Баасан гарагт /2021.11.19/ сүүлийн таван зуун жилд ажиглагдаагүй 3.5 цаг үргэлжлэх сар хиртэлт болж байна.
Энэхүү ховор үзэгдлийг Номхон далайн бүс нутаг, Хойд болон Өмнөд Америк, Зүүн Ази, Хойд Европ, Индонезод ажиглах боломжтой гэнэ.
Сар хиртэлт УБ цагаар 15.20-18.48 цагийн хооронд гурван цаг 28 минут үргэлжлэх юм. Сар дэлхийн сүүдэр бараг бүрэн орох тул сарны “бараг бүтэн” хиртэлт гэж эрдэмтэд нэрлэж байна. Ингэхдээ сарны ихэнх хэсэг улаавтар өнгөтэй болох юм.
2021 оны сар, нарны хиртэлтийн улирал ирэх арванхоёрдугаар сарын 4-нд тохиох нар хиртэлтээр төгсөж байна. Гэхдээ тэр үед зөвхөн Өмнөд туйлд л ажиглах боломжтой гэнэ.
Нар, сар хиртэх үзэгдэл хагас жил тутамд болдог байна. Энэ үед нар, сар, дэлхий гурав нэг шугамд жагсдаг. Хэрэв нар, сарны дунд дэлхий орвол сар хиртэх үзэгдэл ажиглагддаг байна. Сар манай гарагийн сүүдэрт ороход өнгө нь улаан болж хувирдаг ба энэ үзэгдлийг бүтэн хиртэлт гэдэг байна. Сар дэлхийн сүүдэрт бүрэн ороогүй тохиолдолд хагас хиртэлт болдог аж.