож, цэнгэлдэхэд үзэгчгүй зохиогдоно гэж тооцоолж байгаа. Хоёрдугаарт Европын холбооны 12 улсад тоглолтууд зохион байгуулагдана. Өмнөх тэмцээнүүдийг бодвол онгоцонд өнгөрүүлэх хугацаа нэмэгдсэн гэсэн үг. Гуравдугаарт Европын аваргад нэгээс, хоёр дахь удаагаа оролцож буй олон баг байгаа нь тэмцээнийг илүү сонирхолтой болгож байгаа. Анх удаа оролцож буй хоёр багийн нэг нь Финландын шигшээ бол нөгөөх нь Умард Македонын шигшээ. Европын тэмцээний сонгон шалгаруулалтын шатанд Умард Македон гайхамшиг бүтээсэн, харин Финландын шигшээ баг Тийму Пуккигийн ачаар Европын аваргад тоосоо өргөхөөр болсон. Уельс болон Словакийн шигшээ хоёр дахь удаагаа, Украин, Австри, Шотланд гурав дахь удаагаа өрсөлдөнө.  Дөрөвдүгээрт онцлох зүйл нь анх удаагаа 30 баг европын тэмцээнд оролцож байна. Мэргэжилтнүүд Бельги, Испани, Английн шигшээ багт найдлага тавж буй ч дэлхийн аварга Франц, үндэстнүүдийн лигийн аварга Португалийн шигшээ ч түрүүлэхийг үгүйсгэхгүй.

 

Токиогийн зуны олимп

 

Цар тахлын улмаас хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон олимпын наадам ч хойшилсон. Олимпын наадам зохион байгуулж ирсэн 124 жилийн түүхэнд анх удаа хойшлогдсон нь энэ болсон юм. Гэхдээ зохион байгуулагчдын зүгээс нөхцөл байдал ямар байхаас үл хамааран олимпын наадмыг зохион байгуулах болсноо зарлаад байна. Үүний зэрэгцээ олимпын наадмыг санхүүжүүлж, хөрөнгө оруулахаар болсон компаниудын нэг нь ч хөрөнгө оруулалтаа зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн нь тамирчид болон үзэгчдэд сайн мэдээний нэг болсон. Үзэгчдийн анхаарлыг татдаг хөнгөн атлетикийн тэмцээнүүд, талбайн теннис, сагсан бөмбөгийн тэмцээнд чухам аль улс, ямар тамирчин түрүүлэх вэ гэдэг нь сонирхол татсан асуултын нэг хэвээр. АНУ-ын шигшээ багт NBA өнгийг тодорхойлж буй тамирчид оролцоно гэдгээ илэрхийлсэн нь спорт сонирхогчдын анхааралт өртсөн юм.

Олимпын наадмыг зохион байгуулах хороо хөнгөн атлетик болон танхимын аль нэг спортн төрлийг нээлтийн ёслолоос өмнө зохион байгуулах санал гаргасан ч одоогоор эцсийн шийд гараагүй байна. Олимпын наадам ирэх долоодугаар сарын 23-ны өдөр албан ёсоор эхэлнэ.

 

NBA: “НУУРЫНХАН” АВАРГАА ХАМГААЛАХ УУ

 

Олонх мэргэжилтнүүд ялангүяа ESPN болон NBA телевизийн аналистууд Лос Анжелес Лейкэрс багийг аваргаа хамгаалах магадлал 96.5 хувьтай гэж таамаглаж буй. Гэвч тэд улирлын эхний тоглолтдоо хотынхоо нөгөө нэг баг болох Клипперсд хожигдсоноор эхлүүлсэн. Өмнөх жил нь ч мөн адил тэмцээнээ ялагдлаар эхлүүлж байсан юм. Өнгөрсөн жил түрүүлснээр Бостон Селтиксийн 17 түрүүлсэн амжилттай зэрэгцсэн тэд энэ амжилтаа энэ жил ахиулахын тулд Монтрецл Харрел, Деннис Шройдер зэрэг тамирчдаар хүчээ зузаатгасан. Багуудын тамирчдын нөөц, санхүүгийн байдал зэргийг харвал тэдний төлөвлөгөөнд зөвхөн өөрсдөө л саад болж болох юм.

Гэхдээ Майами Хит, Милуоки Бакс, Лос Анжелес Клипперс, Филаделфиа зэрэг ур чадвар сайтай, чухал үед яаж ч эргүүлж мэдэх олон баг байгааг мартаж болохгүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top