“Сорвит” хочит зартай гэмт хэрэгтний гар бууг дуудлагаар худалдав

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 27

Британийн нийслэл Лондон хотын дуудлага худалдааны “Кристис” ордонд болсон ээлжит дуудлага худалдааны үеэр 1920-1930-аад оны үед Америкийг шуугиулж байсан мафийн толгойлогч, зартай дээрэмчин Аль Капонегийн хэрэглэж байсан гар бууг 67 мянга 250 фунт стерлингээр /109 мянга 80 доллар/ заржээ. Бууг худалдан авсан хүн нэрээ нууцалсан байна. 38 калибрын “Кольт” гар бууг 1929 оны тавдугаар сард үйлдвэрлэсэн бөгөөд тэр үед “Сорвит” хочтой Аль /Альфонс/ Капоне АНУ-ын хамгийн зартай гэмт хэрэгтэн, Чикаго хотын гэмт хэргийн ертөнцийн гол толгойлогчид тооцогддог байжээ. Тэрбээр тус улсад “хуурай хууль” гарсны дараа согтууруулах ундааны хууль бус наймааны сүлжээг бүхэлд нь хянадаг байв. Уг гар буу нь овор хэмжээ багатай тул халаасандаа хийсэн үед мэдэгддэггүй байна. Зартай дээрэмчин энэ бууг америкчуудыг цочроосон “гэгээн Валентины өдрийн хядлага” гэж нэрлэгддэг буудалцаанаас хойш хэдэн сар өнгөрсний дараа худалдан авсан байна. Аль Капонег 1931 онд баривчилсан бөгөөд түүний үйлдсэн хэргийн талаар мэдүүлэг өгөх зоригтой хүн байгаагүй учраас түүнд зөвхөн татвар төлөхөөс зайлсан хэргээр ял оноосон байна. Дээрэмчин 1939 онд суллагдаж, 1947 онд нас баржээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top