Д.Чулуунбаатар: Мэдээгүйжүүлгийн эмч нар өвчтөний амь насыг хариуцаж, бодисын тунг тааруулдаг

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 04

“100 асуулт” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор УНТЭ-ийн Мэдээгүйжүүлэг хагалгааны тасгийн зөвлөх эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор, Монгол Улсын Төрийн шагналт эмч Донхимын Чулуунбаатар уригдан оролцлоо. Тэрбээр анагаах ухааны салбарт 34 дэх жилдээ ажиллаж байна.


-Монгол Улсад мэдээгүйжүүлгийн алба үүсэж хөгжсөний 60 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэдээгүйжүүлгийн алба яг ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

-Мэдээгүйжүүлгийн алба, мэдээгүйжүүлгийн эмч нар нь мэс заслын эмчийн ажлаа хийх таатай нөхцөлийг бүрдүүлэх, өвчтөний амь нас, аюулгүй байдлыг хангаж өгөх чухал үүрэгтэй алба.

Мэс заслын эмч ганцаараа хагалгаа хийх боломжгүй. Хэвлийн хөндийг нээгээд хагалгаа хийх явцад амьсгал тасалдах, даралт ихсэх зэрэгт түүнийг хариуцах хүн хэрэгтэй. Мэс заслын эмч нар хагалгааг хийж байхад өвчтөний амь нас, зүрх, судасны систем, бодисын солилцооны янз бүрийн өөрчлөлтүүдийг харж, хянаж, зохицуулж байдаг эмч бол мэдээгүйжүүлгийн эмч. Нэг ёсондоо мэс заслын эмчийн хагалгаа хийх нөхцөлийг сэтгэхүйн болон бусад нөхцөлөөр нь хангаж өгдөг.

-Таны үндсэн мэргэжил мэдээгүйжүүлгийн эмч үү?

-Миний үндсэн мэргэжил бол эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн эмч. 1980-1990 оны үед амь тэмцсэн анагаах ухааны салбар болох яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн салбарт олон эмч төгсөж байлаа. Энэ үед эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн эмч нь эрчимт эмчилгээ хийнэ. Мэдээгүйжүүлгээ хийж хагалгаандаа ч орно. Яаралтай тусламжаа ч үзүүлж, амь тэмцсэн анагаах ухааны салбарын бүх үйл ажиллагаанд хамтад нь оролцдог байсан. Улмаар 2010 оноос амь тэмцсэн анагаах ухааны салбар гурав салсан юм . Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр гэхэд Яаралтай тусламж, сургалт арга зүйн төв гэж байгуулагдсан.

Эрчимт эмчилгээний тасаг нь энэ суурин дээрээ үлдэж, мэдээгүйжүүлгийн эмч, сувилагч нар Хагалгааний нэгдсэн тасагт очиж ажилласан. Харин яаралтай тусламжийн чиглэлээр ажилладаг хуучнаар хүлээн авахын эмч нар Хүлээн авах тасаг руу салсан. Гурван том салбар болоод хөгжсөн. Дэлхий нийтэд ч гэсэн гурван чиглэлээрээ салаад хөгжсөн байдаг. Өнөөдөр улсын клиникийн томоохон эмнэлгүүдийн туршлагыг харахад эмч нар энэ гурван чиглэлээрээ дагнаж мэргэших нь зөв зүйтэй гэдэг нь харагддаг. Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг гээд дагнаад мэргэшвэл хоорондоо тун ялгаатай шүү дээ. Хуучин цагт хагалгааны тоо, цар хүрээ бага байлаа.

Харин өнөөдөр шинжлэх ухаан ихээхэн хөгжсөн, хагалгааны цар хүрээ, тоо асар өссөн. Жишээлбэл, манай улсад элэг шилжүүлэн суулгах хагалгаа, бөөр шилжүүлэн суулгах хагалгаа, ясны чөмөг, үүдэл эс, өвдөг төвөнхийн үе шилжүүлэн суулгах хагалгаа, чихний дунгийн суулгац, зүрхний томоохон хагалгаанууд, төрөхийн болон эмэгтэйчүүдийн томоохон хагалгаануудыг хийж байна. Эдгээр хагалгаанд оролцоход мэдээгүйжүүлгийн эмч нар нарийн мэргэшиж хөгжих шаардлага үүссэн. Аймагт ажиллаж байгаа эмч нарын хувьд эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг аль алинд нь ажилладаг нь хөрвөх чадвартай болоход хэрэгтэй. Хөдөө, орон нутагт эмчийн орон тоо харьцангуй бага учраас ингэж ажиллахаас ч аргагүй. Гэхдээ сүүлийн үед зарим аймгийн эмнэлэгт эрчим эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасаг тусдаа хөгжиж байна.
 


-Та эрүүл мэндийн салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-Эрүүл мэндийн салбартаа 33 жил ажиллаж байна. Анх анагаах ухааны дээд сургууль төгсөөд Завхан аймгийн Шилүүстэй сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгч, сумын эмчээр долоон жил ажилласан. Сумын эмч байхдаа 1993 онд эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн курс төгссөн. Дараа нь Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2.6 жил орчим эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн эмчээр ажилласан. 1998 онд Улаанбаатар хот руу шилжиж ирээд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Яаралтай тусламж, сургалт арга зүйн төвд ажилласан.

Тус тасаг нь эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, мэдээгүйжүүлгийн эмч нар нэг дороо ажилладаг 90 гаруй эмчтэй том тасаг байлаа. Эрчимт эмчилгээний тасагт гэхэд 24-25 эмч ажиллаж байсан. Тэнд 10 гаруй жил эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн эмч хийлээ. Дараа нь Яаралтай тусламж, сургалт арга зүйн төвийн даргаар томилогдлоо. Даргаар 7-8 жил ажиллаад Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхээ Эмчилгээ эрхэлсэн захирлын албан тушаалд 4-5 жил ажилласан. 2018-2019 онд Ерөнхий захирлын Түр орлон гүйцэтгэгчээр ч ажиллалаа.

-Мэдээгүйжүүлгийн эмчийг наркозны эмч гэж нэрлэдэг шүү дээ. Ер нь мэргэжлийн нэршил нь юу вэ?

-Намайг хүүхэд байхад ч хүмүүс наркозны эмч гэж ярьдаг байсан. Одоо Монгол Улсад мөрдөгдөж байгаа нэр томьёоллоор мэдээгүйжүүлгийн эмч гэж нэрлэнэ. Мэдээгүйжүүлгийн эмч бол мэс заслын эмчийн хагалгаа хийх аятай нөхцөлийг бүрдүүлж, өвчтөний амь насыг хариуцах мэргэшсэн эмч гэж түрүүнд хэлсэн. Мэдээгүйжүүлэх олон арга техник бий.

-Хэдэн төрлийн мэдээгүйжүүлэх арга байдаг вэ?

-Мэдээгүйжүүлгийн үндсэн арга болох хамгийн аюулгүй, өвчтөндөө тус­тай дэмтэй, мэс заслын болон мэдээгүйжүүлгийн эмч нарт хамгийн чухал хэрэгтэй арга бол ерөнхий мэдээгүйжүүлэг юм. Энэ нь хэд хэдэн бүрдэлтэй. Хүнийг унтуулаад цагаан мөгөөрсөн хоолойд нь гуурс хийгээд аппаратаар амьсгалуулдаг. Мэдээгүйжүүлэхэд нэгдүгээрт хүний сэтгэхүйн үйл ажиллагааг дарангуйлж унтуулна. Тэр хүний өвдөлтийн мэдрэхүйг дарангуйлж ямар ч өвдөлтгүй болгоно гэсэн үг. Дараа нь хүний янз бүрийн рефлексүүд болох хүүхэн хараа өөрчлөгдөх, ханиалгах, огиж бөөлжих гэх мэт хүнээс өөрөөс нь шалтгаалахгүй гарах хамгаалах урвалууд, рефлексийг дарангуйлах үйл ажиллагаа явагдана.

Дараагийн гол хүчин зүйл нь хүний хөдөлгөөнийг хязгаарлана. Өөрөөр хэлбэл, булчин сулруулах бодис тарьдаг. Ингэснээр хүний бүх булчин суларна. Хавирга хоорондын болон өрцний булчин ажиллаж байж хүн амьсгална. Тэр булчингууд ажиллахаа байгаад сулрахад хүний амьсгаа зогсоно. Хүний амьсгалыг зохиомлоор зогсоогоод тэр амьсгалыг мэдээгүйжүүлгийн эмч удирдана. Бусад бодисын солилцооны өөрчлөлтүүдийг мэдээгүйжүүлгийн эмч хянана. Жишээлбэл, өвчтөн их хэмжээний цус алдвал, шингэн алдвал яах вэ гэдгийг хянаж, мэдэж, түүнд таарсан цус, шингэнийг бэлтгэж, хийнэ. Сахар ихсэх, буурах зэргийг ч мэдээгүйжүүлгийн эмч хянаж зохицуулна. Даралт, зүрхний үйл ажиллагааг хянана. Мэдээгүйжүүлгийн бодисууд зүрхний үйл ажиллагааг хамгийн багадаа 10-20 хувь дарангуйлдаг. Энэ бүх ажиллагааг зохицуулж, хянаж, тунг нь тааруулдаг эмч бол мэдээгүйжүүлгийн эмч юм.

-Мэдээгүйжүүлгийн эмчийг хүнийг унтуулаад, хагалгааны дараа сэрээдэг л эмч гэж боддог байлаа. Гэтэл өөр юм байна?

-Мэдээгүйжүүлгийн эмч үнэхээр нарийн мэргэжил, маш хариуцлагатай мэргэжил. Хүний амьсгалыг зогсоочихоод гараад явчихвал яана гэсэн үг вэ. Хүний амьсгалыг удирдана шүү дээ. Даралтыг ихэсгэж, бууруулна. Энэ мэт үйл ажиллагааны тунг мэдээгүйжүүлгийн эмч тааруулна. Өвчтөн хагалгаанд орохдоо түгжрэл болоод олон хоног бөөлжөөд шингэн алдаад даралт нь унаад шокын байдалтай эсвэл их хэмжээний цус алдсан байдалтай хагалгааны өрөөнд орох тохиолдол бий. Энэ үед мэдээгүйжүүлгийн сайн эмчтэй хагалгаанд ороход хагалгааны дараа өвчтөний биеийн байдал хамаагүй сайжирдаг. Хагалгааны үед бүх эмчилгээг хийгээд явдаг юм шүү дээ.

-Хүн хүний биеийн байдал янз бүр шүү дээ. Мэдээгүйжүүлэг хийсэн ч унтуулгад орохгүй хүн гэж байдаг уу?

-Тийм хүн байхгүй дээ. Дэлхийн практикт хэрэглэгдэж байгаа мэдээгүйжүүлгийн чадалтай эм, тариа бүгдийг л монголчууд хэрэглэж байна. Тухайн хүний ерөнхий биеийн байдал, жин, нас, хагалгаанд орж байх үеийн биеийн байдал зэргээс шалтгаалж мэдээгүйжүүлгийн тунг тааруулах нь чухал. 

-Мэдээгүйжүүлгийн салбар Монголд үүсээд 60 жил болжээ. Дэлхийд бол түүнээс ч олон жил болсон байх. Ер нь мэдээгүйжүүлэг анх яаж үүссэн бэ?

-Мэдээгүйжүүлэг VIII-IX зууны үеэс үүсэлтэйг түүхэнд янз янзаар тэмдэглэсэн байдаг. 1846 оны аравдугаар сарын 16-нд Бостоны их сургуулийн хоёр эмч эфирийн наркозыг хүнд анх хэрэглэсэн. Хүзүүний хавдар авах мэс засалд эфирийн наркоз хийж хагалгаа амжилттай болсон.

Тиймээс аравдугаар сарын 16-ныг Мэдээгүйжүүлгийн эмч нарын дэлхийн өдөр гэж тэмдэглэдэг. 1800-аад оны үед АНУ-д иргэний дайн гарч, буудуулж шархадсан олон өвчтөнд мод зуулгах, архи уулгаад хагалгаа хийх зэргээр мэс засал, хагалгаа явж байжээ. Энэ үеэс л мэдээгүйжүүлэх аргуудыг судалж, мэдээгүйжүүлгийн бодисуудын үүсэл практикт хэрэглэгдэж эхэлсэн гэдэг. Дэлхийн II дайны үед ч эфирийн наркозын үе шатуудыг нэлээд нарийн судалсан. Дайны үеүд хэдий хэцүү ч анагаах ухаан хөгжихөд нэмэртэй, зайлшгүй шаардлагаар хөгжиж иржээ.

-Аливаа зүйлд онолоос гадна дадлага сургуулилалт хэрэгтэй шүү дээ. Мэдээгүйжүүлгийн эмч дадлагаа яаж хийдэг вэ?

-Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хэрэглэж ирсэн арга, туршлагуудыг л бид хэрэглэж ирсэн. 1960-1961 онд Монгол Улсад мэдээгүйжүүлгийн алба үүссэн гэж үздэг. Энэ үед Чех, Оросын эрдэмтдээс ирж Монгол эмч нарт мэдээгүйжүүлгийн талаар анхны сургалтуудыг орж байжээ. Мэдээгүйжүүлгийн курсууд ч үүссэн гэдэг. Нэгэнт тогтсон шинжлэх ухаан учраас заавал амьтан дээр туршина гэдэг ч юм уу зүйл байхгүй. Онол, практик, сургалтын арга зүйгээрээ заагаад мэргэжил эзэмшүүлдэг. Харин Монголд хийгдэж байгаагүй шинээр хийх мэс заслуудад анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, 2011 оноос Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Нэгдүгээр эмнэлэгт хийж эхэлсэн.

Уг мэс заслыг Солонгос улсын туршлага дээр үндэслэн хийсэн. Эмч, сувилагч нар удаан хугацаанд дадлагажиж байж мэс заслаа хийдэг. Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах төслийг манай багийн ахлагч н.Сэргэлэн профессор санаачилж, амжилттай хэрэгжүүлсэн. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд оюутнуудад зориулсан туршилтын мэс заслын өрөө байдаг. Тэнд 30 гаруй гахайнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж, мэс засал амжилттай болсон. Шууд хүний элгийг тайрч болохгүй шүү дээ. Гахайнд хагалгаа хийснээр хүний элгийг шилжүүлэн суулгахад их ач холбогдол болсон. Хагалгаанд ороод шинэ тавьсан элэгнээс цөс ялгарч байвал элэг ажиллаж байна гэсэн үг.

-Улсын нэгдүгээр төв эмнэлэг элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хамгийн түрүүнд Монголдоо нэвтрүүлж байлаа. Анх эрхтэн шилжүүлэн суулгах ямар хагалгааг хийж байсан бэ?

-Монгол Улсад бөөр шилжүүлэн суулгах хагалгаа анх хийгдсэн. Тухайн үеийн нөхцөл байдал, тоног төхөөрөмжөөс шалтгаалж эхний оролдлого тийм ч амжилттай болоогүй. Миний хувьд 2006 онд н.Ганболд багшийн багт бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээг хариуцаж ажилласан. 2006 оны хавар нь хоёр ч баг Хятадын Уханийн эмнэлэгт 45 хоног бөөр шилжүүлэн суулгах чиглэлээр сурсан. Есдүгээр сард нь бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг нутагтаа хийхэд амжилттай болсон. Үүнээс хойш хөгжсөөр 245 орчим хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг Монголдоо хийсэн. Бөөрний архаг дутагдалд орсон хүмүүс гемодализын эмчилгээнд ордог эсвэл бөөр шилжүүлэн суулгуулдаг. Гемодализын эмчилгээ нь долоо хоногт багадаа гурван удаа, нэг удаадаа дөрвөн цагаар ордог. Харин бөөр шилжүүлэн суулгаснаар хэнээс ч хараат бусаар ажлаа хийгээд дархлаа дарангуйлах эмээ уугаад хэвийн амьдардаг. Монгол Улсад Донорын хуулиар ураг төрөл, хамаатан саднаас нь эрхтэн авдаг. Бөөр хос эрхтэн учраас амьд донороос нэг бөөрийг нь авдаг, харин элэгний талыг нь авдаг. Тархины үхжилттэй донороос мөн эрхтэн авч болно. Өглөг өглөгийн дээд буяны өглөг бол эрхтэн донор юм шүү дээ.

-Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд амьд донор тал элгээ өгч болдог гэлээ. Донорын тал элэг ургаж бүтэн болдог тохиолдол байдаг уу?

-2011 оноос хойш өнөөдрийг хүртэл монгол эмч нар 140 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийжээ. Хятад, Солонгос, Энэтхэг рүү явж мэс засал хийлгэсэн хүмүүсээ тооцохоор 400-500 хүн байгаа шүү. Элэг шилжүүлэн суулгахад тал элгээ өгсөн донорын элэг төлжөөд ургадаг. Гурваас зургаан сарын дараа л элэгний үйл ажиллагаа нь хэвийн болно, ургана. Харин элэг суулгуулах хагалгаанд орсон хүний хувьд дархлал дарангуйлах эмийг насан туршдаа ууна. Өөр хүний эрхтнээс суулгасан учраас бие нь тухайн эрхтэнийг танихын тулд эмийг уудаг.

-Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах өөр ямар хагалгаа хийдэг вэ?

