Калифорни мужийн Плисантон хотын 16 настай хүү Лука Миятович усанд сэлэлтийн АНУ-ын АШТ-д дөрөвдүгээр байр эзэлжээ.
Хэдийгээр дөрөвдүгээр байр ч гэлээ үзүүлсэн цаг нь насандаа дээд амжилтад тооцогдсон юм. 200 метрийн чөлөөт сэлэлтийн цаг нь 1:45.92 бөгөөд 16 хүртэлх насныхны өмнөх дээд амжилтыг бараг 2 секундээр ахиулсан байна. Майкл Фелпс 17-18 насны ангилалд уралдаж байхдаа яг энэ төрөл, яг энэ зайд 1:45.99 цагийн амжилт тэмдэглүүлж байжээ.
Энэ хүү ахлах сургуулийнхаа төгсөх шалгалтыг ирэх жил өгнө. Тэгээд дараа жил нь Лос-Анжелесийн олимпын наадамд оролцож дуулиан тарих магадлалтай гэнэ.
Лука Миятович 3 нас 6 сартайдаа сэлж суржээ. “Намайг уг нь 4 нас хүрээгүй байхад аав ээж хоёр маань усанд сэлэлтийн дугуйланд оруулсан юм. Гэвч би хөлбөмбөг тогломоор санагдаад 5 настайдаа гарчихсан” гэж тэр ярьжээ.
Байгалиас заяасан өгөгдөл, авъяас нь өдөр ирэх тусам улам тодрох болсон учир 7 настайдаа эргээд бассэйнд очсон байна.
“Хүүгээ 8, 9 настай байхад л бид ирээдүйд амжилт гаргаж болох юм байна гэдгийг ойлгосон” гэж ээж нь өгүүлэв.
Харин Плисантоны сургуулийн багш дасгалжуулагч Стив Морсилли “Яалт ч үгүй үеийнхээ гоц авъяастан нь даа. Гэхдээ төгс тамирчин болох маш хэцүү. Би хүүхдүүддээ үүнийг байнга захиж хэлдэг. Амьдрал, сургууль хоёроо хаялгүй адилхан тэнцүү авч явахыг л хичээх хэрэгтэй гэж. Үнэндээ бол аугаа тамирчин болохоор тэмүүлж буй цагт бүхнийг төгс байлгах маш хэцүү” гэж өгүүлсэн байна.
Лука Миятович сэрүүлгээ 4:15-д тавьдаг ч 4 цагт сэрээд сурчихсан. 5 цагаас 6:30 хүртэл бэлтгэлтэй. Тэгээд гэртээ ирээд 8:30-д сургуульдаа очоод 12:40 гэж тардаг. Харин орой 18 цаг гэхэд биеийн хүчний бэлтгэлдээ орно. 19 цаг хүртэл хүчний бэлтгэл хийчихээд гэртээ ирээд оройн хоолоо идээд, 20:30 гэхэд унтахаар хэвтдэг ажээ. Амьдралынх нь сургуультай өдөр бүрийн хуваарь ийм.
Амралтын өдөр бол 5:45-д сэрдэг. Тэгээд орой 19:45 хүртэл бэлтгэлүүдтэй. Аав нь хүүгээ бэлтгэлийн заал, сургууль руу байнга хүргэж өгч, авдаг ажээ.
39 настай Майкл Фелпсийн хувьд дөрвөн удаа олимпын наадамд оролцохдоо 28 медаль хүртсэний 23 нь алтан медаль байдаг. Тэгвэл өсвөр насандаа Фелпсийн мөн насны амжилтыг эвдсэн энэ хүүг усанд сэлэлтийн спортын ирээдүйн Хаан болж магадгүй гэж таамаглаж буй юм байна.
Сэтгэгдэл ( 0 )