АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамагийн Африкийн орнууд дахь айлчлал үргэлжилж байгаа бөгөөд тэр өчигдөр Өмнөд Африкийн экс Ерөнхийлөгч Нельсон
Манделатай уулзжээ. Түүнийг Манделатай уулзах завшааныг ашиглан түүний болон Ерөнхийлөгч Обамагийн дүүгийн хүүхдүүд хамт очсон байна. АНУ-ын тэргүүн хатагтайн энэ айлчлалыг улс төрийн гэхээсээ илүү нийгэм ч гэж тодорхойлж болно хэмээн түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлж байсан. Үнэхээр ч түүний айлчлал сонирхолтой үйл явдлаар дүүрэн байгаа аж. Мишель Обама өөрийн охид болон тэдний үеэлүүдийн хамт түүхийн дурсгалт олон газарт очих төлөвлөгөөтэй байгаа юм байна. Тэдгээрийн нэг нь Манделагийн 27 жил хоригдсон газар очиж үзэхээс гадна арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тэмцэж байсан түүний тэмцлийн голомтод очих гэнэ. Тэргүүн хатагтайн
айлчлалын тухай Охайо их сургуулийн Африкийн судалгаа хариуцсан захирал Стив Ховард хэлэхдээ "Африкууд Обамагийн гэр бүлийг хүлээж авахдаа яг л хүүгээ угтаж байгаа юм шиг байдаг. Тэд Африкийн ард түмэнд хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн. 100 хувь гэдэгт итгэлтэй байна" гэжээ. Мөн тэрээр Мишелийн нөхөр тэр бүр Африкт очиж чадахгүй учир түүний энэ айлчлал чухал ач холбогдолтой болохыг онцолсон байна. Ялангуяа залуусын хөгжилд онцгой нөлөөтэй аж. Өмнөд Африкийн нийт хүн амын 60 орчим хувь нь залуус байдаг бөгөөд тэдний олонхи нь 18 хүртэл насныхан байдаг байна. Харин тэдгээр залуусын хувьд эрүүл мэндийн асуудал, тэр дундаа ДОХ-ын халдвар тун ноцтой асуудлын нэг болоод байгаа аж. Тиймээс Мишель Обамагийн хэлэлцэх гол асуудлын нэг нь ч энэ сэдвээр байх гэнэ.
Эх сурвалж: Үндэсний шуудан
Сэтгэгдэл ( 0 )