-Бөөр, элэг, ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгааг хийж байна. Цусны хорт хавдартай хүмүүст өөрийнх нь цусыг аваад үүдэл эсийг ялгаж, нарийн технологиор шилжүүлэн суулгадаг. Харин өөр хүнээс үүдэл эс авч суулгадаг хагалгаа хараахан манай улсад нэвтрээгүй, хийхээр бэлдэж байгаа. Эрхтэн орлуулах хагалгааг манай улсад хийдэг. Жишээлбэл, сонсголгүй хүнд дунгийн суулгац хийж сонсгол оруулдаг. Анх энэ хагалгааг хоёр настай хүүхдэд хийхэд би бас оролцож байсан. Хүүхэд сонсохгүй учраас хэлд ордоггүй. Дунгийн суулгац хийгээд чих нь сонсоод ирэхээр хүүхэд хэлд ордог юм байна. Өвдөг, төвөнхийн мэс заслыг Гэмтлийн эмнэлэг, Нэгдүгээр эмнэлэг гээд хийж байна. Настай хүмүүс өвдөг нь өвдөөд явж чадахгүйд хүрдэг. Өвдөгний үе эдэгдээд өөрчлөлтөд орсныг сольчихож байгаа юм.

Нэгдүгээр эмнэлэгт гэхэд жилд 300-400 хүнд эдгээр хагалгааг хийдэг. 10 орчим жилд 3000-4000 хүнд өвдөг, төвөнхийн хагалгааг хийсэн болов уу. Ерөнхийдөө наркозны эмч гэхээр хүнийг унтуулах тухай асуудал ярьж байгаа боловч унтуулга нь хагалгааны цар хүрээтэй холбоотой. Жишээлбэл, бидний хийсэн анхны элэг шилжүүлэн суулгах хагалгаа 33 цаг үргэлжилж байсан. Ийм практик Монгол Улсад байгаагүй. 33 цагийн хагалгаанд өвчтөн сэрэх эсэхээс айж байлаа шүү дээ. Одоо бол манай элэгний хагалгаа дунджаар 12-15 цаг, дээд тал нь 20 цагт үргэлжилж байна. Гэхдээ жижигхэн хагалгаа, мэс засал гэж байхаас биш жижиг мэдээгүйжүүлэлт гэж байхгүй.

Та мэдээгүйжүүлэг хийж л байгаа бол аюулгүй байдал нэг номерт тавигдана. Бүх аппарат, тоног төхөөрөмж бэлэн байх ёстой. Хэрэгтэй эм, тарианууд бэлэн байх хэрэгтэй. Төвийн хоригууд гэж байна. Зарим хүнийг сэрүүнээр нь хагалгаанд оруулдаг. Энэ тохиолдолд нугасны мэдээ алдуулалт хийнэ. Хэвлийн хөндийн доогуур байрлалтай эрхтнүүдийн хагалгаа буюу доод мөчдийн хагалгаанд нугасны мэдээ алдуулалт давуутай. Сэрүүн байна гэхээр өвчтөн айдас багатай, гэхдээ хагалгаа хийж байгааг мэдрэхгүй байгаа нь манай мэргэжлийн ололт, том давуу тал. Төвийн хоригтоо нугасны гадна зайн мэдээ алдуулалт гэж бас орно. Нугасны хатуу хальсны наана 0.3-0.5 мм хөндий зай байдаг, тэр зайг олж тэнд мэдээгүйжүүлгийн бодисыг тарьдаг. Тэгэхээр мэдээгүйжүүлгийн эмч нарт өндөр мэдлэг, ур чадвар хэрэгтэй.

-Нугасны гадна зайн мэдээ алдуу­лал­тад мэдээгүйжүүлгийн эмчээс нэлээд туршлага шаарддаг бололтой шүү?

-Нугасны гадна зайн мэдээ алдуулалт их төвөгтэй. Нугасны мэдээ алдуулалт бол тэр бодисыг хийлээ, 2 цаг 30 минутаас 3 цаг 30 минут дотор хагалгаагаа дуусгаж байвал өвдөлтгүй дуусна. Харин нугасны гадна зайн мэдээ алдуулалтаар нарийн гуурс тавиад мэдээ алдуулах бодисын үйлчлэл гарах дөхөхөд тэр гуурсаар дамжуулж мэдээгүйжүүлгийн бодисыг нэмсээр цагийг хэдээр ч сунгаж болдог. Хагалгааны дараах өвдөлт намдаалтыг ч мөн уг гуурсаар хийж болно. Нугасны мэдээ алдуулалт, нугасны гадна зайн мэдээ алдуулалтыг ерөнхий мэдээгүйжүүлгийг гарын таван хуруу шигээ мэддэг эмч л хийнэ. Үүнээс биш “Хэн нэгэн хүн би нугас хатгаж чадна” гээд хийх ажил биш. Нугасны гадна зайн гуурсыг нэлээд туршлагатай эмч л хийдэг.

