Улирал өндөрлөсний дараахан К.Анчелоттиг халаад байсан "Челси" клубт үүнийг орлох хүнээ оллоо. Энэ нь өнгөрсөн улиралд "Порту"-гийн хамтаар трипл хийж, дээд амжилтуудыг ээлж дараалан тогтоосон португал мэргэжилтэн Андре Виллаш Боаш юм. Боаш багаа орхиж, "Челси"-д ирэх нь өнгөрсөн даваа гаригт бараг тодорхой болсон. Энэ өдөр тэрбээр "Порту"-тай байгуулсан гэрээгээ цуцалж, өөр багийг дасгалжуулахаар шийдсэнээ мэдэгдсэн юм. Үүнээс өмнө англичуудтай албан бус хэлэлцээрт хүрээд байснаас ийм шийдвэр гаргасан хэрэг. Улмаар өчигдөр тэр "Челси"-тэй албан ёсны тохиролцоонд хүрчээ. Боаш гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалсныхаа төлөө 15 сая еврогийн төлбөрт унасан. Харин тэр мөнгийг нь "Челси" гаргаж байгаа аж. Түүнийг авчраад багийн амжилт дээшилж байвал иймэрхүү мөнгө Абрамовичид сонин биш байх нь тодорхой. Харин Боашийн туслах В.Паррейра "Порту"-гийн жолоог атгахаар болжээ. Боашийн энэ шийдвэр "Порту"-гийн ерөнхийлөгч Хорхе Пинту да Коштаг огтхон ч гайхашруулаагүй гэнэ. "Түүнийг амралтын өдрүүдээ өнгөрүүлэхээр Лондон руу явахад би В.Паррейратай уулзаж, багийн шинэ дасгалжуулагчаар ажиллахад бэлэн эсэхийг нь асуусан. Түүнийг "Челси"-д очно гэдэгт би эргэлзээгүй" хэмээн да Кошта ярьжээ. Португал мэргэжилтэн Лондонд ирсэн даруйдаа гурван тоглогчийг худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэнэ. Түүний овоо хараанд өртсөн тоглогчид нь "Порту"-д түүний удирдлагад тоглож байсан колумб довтлогч Р.Фалькао, мөн тус багийн найруулагч Ж.Моутиньо, "Сантос"-ын довтлогч Неймар нар юм.
Эх сурвалж: Таван цагариг
Сэтгэгдэл ( 0 )