Өнгөрсөн ням гарагт Йемений зүүн нутгийн боомт хот болох Аденд Засгийн газрын цэргүүд болон террорист «Аль-Каида» бүлэглэлийн босогчдын хооронд болсон мөргөлдөөний үеэр 11 хүн амиа алдсан тухай тус хотын цэргийн командлалын төлөөлөгч мэдээлжээ.
"Аден хотын зүүн дүүрэгт болсон буудалцааны үеэр 3 цэргийн албан хаагч, "Аль-Каида"-гийн 9 босогч амь эрсдэж, 15 цэрэг болон 20 босогч шархадсан» гэж цэргийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
"Аль-Каида"-гийн босогчид бүтэн долоо хоногийн турш Аден хотыг эзлэн авахыг оролдож байгаа ажээ. Энэ сарын эхэнд болсон халдлагын үеэр шархадсан Йемений Ерөнхийлөгч Али Абдалла Салех засгийн эрхийг шилжүүлэн өгөх хэд хэдэн арга замыг санал болгохоор ойрын хугацаанд эх орондоо буцаж ирнэ гэж Ройтерс агентлаг нэрээ нууцалсан дипломат ажилтны хэлснийг иш татан өнгөрсөн ням гарагт мэдээлсэн байна.
Салех зургадугаар сарын 3-нд Йемений нийслэл Сана хотод оршдог Ерөнхийлөгчийн ордны ойролцоох сүм рүү үл мэдэгдэх этгээд гал нээх үед шархаджээ.
Тус улсын Ерөнхийлөгчийг огцрохыг шаардсан ард олны бослого хөдөлгөөн өнгөрөгч хоёрдугаар сард эхэлсэн билээ. Барууны хэвлэлүүдэд мэдээлснээр, эмх замбараагүй байдлын үеэр хэдэн зуун хүн амиа алдсан бөгөөд сүүлийн хэдэн долоо хоногийн турш босогчид болон Засгийн газрын цэргүүдийн хооронд мөргөлдөөн болсоор байгаа юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )