ПАРАЛИМП: Манай хоёр бөх дагаж барилдахаар боллоо

2021 оны 08 сарын 27

"Токио-2020" паралимпын наадамд оролцож буй манай тамирчид өнөөдөр /2021.08.27/ тэмцээнээ эхлүүлсэн.

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д зодоглосон А.Мөнхбат эхний даваанд Австралийн У.Фиппсийг цэвэр ялж, шөвгийн наймд үлдсэн. Гэвч дараа нь Украины жүдоч, энэ жиндээ дэлхийн чансааг тэргүүлж буй Д.Хоравад үүрэх мэхэнд нь цэвэр ялагдсанаар дагаж барилдахаар болов.

Тэрбээр дагах барилдаанд Японы Южиро Сетотой таарсан бөгөөд түүнийг хожвол хүрэл медалийн төлөө хүч сорих юм.

Мөн эрчүүдийн 60 кг-д зодоглосон С.Ядамдорж Гүржийн З.Зурабианиг цэвэр ялж гараагаа сайхан эхлээд Казахстаны А.Сариевт вазаригаар дийлдлээ.

Тэрбээр одоо дагах барилдаан хийх бөгөөд өрсөлдөгч нь хараахан тодроогүй байна.

Түүнчлэн өнөөдөр байт харваачид тэмцээнээ эхлүүллээ. Эмэгтэй ганцаарчилсан төрлийн чансаа тогтоох харваанд Д.Сэлэнгэ 461 оноогоор 23-т бичигдэв. Тэрбээр есдүгээр сарын 2-нд шөвгийн 16-д үлдэхийн төлөө Польшийн М.Олзевскатай халз харвана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top