“60 тэрбумын” хэрэгтнүүд 16-20 жилийн ялд унах уу!

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 15

Улсын ерөнхий прокурорын газраас өнгөрсөн оны ажлын тайлангаа өчигдөр танилцууллаа. Прокурорын газраас энэ хугацаанд 31 байгууллагын 10 мянга 775 зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллажээ.


Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг 12 хувиар өсчээ

Өнгөрсөн онуудад  зонхилон үйлдэгддэг байсан зарим төрлийн гэмт хэргийн гаралт буурчээ. Харин эсрэгээрээ харьцангуй бага үйлдэгддэг байсан хүүхдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргүүд өссөн дүн гарчээ. Тодруулбал, Замын хөдөл­гөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 1 сая 983 мянга 700 удаа үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс нэг хувиар, хулгайлах зөрчил 1 мянга 604 удаа гарч өмнөх оны мөн үеэс 40 хувиар тус тус буурсан. Тэгвэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 9 мянга 516 удаа үйлдэгдэж, өмнөх оны мөн үеэс 12 хувиар өссөн байна. Мөн Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 2 мянга 919 буюу 2.7 дахин, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 3 мянга 49 удаа буюу 2.4  дахин өссөн нь  гэр бүлийн хүрээнд үйлдэгдэх гэмт хэрэг ихсэх хандлагатай байгааг илэрхийлж байна.

Сонгуультай холбоотой 173 гомдолд Зөрчлийн хэрэг нээв

Прокурорын байгууллагад 2020 оны сонгуультай холбоотой 2 мянга 280 хэрэг зөрчил хянагджээ. Тодруулбал, Улсын Их хурлын ээлжит сонгуулийн үеэр 1 мянга 580, Орон нутгийн ээлжит сонгуулийн үеэр 700 хэрэг Сонгуулийн тухай хууль зөрчих зөрчлийн талаарх гом­дол, мэдээлэлд хяналт тавьж ажиллажээ. Үүнээс Улсын Их хурлын ээлжит сонгуулийн явцад 1 мянга 580 гомдол, мэдээл­лийг шалгаснаас 139 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг нээсэн байна, Харин орон нутгийн ээлжит сонгуулийн явцад 700 гомдол, мэдээллийг шалгаснаас 34 гом­дол, мэдээлэлд зөрчлийн хэрэг нээсэн талаар албаныхан мэдээллээ:

Авлига, албан тушаалын гэмт хэрэг өсөв

Прокуророос хяналт тавьсан Авлигын гэмт хэрэг зургаан хувиар, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэг 1,2 дахин өсчээ. Өнгөрсөн онд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан авлига, албан тушаалын хэрэг 1 мянга 82-д хүрчээ. Үүнээс 37.1 хувь буюу 402 хэргийг хааж, 14.6 хувь буюу 159 хэрэгт 378 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 2.3 хувь буюу 25 хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн аж. Нийт 462 албан тушаалтан холбогдсон 173 хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оноос 1.2 дахин өссөн үзүүлэлттэй байна. Сонирхуулахад, авлигын гэмт хэрэг Нийслэл, Баянхонгор аймагт хамгийн их бүртгэгдсэн гэнэ. Авлигын хэргийн 82,9 хувийг төрийн алба болон төсвийн хөрөнгөтэй харьцах эрх бүхий албан тушаалтнуудаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг эзэлж байна.

Мөнгө угаах гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй гарчээ

Прокурорын байгууллагаас өнгөрсөн онд мөнгө угаах 129 хэрэгт мөрдөн байцаалт явуулсан нь 20,9 хувь, 88 хэрэгт буюу 68,2 хувийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь 36,3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Хамгийн сонирхолтой нь авлигын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгийг “угаасан” хэрэг нийт мөнгө угаах гэмт хэргийн 13,9 хувийг эзэлж байна. Мөн мөрдөн байцаалт явуулсан мөнгө угаах гэмт хэргийн 10,8 хувь нь дангаар, 89,2 хувь нь давхар зүйлчлэгдсэн хэргүүд байгаа аж. Үүнээс 20,1 хувь нь залилах, 13,9 хувь нь авлига, 11,6 хувь нь татвар төлөхөөс зайлсхийх, 7,7 хувь нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргүүдтэй давхар зүйлчлэгдэн шалгагджээ.

Хар тамхины гэмт хэрэгт 18 настнууд ихээр холбогдож байна

Прокурорын газраас өгч буй мэдээлэл дунд нэгэн анхаарал татахуйц хэрэг дурьдагдсан нь мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг байлаа. Тодруулбал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 347 хэрэгт хяналт тавьж, үүнээс 183 хэрэг буюу 72,3 хувьд прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Хамгийн харамсалтай нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан хүмүүсийн насны байдал залуужсан байна. Тодруулбал, 5,3 хувь нь 17 хүртэл, 70,7 хувь нь 18-29 насны, 22,2 хувь нь 30-44 насны, 1,6 хувь нь 45-аас дээш насны хүмүүс байгаагийн 93,4 хувь нь эрэгтэй, 85,1 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байна.

Байгаль орчны эсрэг гэмт хэрэг 37 хувиар нэмэгджээ

Байгаль орчны эсрэг 1 мянга 282 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оноос  37 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс 33 хувь буюу 424 хэргийг хааж, 13 хэргийг хэрэгсэхгүй болгон, 38,7 хувь буюу 492 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 44,5 хувийг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, 36,1 хувийг хууль бусаар мод бэлтгэх, 11,7 хувийг “Хууль бусаар ан агнах” гэмт хэргүүд тус тус эзэлсэн байна.

Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг гарсаар байна

Прокурорын байгууллагаас өнгөрсөн онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 76 мянга 884 гэмт хэргийн улмаас нийт 55 мянга 815 хүн хохирсныг тогтоожээ. Үүнээс 2 мянга 144 буюу 3,9 хувь нь хүүхэд байна.

Хүүхэд хохирсон гэх хэргийн дунд 338 нь бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг багтжээ. Мөн бага насны хүүхдийн эсрэг үйлдэх, 40 буюу 1,8 хувь нь хүн худалдаалах гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон, 73 буюу 3,4 хувь нь Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт заасан "Хүүхдийн эсрэг" гэмт хэрэг, 1 мянга 693 буюу 78,9 хувь бусад төрлийн гэмт хэргийн улмаас хүүхэд хохирчээ.

Нийтийн анхаарлыг татсан нэлээд хэргийг нэг мөр шийдвэрлүүлжээ

Прокурорын байгууллагаас 2020 онд нийтийн анхаарлыг татсан цөөнгүй хэрэгт хяналт тавьж, шүүхээр шийдвэрлүүлжээ. Тухайлбал, М.Энхсайханд холбогдох /ерөнхий сайд асан/ хэрэг, Б.Мөнгөншагай нарт холбогдох /Салхитын мөнгөний ордтой холбоотой/ хэрэг, Д.Эрдэнэбат нарт холбогдох /Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар шилжүүлсэнтэй холбоотой/ хэрэг, Ж.Эрдэнэбат нарт холбогдох /ерөнхий сайд асан/ хэрэг, Улсын Их Хурлын гишүүн асан Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа нарт холбогдох /Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх сантай холбоотой/ хэрэг, Улсын Их хурлын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргүүдэд хяналт тавьж дуусгасан байна. Түүнчлэн олон яллагдагчтай мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ ихтэй, эдийн засгийн болон залилах, мөнгө угаах хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байгаа аж. Тухайлбал: “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох 213 хавтаст хэрэг, “Өгөөжтэй өв” ХХК-ийн захирал М.Чинбат нарын 30 хүнд холбогдох хууль бусаар ашигт малтмал олборлосон, мөнгө угаасан гэмт хэрэг, БНХАУ-ын иргэн Лью Тингхуа /Liu Tinghua/ нарын 15 хүнд холбогдох цахим хэрэгсэл ашиглаж бусдыг залилсан, мөнгө угаасан, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан хэрэг 2012 оноос хойш шалгагдсан А.Урансайхан нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлтэй 56 хавтаст хэрэг, 2014 оноос хойш шалгагдсан Б.Цагаандарь нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлтэй 33 хавтаст хэрэг, Казахстан улсын иргэн М.Марат, Э.Оюунчимэг нарт холбогдох  11 мянга 350 хохирогчтой, бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлтэй 595 хавтаст хэрэг,  Б.Мөнхтуяа нарт холбогдох 260 хохирогчтой, бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлтэй 25 хавтаст хэрэг, 2012 оноос хойш үйлдэлтэй Б.Гүррагчаа нарын зургаан хүнд холбогдох 35 үйлдэлтэй залилах хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлжээ.

С.Баяр, С.Баярцогт, Ш.Батхүү нарын гадаад дахь үл хөдлөх хөрөнгүүдийг хураан авчээ

Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж, шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс нийт 48 гэмт хэрэгт холбогдогчдоос 21 тэрбум 586 сая 213 мянга 463 төгрөгийн хөрөнгийг хурааж, улсын орлого болохоор шүүхээр шийдвэрлүүлснээ мэдэгдлээ. Энэ дундаас Ерөнхий сайд асан С.Баяраас 3 тэрбум  569 сая 148 мянга 56 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5 тэрбум 580 сая 444 мянган төгрөгийг бэлнээр 1 тэрбум 97 сая 130 мянга 673 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хураан авах болсон нь олны анхаарлыг татаад байна. Мөн  С.Баяртай хамтран мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэх Ч.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байгаа 5 тэрбум 766 сая 40 мянган төгрөгийн үнэлгээтэй АНУ-ын Нью-Йорк хотод байрлах үл хөдлөх хөрөнгийг хураан авахаар болжээ. Түүнчлэн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн хэмээгдэх  С.Баярцогтоос нийт 4 тэрбум 10 сая 452 мянга 844 төгрөгийн үнэлгээтэй гурван үл хөдлөх хөрөнгийг хураан авахаар болжээ. Прокурорын байгууллагаас өгсөн өөр нэгэн мэдээлэл бол Ш.Батхүүтэй холбоотой мэдэгдэл байлаа. Тодруулбал, хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан Англи улсын Стандарт банкнаас 109 сая ам долларын зээл авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн Жаст групп ХХК-ийн захирал Ш.Батхүүгийн Сингапур, АНУ дахь газар  болон үл хөдлөх хөрөнгүүдийг хурааж, улсын орлого болгохоор шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Сайд асан З.Баянсэлэнгэд яллах дүгнэлт үйлджээ