-Элэг шилжүүлэн суулгах хагалгаа 33 цаг үргэлжилсэн тохиолдол ч байна шүү дээ. Ийм олон цагийн хагалгаа миний ой тоонд бол буухгүй юм байна. Ямар ч амсхийх завгүй хагалгаа үргэлжилдэг үү?

-Томоохон мэс засал, хагалгаа нэг хүний ажил биш, багийн ажил байдаг. Мэс заслын эмч гэхэд чиглэл чиглэлээрээ нарийн мэргэшсэн байдаг. Жишээлбэл, хэвлийн хөндийг нээдэг баг байхад элгийг салгах мэс заслын баг байна. Энэ мэт багууд хагалгааны туршид орж гараад ажиллана. Мэдээгүйжүүлгийн эмч нар ч ганцаараа хагалгаанд орохгүй. Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд 3-4 мэдээгүйжүүлгийн эмч орно. Авах арга хэмжээгээ хоорондоо зөвлөлдөөд цаг тухай бүрт шийдвэрлэнэ. Мэдээгүйжүүлгийн эмч олон зүйлд хяналт тавьж, тохирох эмчилгээг хийгээд явдаг.

-Өнгөрсөн арванхоёрдугаар сард танай албаны түүхт 60 жилийн ой боллоо. 60 жилийн ойгоороо ямар арга хэмжээнүүд зохион байгуулсан бэ?

-2021 онд Монгол Улсад мэдээгүй­жүүлгийн алба үүсэж хөгжсөний 60 жилийн ой тохиолоо. Энэ хугацаанд юу хийж бүтээснээ дүгнэж, ямар дэвшил гарснаа нэгтгэж ном товхимол бүтээж, баримтат кино хийлээ. Мэдээгүйжүүлгийн алба, эмч, сувилагчийн гавьяа, бүтээмжийг олон нийтэд таниулах ажлыг ч хийж байна.

-Эмнэлгийн ажилчдын цалин хангамж бага гээд асуудал ярьдаг. Мэдээгүйжүүлгийн эмч нарын цалин хангамж ямар вэ?

-Эмнэлгийн ажил ер нь хэцүү ажил. Дандаа нойр муутай явна, хүний төлөө шанална, жижүүрт тогтмол гарна, тодорхой хэмжээний халдвартай нөхцөлд ажилладаг. Гэхдээ коронавирус гарсан энэ үед эмч, эмнэлгийн ажилчдын нөхцөл байдлыг дэлхий нийтээрээ харж байна. Хүнийг эмчилж эдгээдэг гэдэг утгаараа эмч сайхан мэргэжил л дээ. Цалин хангамжийн хувьд Монголд ганц эмч гэлтгүй нийтээрээ цалингийн түвшин бага. Тэр дундаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, ЕБС-ийн багш нарын цалин бага, болдог бол нэмээсэй гэж боддог. Хүн сэтгэлийн дарамтгүй, ар гэртээ санаа зовохгүй ажилладаг байх ёстой. Дэлхийд бол хамгийн өндөр цалин авдаг эмч мэдээгүйжүүлгийн эмч байдаг.

Мэс заслын эмчээсээ ч өндөр цалин авдаг. Сүүлийн үеийн тоо баримтаас харахад 300 орчим мянган ам.долларын цалинтай ч байна. Дунджаар бол 150 мянга орчим ам.долларын цалинтай байдаг. Миний хувьд нэг сая гаруй төгрөгийн цалин авна. Гэтэл Монголын мэдээгүйжүүлгийн эмч нар дэлхийн эмч нарын түвшинд хүрсэн. Мэдээгүйжүүлгээс айх аюул байхгүй, үнэхээр найдвартай гэдгийг хэлье. Мэс заслын хувьд ч сайн хийдэг болсон. Бүх эмч нартаа мэдээгүйжүүлгийн алба үүсэж хөгжсөний 60 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Амжилт(64.119.25.232) 2022 оны 01 сарын 07

Амжилт хүсье

2  |  0
Top