Уго Чавес цаг бусаар нөгчвөл хэргийн эзэн нь тодорхой

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 27

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесын биеийн байдал эрс доройтсон тухай АНУ-ын Флорида мужид төвтэй Miami Herald сонинд мэдээлсэн байна. Тэрбээр Кубын нийслэл Гаванагийн эмнэлэгт ухаангүй хүргэгдэж, мэс засалд орсон аж. Чавесын ойрын холбоотнууд болох Фидель Кастро дүү Раулийн хамтаар түүнийг эргэж тойрчээ. Хоёр улсын Засгийн газар түүний биеийн байдал муудсан тухай мэдээллийг чандлан нууцалж байгаа ч АНУ-ын эх сурвалжууд олж мэдсэнд ихэд бухимдсан гэнэ.

Уго Чавес нь хамгийн сүүлд өнгөрсөн сарын 12-нд олон нийтийн телевизээр ард түмэндээ хандаж үг хэлснээс хойш огт сураггүй болсон юм. Тэрбээр утсаар дамжуулан хэлсэн үгэндээ ард түмнийхээ төлөө хийсэн зүйлээ тайлагнаж, ихэд учир битүүлэг зүйл ярьсан нь олны дунд сэжиг төрүүлжээ. Энэ бүхэн нь ажиглагчдыг Чавес хүнд өвчинд нэрвэгдэж, залгамж халаагаа хайж эхэлсэн тухай таамаг дэвшүүлэхэд хүргэсэн байна. Мөн Чавес "Би олон жилийн турш Цагаан ордны хамгийн том дайсан байсаар ирсэн. Хэрэв би цаг бусаар нөгчвөл хэргийн эзэн нь тодорхой" хэмээн мэдэгдэж байсан удаатай.

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top