Эдийн засаг нь түргэн хурдацтай өсч байгаа Ази тив саятнуудынхаа тоогоороо анх удаа Европыг гүйцсэн бөгөөд тун удахгүй энэ үзүүлэлтээр АНУ-аас илүү гарах төлөвтэй байна. Энэ тухай хөрөнгө оруулалтын "Меррил Линч" болон зөвлөгөө өгдөг "Капгемини" компанийн дэлхийн баялгийн байдлын талаарх /World Wealth Report/ жил тутмын тайланд дурджээ. Тайланд тэмдэглэснээр, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын саятнуудын тоог өнгөрсөн оныхтой харьцуулахад 10 хувиар өсч, 3,3 сая болсон байна. Харин АНУ-д 3,4 сая хүн нэг саяас дээш долларын хөрөнгөтэй байгаа бол Европ тивийн саятнуудын тоо 3,1 саяд хүрчээ. Азийн саятнуудын хөрөнгийг нийлүүлэн үнэлбэл 11.6 их наяд доллар болж байна. Дээрх тайланд дурдсанаар, хэт баян хүмүүс болон бусад хүмүүсийн хоорондын хөрөнгийн ялгаа нэмэгдсээр байгаа ажээ. Ийм хандлага саятнуудын дунд ажиглагдаж байгаа бөгөөд хэт баячууд саятнуудын нэг хүрэхгүй хувийг эзэлж байна. Дэлхийн бүх саятнуудын хөрөнгийн нийт хэмжээ 42.7 триллион доллараар үнэлэгдэж байгаа ба тэдний талаас илүү хувь нь урьдын адил АНУ, Япон, Германд оршин сууж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )