Италийн гурав дахь том хот болох Неаполь хогондоо дарагдаж, тун эмгэнэлт байдал
үүсээд байна. Одоогийн байдлаар хотын гудамж, талбайд 30 градусын халуунд задрал явагдаж байгаа 2360 тонн хог хуримтлагдаад байна гэж цэвэрлэгээ хариуцдаг «Аsia» үйлдвэр мэдээлжээ.
«Хотод халдварт өвчин дэгдэж, оршин суугчдын эрүүл мэндэд ноцтой аюул учруулах нөхцөл үүсээд байгааг» Неаполь хотын захиргааны зөвлөх Антонио Борриелло хүлээн зөвшөөрсөн байна. Хотын хэрэглэгчдийн «Noiconsumatori» гэдэг холбооноос хогийн асуудлыг яаралтай шийдэж, хотод «гамшгийн онц байдал» тогтоохыг прокурорын газар болон засгийн газраас шаарджээ.
Дэлхийн өнцөг булан бүрээс олон жуулчин хүрэлцэн ирдэг түүх соёлын төв болсон эртний хотод бөөлжис цутгам үнэр ханхалж, гудамж, талбайд энд тэндгүй харх
гүйлдэж байна гэж хотын оршин суугчид Риа Новости агентлагийн сурвалжлагчид ярьсан байна. Түүнээс гадна мягмар гарагийн шөнө үл мэдэгдэх этгээд гал тавьсны улмаас хэдэн зуун хогийн савнаас гарч буй хиншүү, хярвасны үнэр байдлыг улам дордуулж байгаа ажээ.
Өнгөрөгч тавдугаар сард хотын захиргааны сонгууль болсны дараа «хогны ээлжит хямрал» эхэлсэн байна. Неаполийн «хогны асуудал» нь хогны бизнесээс олон саяын ашиг олдог хотын мафийнхантай холбоотой гэж ажиглагчид үзэж байгаа ажээ.
Эх сурвалж: Монцамэ
Сэтгэгдэл ( 0 )