Якутскаас Москваг зорих явган аяллаараа алдаршсан, “тэмцэгч-бөө” Александр Габышевын эсрэг Оросын Мөрдөн шалгах хороо ОХУ-ын Эрүүгийн хуулийн 318 дугаар /эрх баригч төлөөлөлд хүч хэрэглэсэн/ зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Хүчний байгууллагынхан Габышевыг Якутск хотын Сэтгэцийн эмнэлэгт аваачихаар нэгдүгээр сарын 28-нд гэрт нь ирсэнтэй холбоотой энэхүү эрүүгийн хэрэг үүссэн тухай "Правозащита Открытки" төслийн зохицуулагч Алексей Прянишников “МБХ медиа”-д мэдээлсэн байна. Габышевын ямар үйлдлээс болж уг хэргийг үүсгэсэн тухай одоогоор тодорхойгүй бөгөөд Оросын Мөрдөн шалгах хороо үүнтэй холбогдуулан ямар нэг тайлбар өгөөгүй байгаа аж. Габышевын өмгөөлөгч Ольга Тимофеева ч одоохондоо хэргийн нарийн ширийнийг мэдээгүй талаар ВВС-д ярилцлага өгөхдөө өгүүлжээ.
2019 оны гуравдугаар сард Габышев Ерөнхийлөгчийг “хөөж”, “ардын засаглалыг сэргээхийн” тулд Якутаас Москва руу явган аялал хийнэ гэдгээ зарласан юм. Найман мянган километрийг явганаар туулах аялал хоёр жилийн хугацаанд үргэлжлэх ёстой байсан боловч 2019 оны намар олон нийтийг хэт даврагч үйл ажиллагаанд уриалсан гэх буруутгалаар Габышевт хэрэг үүсгэж, түүнийг Буриадын газар нутаг дээрээс баривчлан Якутск-т хүргэсэн.
Эмнэлгийн үзлэг шинжилгээгээр Габышевыг “солиотой” хэмээн оношилж, өнгөрөгч оны тавдугаар сард түүнийг Сэтгэл мэдрэлийн диспансерт албадан хэвтүүлсэн бөгөөд тэнд долоодугаар сарын 22 хүртэл эмчлүүлсэн байна.
Энэ оны гуравдугаар сард Москва руу шинэ аялал эхлүүлэх гэж байгаагаа Габышев өнгөрөгч нэгдүгээр сарын 12-нд зарлан, “Гуравдугаар сард цаг дулаарахаар манай аялал эхэлнэ. Би Якутскаас цагаан морьтой гарч, зам зуураа өвөг дээдсийнхээ газар нутгаар зочилно. Нюрбинский район бол эцгийн маань төрсөн нутаг учраас би тэнд заавал очих ёстой. Тэндээсээ Иркутск хүрнэ, тэнд үндсэн отряд хүлээж байгаа” гэх агуулга бүхий аудио бичлэг олон нийтийн сүлжээнд тарж эхэлжээ.
Энэхүү бичлэгийг Якутскийн бөө Габышев хийсэн гэдгийг Прянишников баталсан байна. Өнгөрөгч нэгдүгээр сарын 28-нд цагдаа нар түүнийг Сэтгэцийн эмнэлэгт ахин хүргэжээ. “Хяналтын үзлэгт ороогүй байсан нь далим болсон байх магадлалтай. Гэвч гол шалтгаан нь аяллаа ахин сэргээх тухай зарласан явдал гэж би бодож байна. Түүнийг Сэтгэл мэдрэлийн диспансерт хүчээр хэвтүүлж байсан өмнөх тохиолдлууд ч гэсэн бүгд түүний аялалтай холбоотой байсан” хэмээн Прянишников тайлбарлалаа.
Өнгөрөгч оны долоодугаар сард Габышевын биеийн байдал тогтвортой болсон учир эмнэлгээс гаргасан бөгөөд нэгдүгээр сард эмнэлэгт ирж эмчилгээ хийлгэхээс татгалзсан тухай Якутскийн Сэтгэцийн эмнэлгийн зүгээс мэдэгдсэн байна. Ингээд Габышевыг албадан эмчлэх тухай Сэтгэл мэдрэлийн диспансерын гаргасан нэхэмжлэлийг Якутск хотын шүүх хоёрдугаар сарын 2-нд баталжээ.
