Өнгөрөгч дөрөвдүгээр сард баривчлагдсан Хятадын зураач Ай Вэйвэй буруугаа хүлээснийхээ дараа барьцаагаар суллагджээ. Түүнийг татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгасан юм.
“Би суллагдсан. Одоо гэртээ байна. Намайг нэг жилийн хугацаатай сулласан, гэвч ярилцлага өгч чадахгүй”гэж Ай Вэйвэй Британийн “Daily Telegraph” сонины сурвалжлагчтай утсаар холбогдохдоо хэлжээ. Ай Вэйвэй хэнтэй ч холбогдоогүй учраас түүнийг суллагдах гэж байгаа тухай гэр бүлийнхэн нь зөвхөн мэдээллийн хэрэгслээс мэдсэн байна.
Вэйвэй Бээжин хот дахь Олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн эх зургийг гаргаж байсан нэртэй зураач юм. Тэрбээр Хятадын Засгийн газрын явуулж буй үйл ажиллагааг хэд хэдэн удаа шүүмжилж байсан учраас түүнийг гэрийн хорионд оруулж байжээ.
Ай Вэйвэйг баривчилсны дараахан Британийн Гадаад хэргийн сайд Уильям Хейг, Таtе галерейн захирал Николас Серота, дэлхийн томоохон музейдын захирлууд болон Дэлхийн арт нийгэмлэгийн төлөөлөгчид түүнийг даруй суллахыг шаардсан өргөх бичиг гаргасан байна. Харин Хятадын Гадаад хэргийн яам үүний хариуд “улс орных нь дотоод хэрэгт оролцохгүй байхыг” хүсчээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )