1948 онд Британийн нийслэл Лондон хотноо болсон Олимпийн наадамд оролцсон бүх хүнд 2012 оны наадмыг үнэгүй үзэх эрх олгох ажээ.
Лондоны Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны албан ёсны төлөөлөгчийн мэдээлснээр, дайны дараах олимпийн наадамд Британи улсын далбаан дор оролцож байсан тамирчдад тухайн төрлийн тэмцээнийг үзэх хоёр тасалбарыг өгөх шийдвэр гарсан байна. Түүнээс гадна, 1948 оны Олимпийн тамирчдаас 2012 оны Олимпийн наадмын бамбарыг өртөөлөх буухианд оролцуулна. Мөн 12 мянган тасалбарыг янз бүрийн олимпид оролцож байсан Британийн тамирчдад өгөх ажээ. "Спортоор хичээллэж эхэлснээс бараг 60 жилийн дараа Олимпийн наадмыг эхнэрийн хамт үзэгчдийн суудлаас үзэж, тамирчдаа дэмжих гэж байгаадаа баяртай байна" гэж 1948 оны Олимпийн наадмаас нөхдийнхөө хамт мөнгөн медаль хүртэж байсан, өдгөө 86 настай хоккейчин Жон Пик ярьсан байна.
Харин 1936 оны Берлиний Олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдаас одоо амьд сэрүүн байгаа цорын ганц тамирчин болох Дороти Одэм-Тайлер ярихдаа: «нас өндөр болж автобусаар зорчиход хэцүү болсон учраас зохион байгуулагчид надад унаа гаргаж өгөхгүй бол орчин үеийн Олимпийн наадмыг үзэж чадахгүй л болов уу» гэжээ.
Эх сурвалж: Монцамэ
Сэтгэгдэл ( 0 )