ПУТИНД ХҮРЧ ЧАДСАНГҮЙ
Александр Габышев Якутскаас Москваг зорин явганаар гараад бараг гурван мянга орчим км замыг туулжээ. Тэрбээр өөрийгөө “дайчин бөө” хэмээн нэрлэж, харин Путинг “чөтгөр” учраас хөөхөөр явж байна гэсэн аж.
Аялал эхэлснээс хагас жилийн дараа түүний анх гарахдаа ярьж байсан эрхэм зорилгын чиглэл өөрчлөгдсөн байна. Тэрбээр анх ярьж байсан шийдвэрлэх тулааныхаа оронд Путиныг саналаараа огцрохыг шаардах олон хүмүүсийг Москвад цуглуулна гэх болжээ.
2019 оны есдүгээр сарын 19-ний үүрээр Буриад болон Эрхүү мужийн хил дээр түүний аялал тасалдсан байна. Тухайн үед түүнийг үл мэдэгдэх этгээдүүд хулгайлан, хаашаа авч явсан нь мэдэгдэхгүй алга болсон талаар хамтрагчид нь мэдэгдэж байсан бөгөөд удалгүй Дотоод хэргийн яамнаас үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийхдээ: “Байкал” М-53 холбооны хурдны замын 202 дахь км дээр саатуулагдсан Габышев нь Якут-д гэмт хэрэг үйлдсэн хэмээн сэжиглэгдэж байгаа тул эхний нислэгээр нутаг руу нь буцаах болно” гэсэн бол түүнийг улсын Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүргүүлсэн талаар Якутын Эрүүл мэндийн яам есдүгээр сарын 20-нд мэдээлсэн байна.
ШИДТЭН ҮҮ, СЭТГЭЦИЙН ӨВЧТӨН ҮҮ
ВВС-ийн нэгэн сурвалжлагч 2019 онд Габышев болон түүний талынхантай хэд хоногийг хамт өнгөрүүлэн, аяллын явцад юу болж байсан, тэд юуг мөрөөдөж байгаа тухай болон Якутын бөө гэж хэн болох талаар сонирхуулсан байна.
Буриадын сайн санаат иргэд Габышев болон дагалдан яваа хүмүүст нь зориулж консерв, гоймон, дулаан хүрэм, оймс гэх мэт янз бүрийн хандивын зүйлсийг авчирч өгөн, тэдний дэргэдүүр урсаж буй Сэлэнгэ мөрөн рүү заан: “Загас барьж болно” хэмээн зөвлөхөд Габышев хүсэхгүй байгаагаа илэрхийлээд, Москва руу Путиныг “хөөхөөр” явж байгаа тул агуу Сэлэнгэ мөрөн энэ аяныг маань ивээх болно хэмээн өгүүлсэн аж.
“Путин-чөтгөрөөс” хэрхэн салах, тэр юугаараа Оросод саад болоод байгаа тухай түүнээс асуухад, “Чита хүртэл би чулуу тараачихсан байгаа, одоо түүнийгээ цуглуулж авах цаг болсон. Би бол тулааны төлөө төрсөн хүн. Дайтах урлагийн бүхий л төрлүүдийг сайн мэднэ. Намайг тийм ч амархан буулгаж авч чадахгүй шүү! Энэ бол нэг цаг үргэлжлэх тулаан бус, бүтэн өдөржин болох тулаан. Харин тэрхүү тулаанд бүхий л Орос даяар босох болно. Миний ард сая сая нүд, чих байгаа” хэмээн якут эр цог жавхлантайгаар хариулж байжээ.
Сурвалжлагчид түүнтэй Улаан-Үдийн ойролцоо уулзахад “Би Путин-чөтгөрийг хөөхөөр явж байна. Гэхдээ түүний толгойноос нэг ширхэг ч үс унагаахгүй. Хэн нэгэнд бие бялдрын зовлон шаналал учруулах эрх бидэнд байхгүй, тэр бол нүгэл. Ямар ч хүчирхийлэлгүйгээр төрийн эрхээс зайлуулах хэрэгтэй. Чөтгөр байсан ч хүчирхийлэл хэрэглэж болохгүй” гэхэд нь, Яаж? хэмээн асуухад: “Бид үүнийг ардын хүчээр хийнэ. Бурхан өршөөг, сая сая ард иргэд цуглараад “Путин огцор!” гэхэд тайван замаар явчихвал сайн хэрэг. Харин биднийг бороохойгоор нүдэж, буу шийдэм хэрэглээд эхэлбэл ард түмний эсэргүүцэл юунд хүргэхийг харах болно” хэмээн хариулжээ.
МЭРГЭШЭЭГҮЙ БӨӨ, БУРУУ НОМТОН ИТГЭГЧ ҮҮ
Габышев өөрийгөө бөө хэмээн өөрөө л тодруулсан гэж түүнд үл итгэгчид ярьж, Оросын Бөөгийн дээд зөвлөл түүнийг солиотой этгээд хэмээн нэрлэсэн бол тус байгууллагын дэд дарга Буда-Ширап Батуев түүнийг арай зөөлнөөр: “хуурамч бөө байсан” гэж тодорхойлжээ. “Тэр бидэнтэй ямар ч талаар огт холбоогүй. Өөрөө өөрийгөө бөө хэмээн нэрлээд, тэгээд алдаршсан. Ер нь зүгээр л нэг шоучин этгээд” гэж Батуев өгүүлэв. Мөн “Хэрэв Габышев өөрийн ер бусын хүч чадлыг ашиглан түймэр унтраах ч юмуу, эсвэл үерээс урьдчилан сэргийлж чадсан бол түүнтэй яриад байх зүйлгүй” гэжээ. Габышев бөө мөргөлийг Есүс Христэд итгэх сүсэгтэй хялбархан хослуулж, лагерьтаа өдөр бүр үнэн алдартны мөргөлийг үйлдэж байсан аж. Тэрбээр ачаатай тэргээ өөрөө чирэн, дэргэд нь хамгаалах зорилгоор хүмүүс явж байв. Тэднийг өдөр бүр зам дээр олон удаа зогсоож, хүмүүс гар барин сэльфи хийж, дэргэдүүр нь өнгөрөх машинууд нөхөрсгөөр дохиогоо дуугарган дэмжиж байлаа.
МЭДЭЭЖИЙН ТӨГСГӨЛ
Оросын эрх баригчдын эсрэг хийж буй улстөрийн тэмцлүүд ихэвчлэн дарагдаж, олигтой үр дүнд хүрдэггүй учраас цөхөрсөн олонх иргэд ямар нэгэн далдын хүч, гайхамшигт ид шидэд итгэхэд хүрсэн нь энэхүү якут бөө-тэй холбоотой түүхээс харагдаж байна. 2019 оны есдүгээр сарын 20-нд Габышевтай төстэй хүний бичлэгийг “Бабр Дальше некуда” Телеграм-сувагт нийтэлжээ. “Сайн уу найзууд аа, дайчин-бөө Александр байна. Эрхүү-д надтай хуулийн хүрээнд хэвийн харьцсан, хооллож ундлаад, сайн залуус байна лээ. Дараа нь намайг Якутск руу онгоцоор явуулсан. Тэгэхэд ч гэсэн их сайхан харьцсан. Эмнэлгийн шинжилгээ өгсөн, байцаагчтай уулзсан, тэр надаас байцаалт авсан. Бүгд хуулийн хүрээнд явагдсан” /Энэ өгүүлбэрийг уг эр гурван минутын бичлэгийн туршид зургаан удаа давтжээ/.
“Надад ямар ч хүч хэрэглээгүй, хүний эрхийг зөрчсөн үйлдэл огт гаргаагүй. Бүх зүйл хэвийн, би эрх баригчдын харилцаанд сэтгэл хангалуун байгаа. Одоо гэр рүүгээ явах гэж байна. Дараа нь мөрдөн байцаалтад мэдүүлэг өгнө, бүгд хуулийн хүрээнд явагдаж байна” хэмээн бичлэгт өгүүлж байжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
ugaasai mederel muu manai nogoo fc-iin od zaluu shig setgetsiin hubid yumtai hvn bnlee dee. zarim hvmvvs zoriud hoorgoj odood baih shigee..
Энэ сэтгэцийн өвчтөнийг устгавал таарна.
Buu gej yu baidiim be