Нийслэлийн прокурорын газраас өнгөрөгч оны 4 дүгээр улиралд нийт 66 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүх рүү шилжүүлжээ. Үүний 20 буюу 33.3 хувь нь авлига, албан тушаалын гэмт хэрэг байна. Тухайлбал,  Х.Бээжинд холбогдох “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, худал мэдээлэл тараах үйлдэлтэй...” эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Улсын Дээд шүүхээс Чингэлтэй дүүргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоож ирүүлээд байгаа аж. Мөн сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох “Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан...” хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлэхээр болжээ. Үүнээс гадна Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан, сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах...” хэрэгт яллах дүгнэлт үйлджээ. Ингэснээр “60 тэрбумын” гэх хэрэгт  холбогдсон Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь 16-20 жил хүртэлх хугацаагаар хорих ял авч магадгүй болоод байна. Учир нь прокурорын байгууллагаас тэдэнд Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн байна. Уг зүйл ангид “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан бол арван зургаагаас 20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг. Ямартаа ч дээрх хэргийг прокуророос энэ сарынн 11-ний өдөр Баянгол дүүр­гийн шүүх рүү шилжүүлсэн байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.178.43) 2021 оны 01 сарын 18

Доржзодоо өөрөө иийм зүйлийг зохиож хүмүүсийг хэрэгт татах гэсэн жинхэнэ гэмт хэрэгтэй мөн хор найруулагч Оюунгэрэл турхирсан ийм муухай хүмүүс монголд бий болжээ аймаар юм

0  |  0
Мэндээ(103.212.118.31) 2021 оны 01 сарын 18

Ганбаатар Сандуй 2 бол жараахай шүү дээ, гол эзэн нь МАНАН-н босс нь М.Энхболд шүү, түүнд бүх насаар нь хорих ял өгөх хэрэгтэй...

0  |  0
Novsh(66.181.161.64) 2021 оны 01 сарын 18

Shudarga bus shiidver shudarga shiidvert xyrgene. Ex ornoo zarsan erx medeltnyyd,ex orongyi erliizyydiin eree tseergyi yildlyydiig argatsaasan shyylt ni tsagin erxeer yargalald xyrgene. Ard tymen syreg sarmagchin bish.

1  |  0
АРД(202.9.46.214) 2021 оны 01 сарын 18

ТЭД ХИЙСЭН ХЭРГИЙНХЭЭ ЯЛЫГ ШҮҮХЭЭС АВАХ Л ЁСТОЙ ГЭВЧ МАН-ЫН 100 ЖИЛИЙН ОЙГООР ӨРШӨӨГДӨЖ МАГАДГҮЙ ГЭСЭН БОДОЛ ЗУРС ХИЙЖ БАЙНА ГАНЦ ЭНЭ 2-ЫН ХЭРЭГ Ч БИШ ОЛОН ХҮНИЙ ХЭРГИЙГ ӨРШӨӨЖ МЭДЭХ ЮМ ШҮҮ ОДООХОНДОО МАН НУУЦЛАЖ БАЙГАА БАЙХ ХАРЖ Л БАЙЯ...

1  |  1
(66.181.168.131) 2021 оны 01 сарын 18

20 bolno

1  |  0
g(24.252.135.173) 2021 оны 01 сарын 18

Ymar ur suulgana Terniigee l huraaj avna Yl n taarsan baina Ene 2 iig 15 jil hadgalchih Tegeed Enkhbold danjaadtaigaa uursduu tootsoogoo hiine biz 15 jiliin daraa

1  |  0
Irgen (66.181.184.20) 2021 оны 01 сарын 15

Araich dee Ed nar hergiin zolios bolno MAH ne buruutai sanhyyjilt ol gesen gee bizdee

0  |  0
Зочин(203.91.115.51) 2021 оны 01 сарын 15

Тэд өршөөгдөнө. Мэдээж. Уг нь хуулиараа бол хорих ёстой. Монголчууд мунхаг байгаа биз? Ерөнхийлөгч гарангуут түүний уг гарвал аймагт авилга өсчихөж байна. Энэ бол уржнан Билэгт гишүүний хурлын танхим дотор хуурай агсам тавьж байхаас тодорхой болсон зүйл. Яг л Билэгтийн хандлагаар нутгийнхан нь давалгаалж байна. Дээр дооргүй адилхан мунхаг хүмүүс байгаа нь батлагдаж байна.

0  |  0
5555(66.181.184.89) 2021 оны 01 сарын 18

Жинхэнэ хэрэгтэн Энхболд хаана байна

2  |  0
Нэр(66.181.184.89) 2021 оны 01 сарын 15

Энэ залуус зүгээр л золиослогдох нь ээ

0  |  0
Top