Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатартай ярилцлаа.
-УИХ-аар хэлэлцэж буй Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл бизнесийн салбарынхны эсэргүүцэлтэй тулгарч эхэллээ. Танай холбоо ямар байр суурьтай байгаа вэ?
-Бизнес эрхлэгчдийн зүгээс Худалдаа аж үйлдвэрийн танхимын шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоонд маш олон санал хүсэлт ирүүлж байна. Уг хууль батлагдвал танхимын үйл ажиллагаа мэргэжлийн холбоодын үйл ажиллагаатай давхцана, бизнесийн салбарыг нэг гарт төвлөрүүлэх сөрөг талууд байгаа талаар санал хүсэлтүүд ирсэн. Энэ талаар Улаанбаатар хотын худалдааны танхим тэргүүтэй мэргэжлийн 54 холбоо, УИХ, Худалдаа аж үйлдвэрийн танхимтай зөвшилцөхөөр урьсан боловч ирээгүй. Монгол дахь Евро танхим, Америкийн худалдааны танхимууд ч үүнийг эсэргүүцэж байр сууриа илэрхийлээд байгаа. Тэдний зүгээс Монгол Улс хэрвээ зах зээлийн нийгмийг хөгжүүлэх гэж байгаа бол Худалдаа аж үйлдвэрийн танхимын хуулийг олон улсын жишигт нийцүүлэхийг зөвлөсөн.
Социализмын үеийн худалдаа аж үйлдвэрийн танхим шиг бүхнийг диктатурын аргаар үйл ажиллагаа явуулдаг ганц холбоо байж болохгүйг анхааруулсан. Бид эдгээр саналыг нэгтгэж УИХ-д уламжилсан. Дээр нь нэг зүйлийг онцлоход, УИХ, Засгийн газраас сүүлийн үед цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг дэмжихийн тулд бизнесийн салбарын орчны сайжруулахад онцгой анхаарч байгаа. Бизнес эрхлэгчид ч төр засгийн шийдвэрүүдийг талархан хүлээн авах болсон. Энэ хүрээнд Гадаад хөрөнгө оруулалтын тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль зэрэг бизнесийн салбарыг дэмжих эрх зүйн шинэчлэл хийгдэх хүлээлттэй байна. Харамсалтай нь ганц Худалдаа аж үйлдвэрийн танхимын хуулиар энэ бүхнээ баллах эрсдэлтэй. Бизнесийн орчныг сайжруулах хуулийн төслүүд өөр хоорондоо маш сайн уялдаа холбоотой байх ёстой. Энэ бүхнийг нэг хуулиар базах нь хөрсөн дээрээ буухгүй.
-Бизнесийн салбарын хэд хэдэн холбоо нэгдэн дарангуйллын систем бий болгох хуулийн төсөл батлахыг эсэргүүцэж байсан гэх агуулгатай мэдэгдэл гаргасан. Хуулийн төсөлд ямар ноцтой заалтууд байгаа болоод бизнесийн салбарынхны эсэргүүцэлтэй тулгарав?
-Худалдаа аж үйлдвэрийн танхимын шинэчилсэн найруулгын төсөлд ганц төрийн бус байгууллага бүх аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгоно, заавал бүгд танхимын гишүүн байна. Мэргэжлийн холбоодыг Худалдаа аж үйлдвэрийн танхимын дор нэгтгэж, мэргэжлийн танхим болгоно гэх мэт ноцтой олон заалт бий. Ийм танхим бүхнийг захиргаадалтаар зохицуулдаг хуучин нийгмийн үед ч байгаагүй. Тиймээс бид уг хуулийн төслөө бүхэлд нь эргэж хараач ээ гээд байгаа юм. Хуулийн төслийг бүгдээрээ хэлэлцэх ёстой. Бүгд нийлж хэлэлцэхдээ мэргэжлийн холбоодын санал, санаачилгыг тусгахыг санал болгож байгаа.
Уг хуулийн төслийг санаачилсан УИХ-ын гишүүд, Эдийн засгийн байнгын хороо энэ талаар арга хэмжээ аваасай. Ажил ологчдын нэгдэл, худалдааны танхим, мэргэжлийн холбоод өөр хоорондоо ялгаатай үйл ажиллагаа явуулдаг. Тэс өөр чиглэлийн гурван байгууллагын үйл ажиллагаанд одоогоор давхцал байхгүй. Эдгээрийн үйл ажиллагааны ялгааг таньж мэдэх ёстой. Үүнтэй танилцаж, УИХ-аар хэлэлцүүлэх явцад нь хуулийн төслийг өөрчлөх боломжтой. Мөн уг хуулийн төсөлд Худалдаа аж үйлдвэрийн танхим Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих заалт явж байна. Энэ их эрх мэдэл Худалдаа аж үйлдвэрийн танхимд байх шаардлагагүй.
-Ер нь Худалдаа аж үйлдвэрийн танхимын үүрэг юу вэ?
-Ерөөсөө л Монголын худалдааг дэмжих үүрэгтэй. Худалдаатай холбоотой маргаан гарч байвал, тэр танхимын асуудал. Бизнес эрхлэгчдийн чадавх сул байвал, танхим түүнд анхаарах ёстой. Гэтэл танхим энэ ажлаа огт хийхгүй байгаа. Танхим үйлдвэрлэгчдийн барааг гадаад зах зээл дээр гаргахын тулд явж байх ёстой. Дэлхийн даяар худалдааны танхимууд ийм үүрэгтэй ажилладаг. Олон улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын хүлээсэн тодорхой үүргүүд бий. Тэдгээрийг хэрэгжүүлэх тал дээр дутмаг байсаар ирлээ. Өнөөдөр Монголын гадаад худалдаа эрсдэлд ороод байхад, Худалдаа аж үйлдвэрийн танхим яагаад юу ч хийхгүй байгаа юм. Үүнийг хийхийн оронд нам ч юм шиг, танхим ч юм шиг болчихоод байна. Монголд ерөөсөө ганцхан би байна гэдэг байдлаар улстөржиж байгааг ойлгохгүй юм.
-Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин бизнес эрхлэгчид нэг удирдлагатай болж, нэгдсэн зохион байгуулалтад орсноор илүү үр дүнтэй ажиллана гэдэг байдлаар тайлбарласан байсан. Хуулийн төсөлд ийм агуулга байна уу?
-Яг энэ агуулга багтсан. Түүгээр ч барахгүй О.Амартүвшин ерөнхийлөгч орон нутагт хуулийн төслөө сурталчлах ажлаар УИХ-ын гишүүдийн хамт аймгийн Засаг дарга нартай уулзаад явж байгаа. Орон нутагт хийж байгаа уулзалтууд дээрээ үүнийг шууд хэлсэн байна лээ. Монгол Улсад одоо ганцхан төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулна. Мэргэжлийн холбоод мэргэжлийн танхим болж, миний дор орж ирнэ, бэлтгэ гэх мэтчилэн зүйлсийг ярьсаар яваа. Танхимын ерөнхийлөгч хүн ийм хандлага гаргаж болохгүй. Өнөөдрийн Монгол Улс бол зах зээлийн нийгэмтэй орон. Улс орны хөгжилд мэргэжлийн байгууллагууд болон танхимын гүйцэтгэх үүргийн ялгааг ойлгохгүй байна. Жишээлбэл, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд ноос ноолуурын зөвлөл гэж байгаа. Тэр зөвлөл өнөөдөр ажиллаж чаддаггүй. Ноос, ноолуурын мэргэжлийн холбооны ажлыг хийж чаддаггүй байхгүй юу.
Мэргэжлийн холбоо нь техник, технологийн хөгжлөөс эхлээд бүх зүйлийг гардаж хийдэг. Мэргэжлийн холбоо бүрийн ард шинжлэх ухааны салбаруудын хөгжил яригдаж байгаа. Үүнийг танхим дэргэдээ хийнэ гэвэл том эндүүрэл болно. Манай холбоо ч мэргэжлийн холбооны ажлыг хийж чадахгүй. Ийм шалтгаанаар бизнесийн салбаруудыг нэгтгэх асуудлыг бизнес эрхлэгчид хүлээн авч чадахгүй байгаа юм. Худалдаа аж үйлдвэрийн танхим худалдааг дэмждэг олон улсын жишгээрээ л явъя. Үйлдвэрлэлийн чанар стандарт, техник технологийн хөгжил, хөдөлмөрийн асуудлаа мэргэжлийн холбоод нь зохицуулаг. Эдгээрийг ганц удирдлагаар зохицуулна гэдэг амаргүй ажил болно. Дэлхий дээр хамгийн том төвлөрсөн зохион байгуулалт хэрэгжүүлж буй Хятад улсад ч худалдаа танхим, ажил олгогчдын нэгдэл, мэргэжлийн холбоод нь тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг. Улсын эдийн засгийг ганц холбоо тэргүүлээд хөгжсөн тохиолдол капиталист орнуудын түүхэнд байхгүй. Тийм оролдлогыг одоогоос 30 жилийн өмнө нурж унасан нийгэмд хийж үзэх гээд бүтэлгүйтсэн.
-Монгол Улс чөлөөт зах зээлийн замыг сонгосон. Гэтэл баруун төвийн үзэл баримтлалтай гэдэг АН-ын УИХ дахь бүлэг уг хуулийн төслийг дэмжсэн байна лээ. Үүнийг та юу гэж харж байна даа?
-АН-ын бүлэгт туршлагатай бизнесменүүд бий. Бүлгийн дарга Д.Ганбат өөрөө бизнесийн маш арвин туршлагатайгаас гадна С.Одонтуяа, А,Адъяасүрэн зэрэг бизнесменүүд байна. Б.Пүрэвдорж гэхэд л махны мэргэжлийн холбоог тэргүүлдэг. Тэд уг хуулийн төслийг дэмжсэн бол улстөрийн шинж чанартай шийдвэр гаргасан байх гэж бодож байна. Яагаад гэвэл, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга өөрөө АН-ын хүн. Тиймээс АН улстөрийн дэмжлэг үзүүлсэн юм болов уу. Харин УИХ дахь МАН-ын бүлэг энэ хуулийг эргэж харна гэж найдаж байна. Тэр тусмаа уг хуулийн төслийг зөвхөн улс төрийн намуудын түвшинд биш улс орны хөгжлийн хүрээнд хараасай. Танхимын нөхдүүдийн зүгээс бизнес эрхлэгчид УИХ, Засгийн газартай харьцахад ганцхан цонхтой байх ёстой гэж үзээд байгаа. Гэтэл ганцхан танхимтай болчихвол зовлон илүү нэмэгдэнэ.
-УИХ-д хэн нэгэн лобби бүлэг байгуулж, хуулийн төслийг яг өнөөдрийн байдлаар нь хүч түрэн баталвал юу болох вэ. Тийм боломж байгаа шүү дээ?
-Хууль тогтоох эрх нь парламентын гишүүдэд байгаа. Бас тэр хүмүүс ард түмнийг төлөөлж парламентад сууж байгаа. Тэр хүмүүс ард түмнээ сонсох ёстой. Хуулийг хүч түрэн баталлаа гэхэд амьдрал дээр хэрэгжих боломжгүй. Худалдаа аж үйлдвэрийн танхим гэдэг дахин нэг Засгийн газар бий болгох гэж байна шүү дээ. Мөн олон улсын гэрээ конвенц, ард иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн хууль амьдрал дээр хэрэгжих боломжгүй. Энэ хууль батлагдаж гарлаа гээд төрийн бус байгууллагуудыг татан буулгах эрх зүйн үндэс байхгүй.
-Ерөнхийдөө Худалдаа аж үйлдвэрийн танхимын хуулийн шинэчилсэн найруулга төр, бизнес хоёрын хороонд оршиж буй ханыг улам өндөрсгөх нь дээ?
-Би хувьдаа ганцхан хуулийн төслөөс болж төр, хувийн хэвшлийн сайн харилцаанд битгий яс хаяасай гэж харж байна. Өнөөдөр мэргэжлийн холбоодын нийгэмд гүйцэтгэх үүрэг өндөр болж, тэр хэрээрээ төр, хувийн хэвшлийн түншлэлд үсрэнгүй дэвшил гараад байгаа. Салбарын яам, мэргэжлийн холбоодын уялдаа холбоо маш их сайжирсан энэ үед төр, хувийн хэвшлийн түншлэлийн дундуур танхим орох нь буруу. Мэргэжлийн холбоодоо түшээд явбал, салбарын хөгжилд асар их үүрэгтэй гэдгийг нь салбарын яамдууд дөнгөж ойлгож эхэлж байна шүү дээ.
-Тэгэхээр Худалдаа аж үйлдвэрийн танхимын хуулийг шинэчлэх шаардлага үнэхээр байна уу. Танхим одоогийн хууль болон гишүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадаж байна уу?
-Би амьдралын хувьд Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимтай холбоотой хүн. Үйлдвэр, худалдааны орлогч сайд байхдаа одоогийн мөрдөж байгаа Худалдаа аж үйлдвэрийн танхимын хуулийг УИХ-ын гишүүн асан Ж.Гөлгөө нартай хамтран санаачилж байсан юм. Тэр үеийн ажлын хэсгийн гишүүдээс одоо цөөн хүн амьд байна. Төр, хувийн хэвшлийг жинхэнээсээ холбодог, худалдааг нэмэгдүүлдэг, гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулдаг, жижиг, дунд үйлдвэрийг дэмждэг төрийн бус байгууллага болгоно гэж Худалдаа аж үйлдвэрийн танхимын хуулийг санаачилсан.
Би одоо танхимын гишүүн биш учраас үйл ажиллагааг нь дүгнэх зохисгүй. Жинхэнэ гишүүдийнх нь дүгнэсэн дүгнэлт дотор бол олон асуудал байна билээ. Тэдгээрийг танхим уншиж, үйл ажиллагаандаа тусгавал сайн. Хамгийн гол нь 1995 онд батлагдсан хууль өнөөдрийн харилцааг зохицуулж чадахгүй болсон гэдэг нь үнэн. Өнөөдрийн олон тулгуурт, хувийн хэвшилд суурилсан эдийн засагт худалдааг цоо шинэ хуулиар зохицуулах ёстой. Энэ чиглэлд танхимыг чадавхжуулсан, үнэхээр гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага болгох гэж байгаа юм болов уу гэж бодсон. Гэтэл өнөөдөр тийм биш харин ч захирдаг, атгадаг, баздаг болох хэлбэрт оруулна гэдгийг ойлгохгүй байна. Худалдаа аж үйлдвэрийн танхимыг олон жил удирдсан С.Дэмбэрэл, Б.Лхагважав нарын үеэс өнөөдрийн танхимд хоёр л хүнд үлдсэн. Бусад нь дандаа шинэ залуус. Тэгэхээр танхимын уламжлал, үүрэг, шинэчлэл зэргийг сайн судлалгүй давхиад байх шиг байна. УИХ-ын гишүүд дотор ч танхимын хуулийг сайн уншиж, ойлгоогүй нь олон. Тиймээс бүгд хууль дүрмээ уншъя гэж хэлмээр байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Энэ БУГ зайлаач