Дэлхий дээрх хамгийн азгүй хүүхдүүдийн хувь тавилан өөр өөр бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг. Ивээл тусламж, нөмөр нөөлгөөр дутагдаж буй тэдэнд туслах сэтгэл Танд өөрийн эрхгүй төрөх биз ээ.
Газын зурвас дахь хүүхдийн хөдөлмөр
Газын зурваст оршин суудаг Палестин айлуудын хүүхдүүд ажил хийхээс аргагүйд хүрдэг ажээ.
Израиль, Палестины мөргөлдөөн болон хориг арга хэмжээний улмаас Газын зурвасын эдийн засаг жилээс жилд улам доройтсоор байгаа юм. Энэ нутагт гэр бүлийн хамгийн бяцхан гишүүн ч ажил хийхээс аргагүйд хүрдэг. Хэдийгээр Израиль Газын зурвасын бүслэлтийг зогсоосон ч тус бүс нутагт ажилгүйдлийн түвшин 40 хувьд хүрчээ. Тиймээс хүмүүсийн олонх нь хүнсний тусламжаар амь зогоодог байна.
Чадын дүрвэгсэд
Африкийн уугуул омгийнхон болон арабчуудын хооронд болж буй мөргөлдөөний улмаас Чад улсын зүүн өмнөд нутгийн олон оршин суугч хүүхдүүдийн хамт орон гэрээ орхин дайжжээ. Тэд толгой хорогдох газар олох хүртлээ хэрэн тэнүүчилдэг. Тэдний 100 мянга орчим нь дүрвэгсдийн албан ёсны статусгүй учраас ямар ч тусламж авдаггүй ажээ.
Энэтхэг дэх хүүхдийн хөдөлмөр
2010 онд Энэтхэг улс нийслэл Шинэ Дели хотдоо "Хамтын нөхөрлөлийн орнуудын наадам"-ыг зохион байгуулахаар бэлтгэж байлаа. Наадмын нээлт болох “Jawaharlal Nehru Stadium" цэнгэлдэх хүрээлэнг барих ажил төлөвлөсөн хугацаанаас хоцорч байв.
Тус орны өнцөг булан бүрээс ажил хайсан барилгачид нийслэл хотыг зорьж байлаа. Тэдэнд бага цалин өгч байсан учраас амьдрал ахуйд нь хүрэлцдэггүй байна. Иймээс тэд урамшуулал болон үнэгүй хоол хүнс авахын тулд хүүхдүүдээ барилгын ажилд дайчилдаг ажээ.
Цагаан фосфорын золиос
2009 онд Газын зурваст болсон байлдааны ажиллагааны үеэр Израилийн цэргүүд цагаан фосфор бүхий сум хэрэглэсний улмаас тухайн нутгийн олон оршин суугч маш хүндээр түлэгдсэн юм.
Энэ бодис нь агаарт задрахдаа дөл гаргадаг ба 800-гаас дээш градуст шатаж, шөнийн цагаар нэлээд их хэмжээний газрыг гэрэлтүүлдэг байна.
НҮБ-аас баталсан Ердийн зэвсгийн тухай конвенцийн дагуу уг зэвсгийг энгийн иргэд оршин суудаг дүүргүүдэд хэрэглэхийг хоригложээ. Гэвч Газын зурваст хамгийн сүүлд болсон зэвсэгт мөргөлдөөний үеэр Израиль Хамас хөдөлгөөнийхний эсрэг энэ зэвсгийг хэрэглэсэн байна.
Мумбай хотын ядуусын хороолол
Энэтхэгийн Мумбай хотын Дхарави дүүрэг бол Ази дахь хамгийн том ядуусын хороолол юм. Заримдаа дэлхий дээрх хамгийн том нь ч гэх нь бий. Мумбай хотын 12 сая хүн амын тал нь ийм хороололд бор хоногийг өнгөрүүлдэг ажээ.
Хятадад хүүхэд хулгайлах явдал гаарчээ
Хятадад бага насны хүүхэд хулгайлах явдал маш хурц асуудлуудын нэг болоод байна. Учир нь баячууд өв залгамжлагчтай болохын тулд ийм гэмт хэрэг үйлдэхээс буцдаггүй байна. Ядуу иргэд хүүхдээ хулгайд алдахаас сэргийлэн, зэрлэг бүдүүлэг арга хэрэглэхээс аргагүйд хүрдэг ажээ. Тэдний зарим нь хүүхдээ гэртээ цоожилж, баганаас гинжилж, тэр ч бүү хэл, торонд хийдэг байна.
Хоёр настай хүүгээ эцэг нь хулгайд алдахгүйн тулд гудамжны баганаас гинжилжээ. Таван настай хүү баян эрд хулгайлагдсанаасаа хойш эхийнхээ дэргэдээс холдохоо больжээ.
Африкийн өлсгөлөн
Африк хамгийн ядуу тив хэвээр байна. Тэнд дайн, ган гачиг болж, хүмүүс халдварт өвчинд нэрвэгдсээр байгаа билээ. Ийм үед хүүхдүүд бусдаас илүү их зовж шаналдаг.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )