Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгаас болж, ногоон санхүүжилтийн тухай ихээхэн яригдсаар байгаа ч сүүлийн жилүүдэд нүүрсний худалдаа сэргэж, улам мандсаар байна.
Ачаа тээврийн хөлөг онгоцууд Азиас эко хэмээгддэг Европ руу нүүрс тээвэрлэсээр завгүй байгаа бөгөөд тээврийн усан онгоцны ачаа тээвэрлэх үнэ хөлс өссөөр байна. “Stifel”-ийн шинжээч Бен Нолан “Нүүрсний эрэлт энэ онд огцом өссөн бөгөөд тус түүхий эдийн үнэ шинжээчдийн таамгийг даваад байна” гэжээ.
Австралийн өндөр зэрэглэлийн эрчим хүчний нүүрсний үнэ баасан гарагийн байдлаар тонн нь 151 ам.доллар болж өссөн нь өнгөрсөн есдүгээр сараас хойш гурав дахин өссөн үзүүлэлт ажээ.
Харин Австралийн коксжих нүүрсний үнэ (гангийн үйлдвэрлэлд ашигладаг нүүрс) тонн нь 127 ам.доллар болоод байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс бараг 80 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ онд дэлхий олон оронд хэт халснаар цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсөж, нүүрсний эрэлт өсөхөд нөлөөлжээ. Нолан "Энэ жил Азид халуун зун болж, нүүрснээс татгалзаж байсан хэд хэдэн улс дахин нүүрсний томоохон хэрэглэгч болсон” гэв. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард Хятадын өмнөд хэсэгт ган гачиг болсноор усан цахилгаан станц ашиглах боломжгүй болсон байна. “Maritime Strategies International” сарын тоймдоо "Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо нүүрсний 100 сая гаруй тонн нөөц бүрдүүлэхээр төлөвлөж байгаагаа зарласан боловч дотоодын нүүрсний нөөц өнгөрсөн хоёрдугаар сараас хойш хамгийн бага түвшинд хүрсэн" тухай тодотгожээ. Түүнчлэн “Braemar ACM Shipbroking” -ийн мэдээлснээр өвлийн улиралд бэлтгэхийн тулд Өмнөд Солонгос нүүрсний худалдан авалтаа нэмэгдүүлсэн байна. Өмнөд Солонгосын долоодугаар сарын нүүрсний импорт сүүлийн таван жилийн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байгаа аж. Өнгөрсөн сард болсон түүхий эдийн виртуал хурлын үеэр Норвегид бүртгэлтэй “Bulkers” компанийн гүйцэтгэх захирал Магнус Халворсен “БНХАУ жилд дөрвөн тэрбум тонн нүүрс хэрэглэж, 300 сая тонныг импортлодог. БНХАУ ногоон санхүүжилтээ нэмэгдүүлж, сэргээгдэх эрчим хүчээ дэмжсэн ч тус улсын нүүрсний импортод төдийлөн нөлөөлөхгүй” гэжээ.
Харин “EuroDry” компанийн гүйцэтгэх захирал Аристидс Питтас “Хятад нүүрсний уурхайнуудынхаа цөөлсөөр байгаа. Тиймээс илүү сайн чанарын нүүрстай орон ашиг хүртэнэ. Хэдийгээр нүүрс байгаль орчинд ихээхэн хор уршигтай дэлхийн улс орнууд уг түүхий эдээс татгалзаж чадахгүй байна” гэжээ. Манай улс энэ онд 42 сая тонн нүүрс экспортлох зорилт нь тавьсан ч 28 сая тонн болж буурахаар байгааг холбогдох мэргэжилтнүүд онцолсон билээ. Нүүрсний экспортын биет хэмжээ буурснаар төсөвт нүүрсний салбарын орлого 368 тэрбум төгрөгөөр тасалдах тооцоог ч Сангийн яам гаргаад буй. 2021 оны төсөвт нүүрсний салбараас нийтдээ 1.34 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тусгасан нь ийнхүү буурч болзошгүй болоод байна.
Цар тахлын тархалт манай улсад нэмэгдэж байгаа тул Хятадын талаас хилийн хяналтаа чангатгах, цаашлаад хаах хүртэл арга хэмжээг хэд хэдэн удаа авч хэрэгжүүлээд байгаа юм. Хамгийн сүүлд нүүрсний гол гарц болсон Гашуунсухайт-Ганцмод боомтоор (06.24-07.04) нүүрсний машины нэвтрэлтийг бүрэн зогсоолоо. 2020 оны цар тахлын жил манай улс 28.6 сая тонн нүүрс экспортолсон нь 2019 оныхоос 21.6 хувиар бага үзүүлэлттэй гарсан. Өнгөрсөн жилийн эхний хагаст нүүрсний экспорт маш сул байсан ч наймдугаар сараас “Ногоон гарц” хөтөлбөр хэрэгжүүлснээр нүүрсний худалдаа огцом өссөн. Ингэснээр тухайн оны 8-10 дугаар сард нүүрсний экспорт сардаа 4-4.6 сая тонн болж оргилдоо хүрсэн юм. Тэгвэл энэ онд ч тийм байх бүрэн боломжтой гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )