Наоми Осака. Талбайн теннисний спортод өмнө нь Япон хүн түүн шиг амжилт гаргаж байгаагүй. Кей Нишикори томчуудтай аралцдаг байсан ч том тэмцээний цом хүртэх аз тохиогоогүй.
Өсвөр насандаа 16 наснаасаа талбайн теннисний спортод гарч ирж байгаагаа дуу чанга зарласан юм. Төд удалгүй 17 насандаа дэлхийн чансааны шилдэг 50 теннисчний нэг болсон байлаа.
Дорнын тэр дундаа ёс заншилдаа хайрцаглагдсан Япон улс эрлийз хүнд таатай хандана гэж төсөөлж байгаагүй байх. Гэтэл түүнд маш том хүндэтгэл үзүүлж, олимпын наадмын бамбар асаах эрхэм үүрэг олгожээ.
Энэ бол түүнд үзүүлсэн гүн хүндэтгэл байлаа. Францын нээлттэй тэмцээнээс сэтгэл зүйн байдлаасаа болж хасагдан, Уимбледонд онцгойрох бүрэн боломж байсан ч сэтгэл зүйгээ тогтвортой болгож чадаагүй гэх шалтгаанаар оролцоогүй. Алдартан бүү хэл хөл алдсан нэгнээ хэвлэлээр хангалттай балбадаг Америк, барууны хэрэгслээр түүнийг хангалттай шүүмжилж байхад эх нутаг нь түүнийг мартаагүй шүү гэдгээ ийнхүү олимпын тэнгэр дор харуулав.
“Миний хувьд энэ спортын хамгийн хэцүү зүйл нь ялсны дараа өгдөг ярилцлага. Ний нуугүй хэлэхэд, ярилцлага өгснөөс зүгээр л ракетаа бариад хэн нэгэнтэй өрсөлдсөн нь дээр. Яагаад ч юм микрофон харахаар нэг л тухгүй болчихдог. Олон нийт ч шүүмжилдэг” гэж Наоми Осака ярьж байжээ.
Япон гүрэн түүнд итгэж байгаагаа ийнхүү харуулав. Яалт ч үгүй энэ олимпын хамгийн том фаворит нь Наоми Осака. Сэтгэл зүй нь ямар байхаас шалтгаалан Япон улс талбайн теннисээр алтан медаль авах уу, үгүй юу гэдэг нь шийдэгдэх учраас том улс түүнд анхаарал хандуулж байгаа нь энэ. Дэлхийн теннисний спортын түүхэнд Уиллиамсын эгч дүүс хүч түрэн орж ирсэн шиг Осакагийн эгч дүүс ч ингэж гарч ирж байлаа.
Хувь заяаны тохиолоор Наоми Осака 2018 оны Америкийн нээлттэй тэмцээний шигшээд Серена Уиллиамстай таарсан юм. Домог болсон тамирчинтай, шинээр гарч ирж буй Осака хоёр сетийн турш өрсөлдөж, 6-2, 6-4 харьцаагаар домгыг нутагт нь буулган авсан билээ. Тэмцээний дараа өгсөн ярилцлагадаа “Уучлаарай” гэж эхлүүлээд “Домог болсон тамирчинтай өрсөлдөх нь нэр төрийн хэрэг байлаа” гэж ярьж байсан юм. Одоо бол тэр Америкийн болон Австралийн нээлттэй тэмцээнд тус бүр хоёр түрүүлж, дэлхийн чансааг тэргүүлж байна.
Өнгөрсөн онд түүнийг алдарт TIME сэтгүүлээс дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэсэн. Алдарт “Netflix” суваг түүний намтраар гурван ангит 40 минутын баримтат кино хийсэн нь энэ сарын 16-нд үзэгчдийн хүртээл болсон билээ. Олон нийт энэ киног талархалтай хүлээн авч Холливудад түүний намтраар кино хийх хүсэлт ирсэн байна.
Арьс өнгөний үзэл, ялгаварлан гадуурхал, хүйсийн тэгш эрхийн төлөө тэмцдэг түүнийг ирээдүйд талбайн теннисээр домог болсон олон амжилт гаргана гэж итгэл тавин харж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Япончууд монголчууд шиг хүнийг арьс өнгө эрлийз хурьлийзаар нь ялгадаггүйшүү ийм хүүхдүүд зөндөө байдаг
Харууд сэтгэл сайтай, авьяастай дэлхийн од тамирчид харууд байдаг. Юун монгол.