Дэлхийд нэр хүндээрээ дээгүүрт ордог Лондон болон Торонтогийн хөрөнгийн биржүүд нэгдэх гэж байгаа талаар удаан хугацаанд шуугисан билээ. Тэгвэл их хүлээлт дагуулж байсан энэхүү төлөвлөгөө бүтэлгүйтсэн талаар холбогдох албаныхан мэдэгдэв. Лондоны хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Хавиер Ролет энэ талаар албан ёсны мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр мэдэгдэлдээ «Торонтогийн хөрөнгийн биржтэй нэгдэх төлөвлөгөө бүтэлгүйтсэн явдалд манай биржийнхэн тун сэтгэл дундуур байгаа. Энэхүү нэгдэх төлөвлөгөө нь Торонтогийн хөрөнгийн биржийг хариуцдаг «ТМХ Group» хувьцаа эзэмшигчдэд олон улсын түвшинд хамтран ажиллах онцгой боломжийг олгоно гэж үзэж байсан юм» гэжээ. Гэхдээ тэрбээр төлөвлөгөө бүтэлгүйтсэн гэж шантралгүй цаашид өсөлтийн олон боломжийг эрэлхийлэн ажиллах бодолтой байгаагаа илэрхийлсэн байна. Энэхүү төлөвлөгөө бүтэлгүйтсэн нь хоёр биржийн хувьцаа эзэмшигчдийн хүсэл эрмэлзэлтэй шууд холбоотой гэнэ. Тодруулбал нэгдэх үйл явц биеллээ олохын тулд нийт хувьцаа эзэмшигчдийн гуравны хоёрынх нь дэмжлэгийг авсан байх ёстой аж. Гэтэл энэхүү төлөвлөгөө хангалттай хувийн дэмжлэгийг авч чадаагүй талаар Лондоны хөрөнгийн бирж мэдэгдэлдээ дурдсан байна. Чухам хувьцаа эзэмшигчид яагаад ийм ашигтай төлөвлөгөөг дэмжээгүй нь нууц хэвээр үлдэж байгаа талаар эдийн засагчид мэдэгдэв.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )