Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ЯН ШҮНЬ УСНАА ШУМБАВЧ МОГОЙЛЖИН ОНГОЦЫГ ЦООЛСОН СҮН ЖЯН ГУРВАН ЗЭРЭГ ГАО ТАЙЮЙ-Г ДИЙЛСЭН
Өгүүлэх нь Гао Тайюй Жижоу хотын юаньшуай-н ордноо заларч, Ван Хуань зэргийн олон жедү түшмэлийг дуудаж хэрэг зөвлөөд цааз зарласан нь: - Олон замын цэрэг морь буусан хүрээг эвдэн хот дотор орогтун. Олон жедү түшмэл бие хуяглан хотын дотор бүгж хүлээгтүн. Олон хүрээн жанжин цэрэг бүрнээ хуяглан хотын дотор засагтун. Хотын хайсанд туг хиур хатгаж болохгүй, ганц хойд хаалганы дэр "Тэнгэрийн зарлиг" хэмээх үсэгт шар тугийг босгож тавигтун хэмээсэн хойно тэнгэрийн элч тэргүүлэн олон түшмэдийг дагуулан өндөр хайсанд гарч Сүн Жян-ын хүрч ирэхийг хүлээв.
Мөн өдөр Лян Шань уулын өдгүй сумт Ян Чин захиаг хүлээн таван зуун туршуулч цэргийг авч Жижоу хотын ойр ирж нэгэн зэрэг тойрон үзээд умарш эчив. Удсангүй хий хүлэгт Дай Зүн явганаар ирээд мөн нэгэн зэрэг тойрон үзэв. Харуулын ард энэхүү чимээг Гао Тайюй-д өргөн мэдүүлсэнд Гао Тайюй зуу илүү дагах хүмүүнийг авч хотын хайсан дээр авиран гараад шүхэр дуаз өргүүлэн хүжийн ширээ засуулаад нүд орхин хойш үзвээс Сүн Жян-ын цэрэг морь харанга хэнгэрэг жагсаан таван хязгаарын одот тугийг өргөж хараацайн жигүүр мэт жанжин баатдыг хоёр гарлан жагсаагаад хайсангийн өмнө хүрч ирсэн хойно жагсаалын өмнө явах Сүн Жян, Лү Жюнь И, Ү Юн, Гүн Сүньшэн морин дээрээс бие мэхийн Гао Тайюй-н зүг ёсолсонд Гао Тайюй хүмүүн илгээн хайсан дээрээс ийн асууруун: - Эдүгээ эзэн төрөөс таны ялыг хэлтрүүлж тухайлан илбэн дагуулахаар ирсэн атал юуны учир хуяг өмсөж ирэв? хэмээсэнд Сүн Жян бээр Дай Зүн-г хайсангийн доор илгээж хариу өчрүүн: - Манай зэргийн их бага олон хүмүүн эзний хишгийг хараахан олж хүртээгүйн дээр жуу бичгийн санаа ямар болохыг мэдэхгүй тул хуяг дуулга юугаа эмээж тайлсангүйг дээд Тайюй уучлан аваачму. Олдхул хот доторх зуун овогт иргэнийг бүрнээ дуудаж нэгэн хамтаар зарлигийн бичгийг сонсговоос хишигт мөргөн хуягаа тайлсугай хэмээхэд Гао Тайюй цааз зарлаж хотын доторх зуун овогтныг хайсан дээр дуудан авчирч тэнгэрийн зарлигийг сонсгогтун хэмээсэнд удсангүй олон иргэн авааралдан ирсэнд Сүн Жян нар хотын хайсан дээр хөгшин залуу хүмүүн ард дүүртэл зогссоныг олж үзээд жолоо тавин урагш ирээд, тэргүүн хэнгэргийн дуунд бүгдээр мориноос бууж, дэд хэнгэргийн дуунд олон жанжин хүлэг мориндоо хуяг лүлү нараар хөтлүүлж явганаар алхаж хотын ойр нэгэн сумын үзүүр ирж зогсов. Гуравдугаар хэнгэргийн дуунд олон жанжин хайсангийн гадна гар юугаа тавьж хайсан дээр зарлигийн бичиг дуудахыг сонсов. Тэнгэрийн элч ийн дуудруун:
"Зарлигын бичиг: Хүний уг санаа язгуураас ялгалгүй, улсын хэлхээ товчоо анхнаас эш нэг болой. Сайныг үйлдвээс шударга иргэн хэмээгдэж, мууг үйлдвээс сөргүү намд тооцогдмуй. Мөхөс хүмүүн сонсохул Лян Шань уулнаа олон хүмүүн хурж өдөр удтал ариуныг хичээж сайныг олж дагаагүй тул эдүгээ тэнгэрийн элчид зарлигийн бичиг тушааж, Сүн Жян-аас бус Лү Жюнь И зэрэг их бага олон хүмүүний үйлдсэн ялыг цөм хэлтрүүлэн уучилсугай. Түрүү хэмээгсэд нь нийслэлд ирж хишигт мөргөгтүн. Сүрдэж дагагсад нь тус тусын гацаандаа харигтун. Эвүү хайрхан, тэнгэрийн соёрхсон рашаанд түргэнээ ивээгдэж муу юугаа гээж, сайныг дагах сэтгэлээ ариултугай. Аянгын сүрт эс халдаж хуучныг халж шинийг мандуулах зорилтыг дагатугай. Үүний тул зарлиг буулгасныг сайтар санамжлан ухваас зохимуй. Сюнь Хэ-ийн он сар өдөр хэмээжээ”.
Төдийд цэргийн багш Ү Юн бээр "Сүн Жян-аас бус" хэмээсэн үгийг сонсмогц Хуа Рүн-ийн зүг харж асууруун: - Жанжин чи олж сонсов уу? хэмээтэл зарлигийн бичиг нэгэнтээ уншиж дууссан тул Хуа Рүн өндөр дуугаар хашхиран өгүүлрүүн: - Манай ахыг хэлтрүүлэхгүй болбоос бид бүгдээр орж өгөөд юу хиймүй? хэмээгээд нумдаа зэв онилон саран мэт дүгрэглэн татаад зарлиг дуудсан тэр элчийг заан: - Хуа Рүн миний хувилгаан зэвийг үз! хэмээн сүрхийтэл харваж илгээсэнд түүшинд нь зэв хатгаснаа олон хүмүүн мэндэн сандан тэнхрүүлэн аваачихуйяа хайсангийн доорх олон сайн эр нэгэн зэргээр: - Урвасугай! хэмээн хашхираад хайсан өөд самуун зэвийг цацлан харвасанд Гао Тайюй яаран зайлж одов. Удсангүй дөрвөн хаалга цайтал нээгдэж цэрэг морь довтлон гарч ирснээ, Сүн Жян- ын жагсаалд хэнгэрэг дуурьсмагц цэрэг жанжин бүгдээр мориндоо мордож эчив. Албан цэрэг араас нь нэхэмжлэн тав зургаан газрын үзүүр гараад сая морь эгүүлэн явах хэмээтэл хойд цэрэгт буу дуугарч зүүнээс Ли Күй явган цэрэг дагуулан ирж, баруунаас Ху Саньнян морьт цэрэг дагуулан ирж хоёр замын цэрэг морь нийлэн цугаар даран ирснээ, албан цэрэг өөр бүгсэн цэрэг байх болуузай хэмээн яаран цэргээ татахуйяа Сүн Жян тэргүүлэн олон дайван нар морь эгүүлэн гэдрэг дарж гурван этгээдээс хашиж байлдсанаа албан цэрэг ихэд самуурч хот дотор буруулан орж үзвээс цэрэг морь үлэмж хохиров. Сүн Жян нэхүүлсэнгүй даруй цэрэг морио хураагаад Лян Шань ууландаа эгснийг түр өгүүлэхгүй.
Жич өгүүлэх нь Гао Тайюй Жижоу хотоос айлтгал бичиж хаан ордонд ийн айлтгаруун: - Сүн Жян зэрэг самуун хулгай тэнгэрийн элчийг харваж алаад, илбэн дагуулахыг эс хүлээв хэмээн мэдүүлснээс гадна бас нууц бичиг үйлдэж Цай тайш, Түн шүми, Ян Тайюй-д барьж Цай тайш нарыг нарийнаар зөвлөж, тэнгэрийн хөвүүнд бараадан айлтгаад, цэргийн хүнсийг туслан бүрдүүлж шөнө дүлээр өмөглөх цэрэг илгээн хулгайн сүрийг хүч хамтатган устгасугай хэмээн гуйв.
Түүнээс Цай тайш бээр Гао Тайюй-н илгээсэн нууц бичгийг олсон хойно хааны ордонд орж тэнгэрийн хөвүүнд айлтгахуйяа тэнгэрийн хөвүүний луун царай баяргүй болж ийн өгүүлрүүн: - Уулан цайзын атаат хулгай хаан төрийг хэдэнтээ гутааж сөргүү үйлийг олонтоо үйлдэв хэмээгээд даруй зарлиг буулгаж олон замын өмөглөх цэргийг цөм Гао Тайюй-н захиаг сонсогтун хэмээв. Төдийд Ян Тайюй удаа дараа цэрэг дарагдсаныг мэдээд шадар цэргийг захирах яамнаас хоёр жанжныг шилж догшин луут, барсын жигүүрт, нарыг хүрээлэгч, шударга журамт хэмээх дөрвөн хүрээнээс тус тус шилдэг цэрэг таван зуун хүмүүн, нийт хоёр мянган хуягийн эрийг сонгож аваад хоёр жанжинд захируулж Гао Тайюй-г өмөглөн хулгайг дарахаар мордуулав.
Энэ хоёр жанжин ямар хүмүүн болов хэмээвээс нэгэн нь наян түмэн шадар цэргийн эрхэм сургагч, зүүн этгээдийг хамгаалах цэргийн ерөнхий захирагч шадар хамгаалах Гу Жя жанжин Чю Юай, нэгэн нь наян түмэн шадар цэргийн дэд сургагч, баруун этгээдийг хамгаалах цэргийн ерөнхий захирагч Чэ Чи жанжин Жоу Ан бөлгөө. Энэ хоёр их жанжин олон удаа гавъяа байгуулж, дэлхий дахинд алдар мандаж цэргийн эрдэмд гүн нэвтэрч Жин балгасанд сүр мандсан бөгөөд Гао Тайюй-н сэтгэл зүрх мэт хүмүүн ажгуу. Төдийд Ян Тайюй хоёр жанжныг дуудаж даруй түргэн мордож эчигтүн хэмээсэнд тэд хоёул тайшийн ордонд ирж салах ёсыг гүйцэтгэхүйеэ, Цай Жин ийн захируун: - Хэрсүү явж болгоомжтой үйлдэн их гавъяаг бүтээсэн хойно та хоёулыг хүндэд хэрэглэсүгэй хэмээсэнд хоёр жанжин тал өгөн ёслов. Ян Тайюй хоёулыг дагуулан шадар цэргийн дөрвөн хүрээнээ эчиж бие өндөр бяр сайн, бэлхүүс нарийн мөр өргөн, уул давах, ус гэтлэхэд шалгарсан Шаньдун, Хэбэй газрын тэргүүн зэргийн шилдэг эрсийг сонгож хоёр жанжинд тушаан захируулсанд Чю Юай, Жоу Ан дээд яамны эрхэлсэн сайд нараас аяарлан салж Ян Тайюй-н яаманд хүрч: -Маргаадрын өдөр хотоос мордсугай хэмээн айлтгасанд Ян Тайюй хоёулд тус бүр таван сайн морь шагнаж байлдааны нэмүүр болгохуйяа хоёр жанжин Тайюй-д тал хийж өөр өөрийн хүрээндээ эгж мордохоор бэлтгэв. Жич өдөр олон цэрэг юм хүмээ багцлан төхөөрч шадар цэргийг захирах яамны өмнө ирж хүлээв. Чю Юай, Жоу Ан хоёул цэрэг морийг дөрвөн баг хувааж догшин луут, барсын жигүүрт хэмээх хоёр хүрээний мянган цэрэг, морьт цэрэг хоёр мянга илүү хүмүүнийг Чю Юай захирч, нарыг хүрээлэгч, шударга журамт хэмээх хоёр хүрээний мянган цэрэг, морьт цэрэг хоёр мянга илүү хүмүүнийг Жоу Ан захирч бас явган цэрэг мянган хүмүүнийг ангилан салгаж хоёр жанжинд дагуулав. Чю Юай, Жоу Ан хоёр жанжин луу цаг болсон хойно цэргийг жагсаан хотоос мордон гарахад Ян Тайюй өөрийн биеэр хаалганы асар дээр гарч цэргийн жагсаалыг үзэв. Шаламгай баатар жанжин цэрэг, хурц сэргэлэн хуяг дагалтыг түр өгүүлэхгүй. Торгон хатгамалт хоёр тугийн доор, нэгэн баг морьт цэргийн дундаас Ху Жя жанжин Чю Юай дөрөө өшиглөн гарч ирэв. Түүний хуягласан байдлыг үзвээс тэргүүнд хос гарди дэвдэрч гал улаан соновтор хийсгэсэн дуулгыг дарж биед улаан эмжээрт ээтэн ногоон гархин хуягийг хэдэрч, гадуураа хөх хөвөө алтан сувдын унжилгат хос арслан магшсан магнаг дээлийг нөмөрчээ. Дундуураа алтан навч хас горхит гялуун сүүлийн улаан мяндсан бүсийг бүсэлж, хөлд алтан утсаар шаглаж, үүлэн хээ хатгасан усан амьтны арьсан гутлыг өшиглөжээ. Бор зандан нуруутай, шижир алтан хавьстай, луун эврээр элэглэж, барсын шөрмөсөөр хөвчилсөн нарийн сийлбэрт эрдэнийн нумыг хоромсогод агсаж, бор хулсан иштэй, шунхан улаан оньтой, гардийн өдөөр өдөлсөн чонын араат ган зэвийг саадагт ахуулжээ. Сүүжиндээ нисэх загасан бариултай, эрээн шапа хуйтай, долоон од сийлсэн хурц ирт эрдэнийн сэлмийг зүүж, гарт зулзага луу сувд залгисан улаан залаат саран хөмөрлөгийн дам илдийг хөндлөн атгаж, хөх уулыг давж, хөлгүй гангыг харайх алтан эмээл хас хазаарт цусан улаан зээрд морийг унажээ.
Шадар жанжин Чю Юай хүлэг мориндоо хөндлөн суугаад зүүн этгээдийн цэрэг морийг дагуулан мордохуйяа, Жян балгасын зуун овогтон дуу алдан гайхалдан шагшив. Түүний араас баруун этгээдийн цэрэг морь, нарыг хүрээлэгч, шударга журамт хэмээх хоёр хүрээний шадар цэрэг эмх цэгцтэй эгнэж мордохуйяа торгон хатгамалт хоёр тугийн доор, нэгэн сүрэг морьт цэргийн дундаас Чэ Чи жанжин Жоу Ан жолоо даран гарч ирэв. Түүний хуягласан байдлыг үзвээс: тэргүүнд хөх соновтортой, сувдын шигтгэрт эй, луун тэргүүт мөнгөн дуулгыг дарж, биед жад нэвтэрч зэв орохгүй хүрэл төмөр хуягийг хэдэрч, гадуураа мандарваа цэцэг хатгаж гарди галбингаа бүжиглэсэн алтан эмжээрт улаан магнаг нөмөрчээ. Дундуураа бэлгэт гөрөөс тугласан долоон эрдэнийн шигтгэрт бүсийг бүсэлж, хөлд үүл тунарсан эртгэр хоншоорт барсын тэргүүт гутлыг өшиглөжээ. Ардаа нисэх тогосын хөрөгтэй, луун эврийн элэгтэй, бор өнгөт нумыг агсаж, хоромсогодоо тасын өдөөр өдөлсөн төмөр ишт хувилгаан зэвийг хатгажээ. Гартаа хадыг цавчин уулыг нээх алтан булхаст саран сүхийг атгаж, мянган газрыг хоромхноо товчлох гал улаан луун хүлэгт хөндлөн сууж, алтан гэрэл цацарсан дөрвөлжин жянь-ийг ташаандаа суйрчээ.
Их жанжин Жоу Ан алах сүрийг мандуулан агт мориндоо мордоод баруун этгээдийн цэрэг морийг дагуулан хаалганы ойр хүрч шадар жанжин Чю Юай-н хамт мориноос бууж Ян Тайюй-д салах ёсыг хийж олон түшмэлээс аяарлан салаад эзэн хотоос мордон их замыг барин Жижоу хотын зүг мордов.
Жич өгүүлэх нь Гао Тайюй Жижоу хотноо зөвлөлийн түшмэлүүд Вэнь Хуань Жан лугаа зөвдөж эзэн хотын өмөглөх цэрэг ирэхээс өмнө ойр хавийн уул хайрханд хүмүүн илгээн мод огтлуулж, ойр орчмын жоу сянь-аас онгоц үйлдэх мужаан дарханыг цуглуулж Жижоу хотын гадна пин саравч босгон онгоц завь үйлдүүлснээс гадна зар тунхаг тархаан эрдэм чадал цөс зоригтой усан цэргийг элсэв. Энэ хүмүүн болбоос Сэжоу газрын аяны хүмүүн бөгөөд онгоц үйлдэхэд огоот уран ажгуу. Шаньдун газар ирээд Лян Шань уулаар өнгөрөхүйеэ нэгэн багийн уул дайван нарт бэл зоосоо тонуулсан тул өөрийн нутагтаа харьж чадахгүй болж арга буюу Жижоу хотноо аргацаан хоргодов. Нэгэн өдөр Гао Тайюй-н мод огтлон онгоц үйлдэж Лян Шань уулыг дайлах чимээг сонсоод бие дэвших тохиол хэмээн санаад онгоцны зургийг цааснаа зурж Гао Тайюй-д золгохоор ирж ёслон уулзсан хойно ийн айлтгаруун: - Урагш өдөр өршөөлт сянгүн онгоц хөдөлгөн дайлахаар эчээд хулгайг хураамжилж чадсангүй нь юунаас болов хэмээвээс тэдгээр онгоцыг эл газраас цуглуулж авчирсан тул сэлбүүр сажлан уснаа явахад санаагаар болохгүйн дээр бяцхан онгоц тогтуургүй тул зэвсэг хөдөлгөн байлдаж болохгүй болой. Эдүгээ Е Чүнь миний бие эрхин Тайюй-д нэгэн арга өргөсүгэй. Хулгайн сүргийг хураамжилсугай хэмээвээс хэд хэдэн зуун их онгоцыг үйлдэхгүй болбоос болохгүй. Их онгоцыг их могойлжин онгоц хэмээмүй, онгоцны хоёр этгээдэд тус тус хорин дөрөв эргэх хүрд байх бөгөөд хүрд нэг бүрийг арван хоёр хүмүүн гишгэж хөдөлгөмүй. Энэхүү онгоцноо хэдэн зуун хүмүүн сууж багтмуй. Дээр нь зэв халхлах хулсан халхавч зохиож бас холховч бэлтгэлийг үйлдэж тавимуй. Урагш давшиж дайсныг дайрсугай хэмээвээс асар дээрх тогшуурыг дэлдэж хорин дөрөв эргэх хүрдийг нэгэн хамт хүчлэн гишгэвээс их онгоц нисэх мэт хурдан явах тул ямар онгоц болов хэмээвч огт хэмээн хориглож чадахгүй. Хэрвээ дайсны цэрэг лүгээ учирваас онгоцон дээрх холховч нум зэргээр харвах тул түүнийг халхалж чадах зүйл хэмээн огт үгүй! Хоёрдугаар зэргийн онгоцыг бяцхан могойлжин онгоц хэмээх бөгөөд зуугаад хүмүүн сууж багтмуй. Онгоцны хоёр этгээдэд тус тус арван хоёр эргэх хүрд байх бөгөөд тэргүүн сүүлд урт гадсыг хадаж хоёр захад холховч нумын асар жич зэв халхлах хулсан халхавчийг зохиомуй. Энэхүү онгоцыг Лян Шань Фү-ын арал тохойд оруулбаас нууц газар бүгсэн цэргийг н халхалж чадмуй. Миний өргөсөн аргаар явбаас Лян Шань уулын самуун хулгайг өдөр хугацаж эвдэж болмуй хэмээсэнд Гао Тайюй үлгэр зургийг авч үзээд цээжээ дэлбэртэл баярлаад Е Чүнь-д архи дарс уулгаж дээл хувцас шагнасан хойно түүнийг онгоц үйлдэх уран дархадын ерөнхий даамал тавиад өдөр шөнийг ялгахгүйгээр мод огтлон онгоц үйлдэж тогтсон өдөр болзсон цагт Жижоу хотноо эчиж тушаагтун хэмээснээс гадна эл фү жоу сянь-д бас зарлиг буулгаж онгоц үйлдэх эд хэрэгслийг тоо ёсоор өргөн тушаагтун. Хугацсан цагаас хоёр өдөр зөрвөөс дөчин мод занчих бөгөөд өдөр бүр нэгэн зэрэг ял нэмж хэрвээ таван өдөр өнгөрвөөс цэргийн цаазаар тэргүүнийг нь цавчмуй хэмээсэн тул албан яаманд дам дамаар бичиг илгээн чандлан шаардахуйяа зуун овогт нэгэн гаслан цухалдаж, оргож дутаасан хүмүүнийг бүртгэвээс тоолшгүй олон болжээ. Шүлэгт өгүүлснээр нь:
Худагт хэвтсэн лаг мэлхий хөх тэнгэрийг мэдмүй үү,
Хорсолтой болой Гао Тайюй хуумгай үгийг сонсов.
Аварга могойлжин онгоцыг үйлдэвч хэрхэн дийлж чадмуй.
Ашгийг сүйтгэн ардыг хөнөөвч үйл нь талаар болов.
Дархадын даамал Е Чүнь мужаан нарыг захиран могойлжин онгоц үйлдэхийг түр өгүүлэхгүй. Өгүүлэх нь эл газрын өмөглөхөөр илгээсэн усан замын цэрэг морь зэрэг зэргээр хүрч ирсэнд Гао Тайюй бээр олон хүрээн жедү түшмэлд хуваан өгч захируулав. Ийн атал хаалга сахих харуулын ард дотогш гүйн орж: - Хаан төрөөс илгээсэн Чю Юай, Жоу Ан хоёр жанжин хүрч ирэв хэмээсэнд Гао Тайюй бээр олон жедү түшмэлийг хотоос гаргаж угтуулав. Хоёр жанжин юаньшуай-н ордноо ирж Гао Тайюй-д ёслон золгохуйяа Гао Тайюй дарс шагнаж тохруулсан хойно нэгэнтээгүүр хүмүүн илгээн цэрэг шагнаж, нэгэнтээгүүр хурим бэлтгэн хоёр жанжныг дайлсанд, хоёр жанжин цэрэг дагуулан байлдахаар эчсүгэй хэмээн гуйчилсанд Гао Тайюй өгүүлрүүн: - Хоёр жанжин санаа амраар түр хэдэн өдөр бие амарч, могойлжин онгоц бүтсэн цагт ус хуурайгаар нэгэн хамт орж онгоц мориор хамт хөдөлбөөс нэгэн хэнгэргэнд хулгайг дарж болмуй хэмээсэнд Чю Юай, Жоу Ан айлтган өгүүлрүүн: - Бид үзвээс Лян Шань уулын өчүүхэн хулгай өвс шарилж мэт болой. Эрхин Тайюй сэтгэлээ сул тавигтун, бид хоёул эрхгүй Жин хотноо баярын сэтгүүл довтолгож эчмүй хэмээхэд Гао Чю өгүүлрүүн: - Хоёр жанжин чив чих хэлсэн үгэндээ хүрч чадваас миний бие тэнгэрийн хөвүүнд айлтган баталж хүндэд хэрэглэсүгэй хэмээв. Мөн өдөр хурим тархсан хойно юаньшуай-н ордны өмнө гарч мориндоо мордож өөрийн цэргийн хүрээнээ буцаад хүрээ байгуулан цэрэг бууж зарлигийг хүлээн суув.
Гао Тайюй-н цэрэглэн дайлахаар онгоц сал шалавдан үйлдүүлэхийг түр өгүүлэхгүй. Өгүүлэх нь: Сүн Жян тэргүүлэн олон дайван нар Жижоу хотын хайсан доор хүмүүн алж урваад Лян Шань ууландаа ирсэн хойно цэргийн багш Ү Юн нарын зүг зөвлөн өгүүлрүүн: - Хоёр удаа илбэн дагуулахаар ирсэнд тэнгэрийн илчийг хөнөөн хорлосон тул хэрэг ихдэж ял нэнд хүндрэв. Ийнхүү хааны ордноос эрхгүй цэрэг морь илгээн дахин дайлахаар ирэх буй за хэмээгээд лүлү цэргийг уулнаас бууж нягт мэдээг түргэн туршиж нисэх мэт ирж мэдүүл хэмээсэнд дэмий хэдэн өдөр болсонгүй, эчсэний лүлү нарийн учрыг туршиж мэдээд нисэх мэт довтлон ирж: - Орчмын өдөр Гоу Чю нэгэн салаа усан цэргийг элсэж Е Чүнь хэмээх хүмүүнийг түрүү тавьж их бага могойлжин онгоцыг хэд хэдэн зуу үйлтгүүлэв. Жин балгаснаас бас шадар цэргийн хоёр захирагч түшмэлийг өмөглөн байлдуулахаар илгээжээ. Нэгний овог Чю, нэр Юай, нэгний овог Жоу нэр Ан, хоёр жанжин хосгүй шаламгай баатар, бас олон замын цэрэг морь өмөглөн байлдахаар хүрч ирэв хэмээсэнд Сүн Жян бээр Ү Юн-ийн зүг ийн зөвлөрүүн: - Нуурын уснаа явах нь нисэх мэт хурдан ийм их онгоцыг хэрхвээс эвдэж болмуй? хэмээвээс Ү Юн инээн өгүүлрүүн: - Үүнээс эмээж юу хиймүй, усан цэргийн хэдэн дайванг илгээвээс даруй хэрэг бүтэх буй за, хуурай замаар ирэх дайсныг баатар хүчит сайн эрс аяндаа хариуцаж чадмуй. Хэдий ийн хэмээвч хэдэн арван хоногийн чөлөөгүй болбоос ийм их онгоцыг бүтээж чадахгүй. Хянахул бас дөч тавин өдрийн хугацаа орох тул онгоц үйлдэх газарт урьд хэдэн хүмүүнийг илгээж нэгэн зэрэг гасалган зовоосон хойно сая алгуугаар эсэргүүлэн байлдсугай хэмээхүйеэ Сүн Жян өгүүлрүүн: - Энэ үг их л зүй болой! Ши Чянь, Дуань Жин Жү-г урьд илгээж байдлыг ажсугай хэмээхүл Ү Юн өгүүлрүүн: - Жан Чин, Сүнь Шинь-ийг мод чирэх иргэнээр хувцаслуулж олны сүрэгт шургуулан онгоц үйлдэх газар илгээж, Гу Да Сао, Сүнь Эл Нян хоёулыг будаа хүргэх эхнэрээр засуулан эхнэрийн сүрэгт оруулж, Ши Чянь, Дуань Жин Жү-ээр өмөглөн туслуулбаас сайн. Ингэсэн хойно өдгүй сумт Жан Чинь цэрэг дайчлан туслахаар эчвээс аюул түгшүүрээс баталж болмуй хэмээгээд олон жанжныг танхимд дуудаж цааз зарлан зарлиг буулгасанд олон хүмүүн өвчүү дүүрэн баярлаж захисан үйлийг ёсчлон гүйцэтгэхээр уулнаас бууж эчив.
Түүнээс Гао Тайюй өдөр шөнийн ялгалгүй онгоц салыг шалавдан үйлдүүлж өглөө үдэш өрхийн иргэнийг баривчлуулан зарцуулмуй. Жижоу хотын зүүн захад онгоц үйлдэх газар үргэлжилж хэдэн зуун их бага могойлжин онгоцыг хийлгэхүйеэ дарханы тоо хэдэн мянгаар зогсохгүй тул хүмүүн амьтан түрхрэн үймэлдэж нэгэн цаг хэмээн зогсохгүй, ёс хэлэхгүй эзэрхэг цэрэг сэлэм сугалан илд гаргаж ардыг сүрдүүлэн иргэнийг айлгаж өдөр шөнө хэмээн ялгахгүй түргэнээ бүтээхээр шалавдан шаардмуй. Нэгэн өдөр Ши Чянь, Дуань Жин Жү хоёул онгоц хийх газар урьд хүрч ийн өгүүлрүүн: - Баахан удасхийвээс Сүнь, Жан хоёр гэрийн эр эм хоёул онгоц үйлдэх газар гал тавихаар эчих тул бид хоёул бас тэнд эчиж өөрийн чадлаа үзүүлсүгэй. Бид хоёул түр энэ хавиар бүгж онгоцны хүрээнээ гал мандсан хойно Чянь миний бие эчиж хотын хаалганы ойр нуугаад хот дотроос өмөглөх цэрэг ирэхийг завдаж дотогш шурган орж хаалганы асарт гал тавьсугай. Чиний бие хотын баруун дахь өвсөн хүрээлэнд эчиж гал тавиад түүнийг сүүл толгой юугаа өмөглөж чадахгүй болгогтун. Ийн бөгөөс түүнийг цөс хэмхэртэл цочоож болмуй хэмээгээд хоёул даруй болзож тогтоод гал тавих дарь хэрэгслийг багцлан нуугаад тус тус далд газрыг эрж бүгэв.
Түүнээс Жан Чин, Сүнь Синь хоёул Жижоу хотын захад ирвээс бүдүүн модыг чирсэн дөрөв таван зуун хүмүүн онгоц үйлдэх хүрээнээ орох тул хоёул бас олны сүрэгт шахалдан ороод модыг чирэн дотогш орохуйяа илд зүүж шийдэм барьсан хэдэн зуун хуяг цэрэг үүднээ зогсож өрхийн иргэнийг шаардан занчиж дотогш хөөж аваачмуй. Эргэн тойрон шивээ босгож хүрээн дунд онгоц үйлдэх өвсөн гэрийг хэдэн зуун тасалгаа барьсан ажгуу. Жан Чин, Сүнь Синь хоёул нүд өргөн үзвээс хэдэн мянган мужаан дархан мод хөрөөдөх нь хөрөөдөж, онгоц шаах нь шааж, хавтас цавуудах нь цавуудаж гам самгүй яаралдах тул хоёул даруй хоёул базаах саравчнаа орж бие далдлав. Төдийд Сүнь Эл Нян, Гү Дасао хоёул биедээ уранхай хувцсыг өмсөж, гартаа ваар сав бариад хоол хүргэх эхнэрийн сүрэгт орж дотогш шахалдан оров. Удсангүй наран унаж бүрий тасарснаа тунгалаг саран мандан гийв. Мужаан дархадын олонх нь онгоцны ажилдаа яаралдсаар байв. Шөнө дүлийн хоёрдугаар жингийн үе болохуйяа Сүнь Синь, Жан Чин хоёул зүүн этгээдийн онгоцон хүрээнд гал тавьж, Сүнь Эл Нян, Гү Дасао хоёул баруун этгээдийн онгоцон хүрээнд гал тавьсанд өвсөн өвөнд гал авалцаж дүрэлзэн ноцохуйяа хүрээн доторх өрхийн иргэн мужаан дархад зэргээр бархиралдан шивээг унаган зүг зүгтээ сарнин эчив.
Түүнээс Гао Тайюй хараахан нойрсож атал гэнэт хүмүүн ирж: - Онгоцны хүрээнд гал оров! хэмээсэнд Гао Чю яаран босож албан цэрэгт цааз зарлан хотоос гарч тэнхрүүлэн туслагтун хэмээснээ Чю Юай, Жоу Ан хоёр жанжин тус тусын харъяа цэргээ авч галыг унтраахаар хотоос гарав. Дэмий удсангүй хотын хаалганы тагтанд бас гал орсон тул Гао Тайюй өөрийн биеэр цэрэг аван хаалганы асрын галыг унтраахаар ирэхүйеэ, бас хүмүүн ирж мэдүүлрүүн: - Баруун биеийн өвсөн хүрээнд гал оров! хэмээсэнд, нүд өргөн үзвээс галын гэрэл өдөр мэт тунгалаг аж. Чю Юай, Жоу Ан хоёул цэрэг авч баруун биеийн өвсөн хүрээн галыг унтраахаар ирвээс гэнэт газар доргим хэнгэрэг дуурьсаж алах дуу тэнгэр тулав. Үзвээс өдгүй сумт Жан Чин морьт цэрэг таван зуун хүмүүнийг дагуулан ирж тэнд бүгсэн тул Чю Юай, Жоу Ан- ын цэрэг авч өмөглөхөөр ирснийг үзээд замыг нь хөндөлсөн тосожөндөр дуугаар зандан өгүүлрүүн: Уулан цайз Лян Шань Фү-ын сайн эрс бүгдээр энд ирэв! хэмээсэнд Чю Юай ихэд хилэгнэж морь ташуурдан илд далайж цавчин орсонд Жан Чин жад мушгин угтан аваад гурван удаа болсонгүй хойш буруулахад Чю Юай тэргүүн гавъяа байгуулсугай хэмээн тавихгүй нэхэн ирээд: - Урвасан хулгай хааш буруулмуй хэмээсэнд, Жан Чин барьсан жадаа бүүргэнээ хавчуулж сэмээр гар сунган хэмэрлэг уутнаас нэгэн чулуу аваад Чю Юай-н түүж ирэхийг үзэж бие урван их дуугаар: - Зэвсэг үз! хэмээн шидэж илгээсэнд Чю Юай-н нүүр оногдож мориноос тонгорцоглон унаснаа, Жоу Ан яаран жигүүрийн жанжин нарыг авч үхэхвэр байлдан өмөглөн оров. Жоу Ан зэвсэг сунган Жан Чин-г тулан авснаа олон жанжин бээр Чю Юай-г тэнхрүүлэн мориноо унуулж эчив. Жан Чин бээр Жоу Ан лугаа хэдэн удаа зөрөлдөөд жолоо эргүүлэн зугтан эчихүйеэ Жоу Ан жолоо юугаа татаж нэхсэнгүй тул Жан Чин морь эгүүлж дахин ирвээс жедү түшмэл Ван Хуань, Сюй Жин, Ян Вэнь, Ли Цүн Жи-ийн захирсан дөрвөн замын цэрэг морь хүрч ирсэн тул Жан Чин гараар даллан таван зуун морьт цэргээ авч хуучин замыг барьж эгэхүйеэ олон замын албан цэрэг бүгсэн цэрэг байх болуузай хэмээн айж нэхсэнгүй. Цэрэг хороо галыг унтрааж үүр гийж гэгээрсэн хойно сая гурван газрын галыг унтрааж зогсоов.
Түүнээс Гао Тайюй бээр Чю Юай-н шархыг үзвээс ам нь чулуунд оногдож дөрвөн шүд мулгаран унаж уруул хамар нь шалбаран хавдсан тул Лян Шань уулын сайн эрсийг шүд хавиран занаж нэгэнтээгүүр эмчийг дуудан Чю Юай-н шархыг эмнүүлж, нэгэнтээгүүр хүмүүн илгээн Е Чүнь-ийг дуудуулж сэтгэл тавин онгоцыг үйлдэж цэрэг мордоход бэлтгэ хэмээв. Бас жедү нарт захиж онгоцны хүрээн дөрвөн этгээдэд цэрэг бууж өглөө үдэш бэхлэн сахиулав.
Жич өгүүлэх нь Жан Чин, Сүнь Синь эр эм дөрвүүлж цаглашгүй баярлаж Ши Чянь, Дуань Жин Жү-ийн хамт тус тусын өмөглөх цэргийг авч уулан цайз Лян Шаньдаа эгж шударга журмын танхимд ороод гал тавьсан үйлийг зүй зүйгээр тоочсонд Сүн Жян сэтгэл уужиртал баярлаж хурим шүүс гаргаж зургаан хүмүүнийг дайлсан хойно, байн байн хүмүүн илгээн мэдээ авуулах болов.
Намар дуусаж өвөр орохуйяа онгоц салыг үйлдэж дуусав. Тэнгэрийн амьсгал этгээд дулаан байсан тул Гао Тайюй дотроо тэнгэр намайг ивээн тусалмуй хэмээн сэмээр баярлаж усан цэрэгт цааз зарлаж, Е Чүнь-ий үйлдсэн онгоцноо гарч усан замын эрдмийг боловсрогтун хэмээсэнд их бага могойлжин онгоц зэрэг зэргээр уснаа орохуйяа Жижоу хотын Юаньшуай-н ордны дөрвөн уул таван хайрхнаас элсэж цуглуулсан түм илүү хүмүүний хагас шахам нь онгоцноо гарч хүрд гишгэхийг боловсрон, үлсэн хагас нь холховч нум харвахыг сурч, дэмий хориод өдөр болсонгүй усан цэргийг цөм боловсруулсан хойно Е Чүнь бээр Гао Тайюй-г онгоцыг үзмү хэмээн урив. Шүлэгт өгүүлсэн нь:
Цэргийн тохиол эрт язгуураас түргэн дийлбээс олюу,
Цөхсөн хуяг мохсон сүрээр дайлж хэрхэн чадмуй.
Зальхай гүдэг Гао Тайюй улируулахыг эс мэдмүй,
Зуун овогтныг удтал гасалгаж байлдааны онгоцыг үйлддүүлэв.
Мөн өдөр Гао Чю олон жедү түшмэл, цэргийн жанжин нарыг авч онгоц үзэхээр ирсэнд гурван зуу илүү могойлжин онгоц мяралзах уснаа тархан хөвөөд туг хиур хатгасан арван хэдэн онгоцноос харанга хэнгэрэг дуурьсаж, модон тогшуур дуугармагц хоёр этгээдийн эргэх хүрдийг нэгэн зэргээр хүчлэн гишгэвээс үнэхээр салхи цахилгаан мэт түргэн явах тул Гао Тайюй цээж дэлбэртэл баярлаж дотроо ийн санаруун, нисэх мэт түргэн явах эдгээр онгоцыг самуун хулгай хэрхэвч хашиж чадахгүй тул байлдахаар эчвээс бардаагаар дийлмүй хэмээгээд алт мөнгө торго дурдан гаргаж уран дархан Е Чүнь-д шагнаж, бус олон мужаан дархадад замын зоос түгээн өгч гэр гэрт нь илгээв. Жич өдөр Гао Чю-ын зарлигаар хар үхэр цагаан морь алж, гахай хонь, жимс боорцог зэргийг гаргаж, алт мөнгөний түлш зоос зэргийг өрж лусын эзнийг тахихаар базаасан хойно олон хүмүүн Гао Тайюй-г хүж өргөн тахил бариму хэмээн залав. Төдийд Чюй Юай-н шарх нэгэнтээ эдгэрч Жан Чин-г шүд хавиран занаж эрхгүй амьдаар барин хорслоо тайлсгуай хэмээмү. Мөн өдөр Жоу Ан жич олон жедү түшмэлийн хамт морь унан Гао Тайюй-н хойноос дагалцаж онгоцны хажууд ирээд мориноос буулцаж Гао Чю-н бараа болж лусын эзнийг тахив. Хүж өргөн наманчлан мөргөж сэржим өргөн цаас шатаасан хойно хурим тавин баяр хийхүйеэ Гао Тайюй эзэн хотоос дагуулж авчирсан дуулах хөвүүд бүжиглэх охидыг онгоцноо дуудаж хөгжим үүсгэгтүн хэмээгээд нэгэнтээгүүр хуяг цэрэгт зарлиг буулган онгоцны боловсролыг хийж нисэх мэт түргэн явуул хэмээв. Их онгоцонд бялар хөгжим уянгалж, уран бүжиг нахилзаж шөнө дуустал тархсангүй.
Мөн шөнө бүгдээр их онгоцноо бие амраад жич маргаадар бас ширээ засан хурим тавьж дараагаар гурван өдөр найралдан цэнгэлдэж цэргийн онгоцыг хөдөлгөсөнгүй. Гэнэт хүмүүн ирж мэдүүлрүүн: - Лян Шань уулын хулгайн бичсэн нэгэн анги шүлгийг Жижоу хотын савдгийн сүмээс хүмүүн олж дээш өргөв хэмээжээ. Шүлэгт өгүүлсэн нь:
Хүмүүнээ үйлчилж хоромхноо дэгжсэн танхай Гао Чю бээр,
Хүчит хуягийг нийгэм дайчилж ус мөрнөө аялруун.
Могойлжин дүрст байлдах онгоц түм бум авч,
Мяралзах нуур туналзах бялхмалд агшнаа сөнөж дуусмуй.
Гао Тайюй шүлгийг дуудаад ихэд хилэгнэж: - Самуун хулгайг алж дуусахгүй болбоос амалдаж цэрэг эгэхгүй! хэмээн цэрэг дайчлан байлдахаар эчсүгэй хэмээсэнд Вэнь Хуань Жан ятгаж өгүүлрүүн: - Дээд Тайюй аянгын уураа түр дарваас сайн. Эзэрхэг хулгай эмээн цочихдоо тухайлан муу үгсээр сүрдүүлэх тул санаваас их үйлд харш болохгүй. Түр хэдэн өдөр хүлээзнэж ус хуурайн цэрэг морийг тэгшилж зассан хойно дайлахаар эчихэд оройтохгүй. Намар дуусаж өвөл орсон атал тэнгэрийн амьсгал ийн дулаан байх нь чив чих тэнгэрийн хөвүүний их буян, эзэн юаньшуай-н барсын сүрээс болсон болой хэмээсэнд Гао Чюй их л баярлаж даруй бие эгж хотноо ороод цэрэг засан жанжин шалгах үйлийг зөвлөж тогтоод Жоу Ан, Ван Хуань-ийг дуудаж их цэргээ авч хуурай замаар эчигтүн хэмээв. Сян Юань Вэнь, Жан Кай-г дуудаж морьт цэрэг нэгэн түмэн хүмүүнийг авч Лян Шань уулын өмнө этгээдийн их замыг тосож байлд хэмээв. Үзвээс Лян Шань Фү хэмээгч эрт язгуураас дөрвөн зүг найман зовхисоор ус нуур цайлзаж хулс зэгс бүрхэж униар хүдэн татмуй. Уулан өмнөх их замыг Сүн Жян шинэхэн засуулсан бөлгөө. Ийнхүү Гао Тайюй цэрэг салган урьд илгээж энэхүү замыг хашсугай хэмээв. Үлсэн бус Вэнь Хуань Жан, Чю Юай, Сюй Жин, Мэй Жань, Ван Вэнь Дэ, Ян Вэнь, Ли Цүн Жий, чинши түшмэл Ван Жинь, онгоцон дархан Е Чүнь, жигүүрийн олон жанжин жич их бага шадар хуяг нар цөм Гао Тайюй-г дагаж онгоцноо сууж байлдахаар болсонд зөвлөлийн түшмэл Вэнь Хуань Жан ятгаруун: - Эзэн Юаньшуай цэрэг морийг нийгэмлэн захирч хуурай замаар орвоос зохимуй. Өөрийн биеэр онгоцноо сууж түгшүүрт газар орж болохгүй хэмээвээс Гао Тайюй өгүүлрүүн: Гайгүй! Урагш өдөр хоёр удаа дайлахад зохих хүмүүнийг олж хэрэглэсэнгүй тул цэрэг морь олон хохирч онгоц сал арвин сүйдсэн бөлгөө. Эдүгээ ийм олон сайн онгоцыг үйлдсэн тул би өөрийн биеэр шаардан хөгжөөхгүй болбоос хэрцгий хулгайг хэрхэн хураамжилж чадмуй. Энэ удаа чив хэмээн хулгай лугаа эрэгчин эмэгчнээ ялгаруулах тул чи битгий олон үг гаргагтун! хэмээсэнд Вэнь Хуань Жан эмээж дахин дуугарсангүй. Арга буюу Гао Тайюй-г дагаж онгоцноо гарав. Төдийд Гао Чю гучин их могойлжин онгоцыг салгаж хошууч жанжин Чю Юай, Сюй Жин, Мэй Жань-д өгч захируулан, тавин бага могойлжин онгоцыг салгаж Ян Вэнь, Ван Жинь, Е Чүнь-д өгөөд өмнө орж зам нээ хэмээгээд онгоцны толгой дээр: - Далайг урвуулан мөрнийг хөрвүүлж аварга давалгааг шувтлан улсыг амруулан төрийг тогтоож ад шимнусыг арилгамуй" хэмээх алтан үсэгт хоёр их улаан торгон тугийг хатгав. Гао Тайюй бээр Вэнь Хуань Жан- ын хамт дуулах хөвгүүд бүжиглэх охидыг авч дундад цэргийн онгоцноо гарч өөрийн бие дундад цэргийг захирав. Дөч тавин могойлжин онгоцон дээр биндэрьяан өнгөт хөшиг, шуай үсэгт туг, шар дөмөг цагаан манжлага, улаан дуаз хар шүхэр, жич дундад цэргийн зэр зэвсгийг зэрэглэн тавив. Ван Вэнь Дэ, Ли Цүн Жий хоёул зарлигаар хойнох онгоцноо сууж жагсаалын хөлийг хамгаалав. Энэ үе чив хэмээн арван нэгэн сарын арвад байсан ажгуу. Морь цэрэг захиаг хүлээн урьд мордов. Усан цэргийн хошууч жанжин Чю Юай, Сюй Жин, Мэй Жань гурвуул тэргүүн онгоцноо сууж жагсаалын өмнө ороод үүл хөшиглөн манан эвхэж Лян Шань уулыг чиглэн мордов. Могойлжин онгоцны сумдах байдлыг үзвээс:
Онгоцон толгойд нум сум жагсааж, онгоцон сүүлд харвах асар цогцолжээ. Давалгааг зүсэхүйеэ луу матрын шинжтэй, долгиог сумдахуйяа таянга гардийн байдалтай, хараа дүүрэн луун хайрс, хорин дөрвөн эргэх хүрдийг зүүн баруунаа жагсааж, мэлмий дүүрэн хараацайн жигүүр арван найман зүйлийн зэр зэвсгийг шугуй мэт дэлгэжээ. Хөх торгыг эсгэн хиур залам болгож, бор хулсыг огтлон боомт олмыг бөхөлжээ. Нааш цааш сумдан эчихүйеэ нисэх шувуу адил, ийш тийш эргэн хөрвөхүйеэ хурдан хүлэг мэт.
Түүнээс Сүн Жян, Ү Юн нягт мэдээг олж сонсоод цэрэг засан урьдаас бэлтгэж албан цэргийн онгоц ирэхийг хүлээв. Төдийд Чю Юай зэргийн гурван хошууч жанжин онгоц хөдөлгөн урагш ороод бага могойлжин онгоцнуудыг хоёр анги болгон хувааж нарийн арал хавчуу тохойг бөглөсөнд, их онгоц ус зүсэн урагш давшив. Усан цэргийн олон онгоц чив чих тогоруун цэцэг наймаалжийн нүд мэт тархаж зогсохгүй сумдан явсаар Лян Шань уулын ойр ирсэнд алсын үзүүр нэгэн багийн суман онгоц зорчин айсуй. Онгоц бүрд хуяг өмссөн арваад хүмүүн суух бөгөөд төв дунддад нэгэн дайван суусан аж. Өмнө явах гурван онгоцонд нэжгээд цагаан хиур хатгаж дээр нь "Лян Шань уулын овгийн гурван баатар" хэмээх үсгийг бичиж, Руань Сяо Эр чих дунддад орж, Руань Сяо Ү зүүн этгээдэд болж, Руань Сяочи баруун этгээдэд явмуй. Дарсан дуулга өмссөн хуяг нь нарны гэрэлд нүд гялсхийхүйеэ нягтлан үзвээс алт мөнгөн цаасаар бүрсэн аж. Хошууч жанжин Чю Юай нар үүнийг үзээд өмнөх онгоцны хуяг цэргийг дуудан галт буу, галт зэв бай харва хэмээсэнд Руань овгийн гурван баатар огт эмээхгүй, онгоц сал ойртон ирж галт зэвсэг онох болсноо өндөр дуугаар нэгэнтээ хашхирмагц ус уруу шумбан оров. Чю Юай нар гурван онгоцыг булаан аваад урагш дахин гурван газар явтал гэнэт гурван хөнгөн завь салхины аяар сажилж ирэв. Үзвээс хар будаг улаан шунх, өнгөт шохой өмхий шиврийг биедээ түрхэж үс өрвийлгөн гэзэг сагсайлгасан арваад хүмүүн тэргүүн онгоцноо сууж исгэрэн эгшиглэсээр нисэх мэт сумдан ирэв. Улааныг түрхэж ногооныг мялаасан зургаа долоон хүмүүн зүүн баруун жигүүрийн онгоцноо суужээ. Хас багана Мэн Кан төв дунддад орж, гүмбира матар Тун Вэй зүүнээ болж, аварга мэлхий Тун Мэн баруунаа оржээ. Хошууч жанжин Чю Юай бас захиа буулган галт зэвсгээр харва хэмээсэнд олон хүмүүн зэргээр хашхиралдмагц онгоцоо гээж нуурын уснаа шумбан орсонд бас гурван онгоцыг олзолж сэлбүүр эргүүлэн дахин гурван газар явтал дунд зэргийн гурван онгоц гарч ирэв. Онгоц бүрт дөрвөн сэлбүүртэй бөгөөд сэлбүүр бүрийг хоёр хүмүүн эргүүлж улаан туг барьсан арваад илүү лүлү цэрэг онгоцны тэргүүнд суух дайванг багларан тойрчээ. Улаан туг дээр"Усан цэргийн дайван лусын эзэн Ли Жюнь хэмээн бичсэн ажгуу. Зүүн талын онгоцон дээр жад барьсан нэгэн дайван сууж "Усан цэргийн дайван усан хувилгаан Жан Хэн" хэмээх үсэгт ногоон тугийг хатгаж, баруун талын онгоцон дээр бие шалдан хөл нүцгэн, сүүжиндээ цүүц хавчуулж, гартаа алх барьсан нэгэн сайн эр суух бөгөөд "Усан цэргийн дайван жигүүрт загас Жан Шүнь" хэмээх мөнгөн үсэгт хар тугийг өргөж, сэлбүүр сажлан онгоцоо явуулах зуур өндөр дуугаар хашхиран өгүүлрүүн: - Онгоц сал хүргэж ирсэнд чинь талархаж баймуй хэмээсэнд гурван их хошууч жанжин сонсоод: - Зэв харва! хэмээхэд холховч нумын хөвч хүнгэнэхүйеэ эсрэг онгоцны олон сайн эр ус уруу тонгорцоглон оров. Тэр үе чив хэмээн тэсгэм хүйтэн өвлийн улирал байсан тул албан яамны онгоцон дээрх элсэж авчирсан усан цэрэг ямар аймшиггүй усанд шумбан орох аж.
Хараахан эг маг хэмээн түдгэлзэж атал Лян Шань уулын орой дээр галт буу нүржигнэн дуугарч, энд тэндэх зэгсэн ойгоос мянга түмэн хөнгөн завь царцаа мэт сумдан гарч ирсэн бөгөөд онгоц бүрд дөрөв таван хүмүүн сууж, өрөөнд нь ямар юм ахуулсныг мэдэхгүй тул албан цэргийн их онгоц хөнгөнөөр дайрч чадахгүй, эргэх хүрдийг гишгэсүгэй хэмээвээс усны ёроолд хог дүүрсэн тул хэдий хүчлэвч огт хөдлөхгүй болов. Харвах асраас зэв харвахад хөнгөн онгоцны усчин ард хавтас өргөн тэргүүнээ халхалмуй. Хөнгөн онгоц дөхөж ирмэгч нэгэн нь их онгоцны хитэгийг дэгээлэн авч, нэгэн нь илд өргөн хүрд гишгэгч албан цэргийг цавчихуйяа тавь жаран лүлү цэрэг хэдийн завдаж хошууч онгоцноо дэвхрэн гарсан ажгуу. Албан цэрэг их л сандарч ухарсугай хэмээвээс хойнох зам ч бөглөрсөн тул ухрах газаргүй болов. Өмнөх онгоц хараахан зууралдан байлдаж атал хойнох онгоц бас самууран дундад цэргийн их онгоцонд сууж асан Гао Тайюй, Вэнь Хуань Жан жагсаал самуурсныг мэдээд мэндэн сандан нуурын хөвөөнөө гарсугай хэмээтэл зэгсэн ойд хэнгэрэг дуурьсаж, онгоцон дээрх цэргийн ард зэргээр хашхиран: - Онгоцны ёроол нэгэнтээ цуурав хэмээн хашхирахуйяа онгоцон өрөөнөө ус боргилж өмнө хойнох олон онгоц цөм цоорон ус дүүрээд уснаа сууж дорогш живж атал дөрвөн зүг найман зовхисоос хөнгөн завь шоргоолж мэт авааралдан их онгоцыг хумьж ирэв. Гао Тайюй-н суусан нь шинэ онгоц атал юуны учир цооров хэмээвээс усан цэргийн дайван Жан Шүнь нэгэн анги сайн усчныг авч уснаа шумбан ороод онгоц ёроолыг цүүцээр цоолсон тул ус олгойдон орсон бөлгөө.
Түүнээс Гао Тайюй мэндүүрэн хитэгийн асар дээр гарч хойнох онгоцыг түргэн ирж тэнхрүүл хэмээн хашхирсанд нэгэн хүмүүн усан дотроос бултасхийн гарч ирээд гитэгийн асарт гүйн гараад: - Гао Тайюй, би чамайг аварсугай хэмээсэнд Гао Тайюй нүд орхин үзвээс тэр хүмүүнийг танихгүй, өнөөх хүмүүн ухасхийж давшаад Гао Тайюй-н малгайнаас шүүрэн авч нэгэн гараар бүснээс атган авч тонил хэмээн хашхирч нэгэнтээ орхисонд Гао Тайюй пүл хийж уснаа живээд, алдар цуут дундад цэргийн эзэн Юаньшуай агшин зуур цайлзах усны ёроолд живсэн нь гуниалтай болой! Үзэж атал хажуугаас хоёр завь сумдан ирээд Тайюй-г тэнхрүүлэн онгоцноо гаргав. Тэр хүмүүн хэн болов хэмээвээс усан ёроолоос хүмүүнийг шүүрэхэд уутны юмыг авах мэт шаламгай жигүүрт загас Жан Шүнь байсан ажгуу.
Өмнөх онгоцны хошууч жанжин Чю Юай жагсаал самуурсныг үзээд яаран бие зайлсугай хэмээтэл хажуу талын усчны дотроос нэгэн хүмүүн гарч ирсэнд Чю Юай увайлж завдсангүй түүнд цавчигдан онгоцноос тонгорцоглон унав. Энэ хүмүүн өөр хүмүүн бус чив хэмээн Лян Шань уулны торгон ирвэс Ян Линь байсан ажгуу. Сюй Жин, Мэй Жань хоёул хошууч жанжин Чю Юай-н гэнэдсэнийг үзээд зэвсэг сунган Ян Линь-ийг алахаар ирсэнд усан цэргийн анги дотроос цагаан царайт Жэн Тяньшоу, араат барс Сюэ Юнь, барс алагч баатар Ли Юн, алан тонилгогч Цао Жэн зэргийн дөрвөн дайван арын хойноос цавчин Сюй Жин байдал бусыг үзээд амь зугатахаар уснаа харайн орсон боловч санасангүй усан ёроолд бүгсэн хүмүүнд баригдав. Сюэ Юнь жад мушгин Мэй Жань-ийг жадалсанд гуя оногдож онгоцны өрөөнд савж унав. Үзвээс усан цэргийг өмөглөхөөр ирсэн уулан цайзын найман дайвангаас хөх нүдэт барс Ли Юнь, цоохор ирвэс Тан Лун, чөтгөрийн нүүрт Ду Син зэрэг гурван хүмүүн хэдийн өмнөх онгоцноо гарч завдсан тул олон жедү түшмэлд хэдий гурван толгой зургаан гар оргов хэмээвч огт хариуцах чадалгүй болов.
Түүнээс Лян Шань уулын Сүн Жян, Лү Жюнь И хоёул тус тус цэрэг салган усан хуурай хоёр замаар даарин ирэв. Сүн Жян усан замаар орж, Лү Жюнь И хуурай замаар ороод их л дийлснийг түр өгүүлэхгүй. Өгүүлэх нь Лү Жюнь И олон жанжин цэргийг авч уулан өмнөх их замаар алан ирээд түв хэмээн хошууч жанжин Жоу Ан, Ван Хуань лугаа учирсанд Жоу Ан шаламгайлан морь тавьж довтлон ирээд өндөр дуугаар хараан өгүүлрүүн: - Урвасан хулгай чи намайг танимуй уу? хэмээсэнд Лү Жюнь И зандан өгүүлрүүн: - Нэргүй өчүүхэн боол чиний үхэх цаг нүдэн өмнө болсон атал бас юуг өгүүлмүй! хэмээгээд эргүүлэн морь давхин байлдан орсонд, Жоу Ан бас саран сүхийг дээр далайж хүлэг хийсгэн угтан аваад уулан өмнөх их замд зөрөлдөн байлдаж хориод удаа болтол дийлэн дийлэгдэх ялгарсангүй, гэнэт хойд этгээдийн морьт цэрэг их дуугаар бархиран үүсгэв. Үзвээс уулан өмнөх хоёр этгээдийн их шугуйд бүгж асан Лян Шань уулын морьт цэрэг аянгын дуугаар хашхиралдсаар дөрвөн зүгээс дарж ирсэн аж. Гуань Шэн, Чинь Мин зүүн өмнөөс дайран ирж Линь Чүн, Хү Яньжуо баруун хойноос алан ирж уулан цайзын олон баатар дөрвөн замаар түлхлэн ирсэнд Сян Юань Жэнь, Жан Кай хоёул халхлан чадахгүй болж нэгэн зурвас зам гарган амь зулбаж буруулан эчив. Жоу Ан, Ван Хуань байлдах сэтгэлгүй болж барьсан зэвсгээ чирч зам булаан бие буруулж Жижоу хотноо дутаан ороод хүрээ байгуулан цэрэг буугаад чимээ авч мэдээ сураглан суусныг түр өгүүлэхгүй.
Өгүүлэх нь Сүн Жян усан замаар орж Гао Тайюй-г барьсан хойно хий хүлэгт Дай Зүн-ээр зарлиг уламжлуулж албан цэргийг хөнөөж болохгүй хэмээв. Дундад цэргийн их онгоцноо асан Вэнь Хуань Жан тэргүүлэн дуулах хөвүүд бүжиглэх охид жич шадар хуяг дагасан зарц нарыг бүрнээ барьж онгоцондоо суулгасан хойно хэнгэрэг дэлдэн цэрэг хурааж уулан цайздаа авч ирэв. Сүн Жян тэргүүлэн Ү Юн, Гүн Сүньшэн нар шударга журмын танхимд сууж атал Жан Шүнь бээр усан балин болсон Гао Чю-г түлхлэн авчирсанд Сүн Жян мэндэн сандан танхимаас гарч түшин аваад цоо шинэ торгон дээл гарган Гао Тайюй-д өмсүүлээд дотогш танхимд залан оруулж гол суудалд сугадан суулгасан хойно өвдөг нугалан хөсөр сөгдөөд: - Үхэх ял! хэмээн тэргүүн дарж түс түс хийтэл мөргөсөнд Гао Чю яаран босч хариу ёсолсноо, Сүн Жян яаран Ү Юн, Гүн Сүньшэн-ээр түүнийг түшүүлж мөргөн золгоод гол суудалд залж суулгасан хойно Янь Чин-д захиа уламжлан: - Үүнээс хойш хэн хэрвээ хүмүүнийг албаас цэргийн цаазаар аваачиж хүнд ялаар шийтгэмүй хэмээн олноо зарлагтун! хэмээв. Дэмий удсангүй олон жанжин барьсан хүмүүнээ зэрэг зэргээр түлхлэн ацрав. Тун Вэй, Тун Мэн хоёул Сюй Жин-г дарж ирэв. Ли Жюнь, Ян Хэн хоёул Ван Вэнь Дэ-г авч ирэв. Ян Сюн, Ши Сю хоёул Ян Вэнь-ийг тууж ирэв. Руань овгийн гурван баатар Ли Цүн Жи-г хүлж ачрав. Жэн Тяньшоу, Сюэ Юнь, Ли Жүн, Цао Ен дөрвүүл Мэй Жань-ийг түлхлэн ачрав. Ян Линь бээр Чю Юай-н тэргүүнийг өргөв. Ли Юнь, Тан Лун, Ду Син гурвуул Е Чүнь, Ван Жинь-ий тэргүүнийг барив. Се Вэнь, Се Бао хоёул зөвлөлийн түшмэл Вэнь Хуань Жан жич дуулах хөвүүд бүжиглэх охид, шадар хуяг дагасан зарц нарыг хөөн ацрав. Ганц Жоу Ан, Ван Хуань, Сян Юань Жэнь, Жан Кай зэрэг дөрвөн хүмүүнийг олж барьсангүй. Төдийд Сүн Жян бээр олон хүмүүний хувцсыг солиулаад шударга журмын танхимд залж дэс дараалан суулган хүндлэв. Амьдаар барьсан албан цэргийг бүрнээ тавьж Жижоу хотноо эгүүлж, дуулах хөвүүд бүжиглэх охин жич шадар хуяг дагасан зарц нарыг нэгэн сайн онгоцонд төвхнүүлж өөрсдөө бэхэлж сахигтун хэмээв. Шүлэгт өгүүлсэн нь:
Зарлиг хүлээсэн Гао Тайюй бодлого мөхөстсөн учраа,
Зам зуур амьдаар баригдаж аглаг уулнаа гарав.
Шударга журам хэмээгч юун болохыг эс төсөөлсөн тул,
Хадат цайз Лян Шань Фү-ын их танхимд хуримлажээ.
Мөн өдөр Сүн Жян үхэр хонь алуулж хурим найр үүсгэж, нэгэнтээгүүр олон цэргийг шагнан хөхиүлж, нэгэнтээгүүр хэнгэрэг дэлдэн хөгжим уулан цайзын их бага дайван нарыг хуруулж Гао Тайюй-д ёслон золгуулсан хойно Сүн Жян өөрийн гараар хундага барин, Ү Юн, Гн Сүнь Сэн-ээр дарс нэрүүлж, Лү Жюнь И нарыг бараа болгож жигүүрт зогсоов. Сүн Жян өгүүлрүүн: - Нүүрээ шивүүлсэн доорд түшмэл ямар аймшиггүй богдын төрөөс тэсэргүүлмүй. Нүгэл хураан ял үйлдсэн харгаагаар арга буюу ийм замд хүрэв. Анх хэдий тэнгэрийн хишгийг хоёр удаа хүртсэн боловч түүний хооронд нягт учир нууц гэм байхуй тул нарийнаа тоочихуйяа бэрх ажгуу. Дээд Тайюй өршөөн нигүүлсэж гүн шавардсан хүмүүнийг тэнхрүүлж тэнгэрийн нарыг дахин үзвээс их ачийг өрцнөө хадаж үхэн үхтэл хүчээ өргөхийг амалдсугай хэмээсэнд Гао Чю олон сайн эрсийг нүд өргөн ажваас нэгд нэгнээр баатар хүч хослон бүрдсэний дээр Линь Чүн, Ян Жихилэнгийн нүдээр ширтэж гар хөдөлмөр байдал гаргаж байхуй тул тэсгэл үгүй эмээн: - Сүн Гүн Мин та сэтгэлээ сул тавь! Гао Чю би төрд эгсэн хойно тэнгэрийн хөвүүнд батлан айлтгаж, зарлигийн ёсоор хишиг хүртээн ялыг хэлтрүүлж элч илгээн илбэн тохинуулж, хүндэд шагнан зэрэг нэмж, их бага журамт баатдад улсын пүнлүү хүртээж, шударга түшмэл болгосугай хэмээсэнд Сүн Жяних л баярлаж харамж өгөн мөргөөд их бага дайван нарыг дуудан ээлж халаагаар дарс бариулж зузаан дайлж хүндэд зочлохуйяа Гао Тайюй нэгмөсөн согтоод архины халуунаар балай үгс гаргаж ийн өгүүлрүүн: - Миний бие хараахан багаас бөх барилдаж шалгарсан тул дэлхий дахинд тэнцэх хүмүүн үгүй хэмээсэнд Лү Жюнь И бас ууж согтсон тул Гао Тайюй-н их үг гаргаж "Дэлхий дахинд тэнцэх хүмүүн үгүй хэмээсэнд халуу оргиж эгдүү хүрээд хуруугаар Янь Чин-г зааж өгүүлрүүн: - Миний энэ дүү бас бөх барилдаж чадах бөгөөд хол ойрд алдаршсан ерөөл хурлын найр дээр хэдэн удаа эчиж барилдсанаа дэлхий дахинд тэнцсэн хүмүүн үгүй хэмээхэд Гао Чюй гүйн босож, өмссөн дээлээ тайлж хаяад Янь Чин лугаа барилдахаар ирэв. Олон дайван бээр Сүн Жян-ын Гао Чюй-г тэнгэрийн элч хэмээн хүндэлж арга буюу аяыг нь дагахыг үзээд Янь Чин-г өдөөн барилдуулж, Гао Чю-ын омгийг дарсугай хэмээгээд бүгдээр суудлаас босч: - Сайн болой. Сайн болой. Бөх барилдахыг үзсүгэй" хэмээсээр индрээс эчихүйеэ Сүн Жян бас пал болтол согтсон тул таслан чадахгүй эргэлзэж атал Янь Чин, Гао Чю хэдийн бие нүцгэлэн магшиж ирсэн тул Сүн Жян жигүүрийн ардыг дуудан танхимын өмнө хивс дэвсүүлэв. Төдийд хоёр бөх магшин тоглож зөөлөн хивсийн дээр хүндийн зогсов. Гао Чю ухасхийж гүйн ортол Янь Чин тав хийж гар хүрэхтэй зэрэг хөл тавин хавсарсанд Гао Чю элэг түрүүлэн дарж унагаад удтал орноос хөдөлж чадсангүй. Янь Чин-ийн энэхүү мэхийг бие хамгаалах хий хавсарга "Шоу мин Фү" хэмээмүй. Төдийд Сүн Жян, Лү Жюнь И урагш давшиж Гао Чю-г сугадан босгоод дээлийг нь ацран өмсүүлсэн хойно: - Дээд Тайюй согтсон тул хүмүүнийг хаяж хэрхэн чадмуй. Биеийг зүдсэн ялыг уучилму! хэмээн инээн өгүүлсэнд Гао Чю зүрх долгистол эмээн гэлмэж дахин найрын ширээнээ сууж шөнө дүл болтол уусан хойно хойд танхимд түшин аваачиж унтуулав.
Жич өдөр бас хуримын ширээ засаж Гао Тайюй-н цочсоныг тохууруулсанд Гао Чю олон хүмүүнээс аяарлан мордсугай хэмээн Сүн Жян нарт салах ёсыг хийсүгэй хэмээхүйеэ, Сүн Жян өгүүлрүүн: - Бид бүгдээр дээд хүмүүнийг цайзнаа авч суусан нь өөр сэтгэл огт үгүй. Хэрвээ харанхуй бодлого аваас тэнгэр газар сөнөөх болтугай хэмээвээс Гао Чю өгүүлрүүн: - Журамт баатар хэрвээ Гао Чю намайг Жин хотноо хариулах дуртай болбоос гэр хотлоорын хүмүүнийг авч тэнгэрийн хөвүүнд журамт баатдыг батлан айлтгаж, элч илгээн илбэн дагуулж улс төрд хүндэд хэрэглэсүгэй. Хэрвээ ам алдсан үгнээс урваваас тэнгэр газарт буруу үзэгдэх самуун зэвд үхэх болтугай хэмээсэнд Сүн Жян тэргүүн даран мөргөн талархахад Гао Чю бас өгүүлрүүн: - Журамт баатар хэрвээ Гао Чю миний үгийг итгэх үгүй болбоос олон жанжныг данж болгон үлдээж болмуй хэмээхүл Сүн Жян өгүүлрүүн: - Дээд Тайюй хэмээгч их хэргэмт хүмүүн болох тул итгэл алдах ёс баймуй уу? Олон жанжныг үлдээх хэрэггүй. Хэдэн өдрөөс унаа бэлтгэн хойш хүргэсүгэй хэмээсэнд Гао Тайюй харамж өгч өгүүлрүүн: - Энэ мэт зузаанаар хүндлэх сэтгэлд үнэхээр талархаж баршгүй. Гао Чю би эдүгээ чөлөө айлтган мордсугай хэмээснээ Сүн Жян тэргүүлэн олон хүмүүн хүчлэн үлдээж ширээ засан дарс уулцаж эрт эдүгээгийн учрыг уужиртал шүүмжилж шөнө дүл болсон хойно сая тархалцав.
Түүнээс гуравдугаар өдөр болохуйяа Гао Тайюй маргаж эчсүгэй хэмээсэнд Сүн Жян нар хэдүй гуйвч болохгүй тул дахин хурим бэлтгэн хүндэд дайлж алт мөнгө, таж магнаг, тана сувд мэтийн хэдэн мянган лан алтны үнэ хүрэх бэлэг гаргаж тухайлан Тайюй-д барьж үдэх тал болгов. Олон жедү түшмэлд бас тус тус бэлгийн юм хүргэв. Гао Тайюй маргаваас болохгүй тул бэлгийн эдийг хүлээн аваад ширээнээ сууж дарс уух зуур Сүн Жян бас илбэн дагуулах үйлийг гаргаж хэлсэнд Гао Чю өгүүлрүүн: - Журамт баатар нэгэн хэрсүү болгоомжтой хүмүүнийг сонгож над лугаа хамт илгээгтүн. Гао Чю би түүнийг удирдан тэнгэрийн хөвүүнд бараадуулж, таны Лян Шань уулын нягт учрыг өргөн айлтгаж нэгэн эвхмэл жуу бичгийг буулгасугай хэмээсэнд Сүн Жян-ын дагах сэтгэл нэгэнтээ шуудсан тул даруй Ү Юн лүгээ зөвлөж хувилгаан бичээч Сяо Ран-г Гао Тайюй-д дагуулж илгээхээр болов. Ү Юн өгүүлрүүн: - Алтан бишгүүрт Юэ Хэ-г түүнд хань болгож хамт явуулсугай хэмээвээс Гао Тайюй өгүүлрүүн: - Журамт баатар ийн найдах тул зөвлөлийн түшмэл Вэнь Хуань Жан-г энд үлдээн итгэмж болгосугай хэмээсэнд Сүн Жяних л баярлаж, дөрөвдүгээр өдөр болсон хойно Ү Юн лүгээ хориод илүү морьтныг авч Гао Тайюй тэргүүлэн олон жедү түшмэлийг уулнаас үдэж Жинь шан Тань олмоор ус гэтлэн хорин газрын үзүүр гартал хүргээд дарс барин хүндэлж салах ёсыг хийгээд, уулан цайзнаа эгж тухайлан илбэн дагуулах чимээ ирэхийг хүлээж суув.
Жич өгүүлэх нь Гао Тайюй тэргүүлэн нэгэн багийн хүмүүн морь Жижоу хотыг чиглэн ирэхүйеэ хэдийн хүмүүн ирж мэдүүлсэн тул Жижоу хотноо асан хошууч жанжин Жоу Ан, Ван Хуань, Сян Юань Жэнь, Жан Кай жис Тайшоу түшмэл Жан Шү Е нар хотоос гарч Гао Тайюй-г угтан оруулж хэдэн өдөр болсон хойно цэрэг морио хурааж, олон жедү түшмэлийг тус тусын цэргээ авч хойш эгээд хожмын өдөр улируулан хэрэглэх захиаг хүлээгтүн хэмээгээд Гао Тайюй өөрийн биеэр Жоу Ан жич их бага жигүүрийн жанжин тэргүүлэн олон цэргийг авч Сяо Ран, Юэ Хэ-г дагуулан, нэгэн анги дагах ардын хамт Жижоу хотоос мордож эзэн хот Дунжин-г чиглэн одов. Гао Тайюй уулан цайз Лян Шань Фү-ын хоёр хүмүүнийг дагуулж ирснээр, олноос цолгорсон аруухан эр, найр цэнгэлийн гүн ордноо эзэн хаан лугаа учирч, сахиус мэт туршуулч ард, дээд Юаньшуай-н их хүрээлэнд аруухан баатрыг эрэв. Эгнэгт Гао Тайюй Жин хотноо эгсэн хойно Сүн Жян нарыг илбэн дагуулах учрыг хэрхэн айлтгасныг мэдсүгэй хэмээвээс түр доорд бүлэгт үзтүгэй.
Сэтгэгдэл ( 1 )
ene odoo hyatadin yum bicheed baihin yamar uchirtai yum boloo?