Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенког шүүх хурал маргааш Киев хотод болно. Ерөнхий сайд асныг 2009 онд ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путинтэй байгалийн хий нийлүүлэх гэрээтэй холбоотойгоор албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгаж байгаа юм. Түүний Оростой хийсэн эрчим хүчний бүтээгдэхүүний гэрээнээс үүдэн Украин улс 200 сая орчим долларын алдагдал хүлээсэн байна. Мөн тус улсын нефть, хийн "Нафтогаз" компанийн ерөнхийлөгчийг Оросын "Газпром" компанитай гэрээ байгуулахыг тулгасан хэрэгт буруутгаж байгаа аж.
Тимошенко буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүх хурлыг тус улсын одоогийн Ерөнхийлөгч Виктор Януковичийн явуулга гэж үзэж байгаа юм. “Улс төрийн амьдралд оролцоход нь саад болж, нэр хүндийг нь унагаах зорилгоор өөрт нь холбогдох хэргийн шүүх хурлыг дараагийн парламентын сонгууль хүртэл үргэлжлүүлэх болно” гэж Тимошенко хэлсэн байна. Тэрбээр Януковичийг “шүүхийн шударга бус үйлдлийг санаачлагч" гэж нэрлэжээ.
Хэрвээ Тимошенкогийн гэм буруутай нь тогтоогдвол түүнд 7-10 жилийн хорих ял оноох гэнэ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )