Францад гэдэсний халдварт нян илэрлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 28

Гэдэсний халдварт нян бүхий давтсан маханд хордсон долоо дахь хүүхэд Францын Лилль хотын эмнэлэгт хүргэгджээ. Энэ тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн өглөө гэдэсний Е.соli савханцрын халдвар авсан гэсэн оноштойгоор зургаан хүүхэд Лилль хотын эмнэлэгт хэвтжээ. Францын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч «SЕВ» компанийн боловсруулсан давтсан махыг идсэнийхээ дараа хүүхдүүд цусаар суулгаж эхэлсэн байна. Уг компани бүтээгдэхүүнээ «Lidl» сүлжээ дэлгүүрээр борлуулдаг ажээ.
Гэдэсний халдварт өвчин авсан долоо дахь хүүхэд Амьен хотоос хүргэгдэн ирсэн бөгөөд өмнө нь эмнэлэгт хүргэгдсэн зургаан хүүхдийнхтэй ижил оноштой байжээ. Давтсан мах үйлдвэрлэгч компани пүрэв гарагийн шөнө худалдаанд гаргасан аюултай халдварт нянгийн эх сурвалж болсон бүх бүтээгдэхүүнээ дэлгүүрүүдээс буцаан татсан тухайгаа мэдэгдсэн байна. Гэдэсний савханцар тээгч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн махыг Герман, Бельги, эсвэл Голландаас оруулж ирсэн байж магадгүй гэж «SЕВ» компанийн ерөнхий захирал Ги Ламорлетт өнгөрсөн пүрэв гарагт мэдэгджээ.
Үүний өмнө Францын Эрүүл мэндийн яамны шинжээчид тус улсад Германд тархсан халдварт өвчинтэй огт холбоогүй нян илэрсэн тухай мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top