Италиййн нэрт жүжигчин, олон жилийн турш дэлхийн кино урлагийн секс-билэг тэмдэг хэмээх нэрийг зүүсэн Моника Белуччи одоо ч үзэсгэлэнтэй хэвээрээ байгаа билээ. Хөдөөний жижигхэн тосгоны зураачийн охин гэнэт Dolce&Gabbana-гийн нүүр царай болсон нь үнсгэлжингийн үлгэрийг санагдуулсан юм. 50 гаруй кинонд тоглож, дэлгэцэнд дүрээ мөнхөлсөн Моника Белуччиг нэрт жужигчин Роберт ди Ниро "Тэр бол гайхалтай эмэгтэй. Түүнээс болж би кинонд тоглохыг зөвшөөрсөн юм шүү дээ” хэмээн уулга алдсан байдаг. Моника Белуччигийн сүүлд өгсөн нэгэн ярилцлага Роёерт ди Нирогийн энэхүү үгээс эхэлжээ.
-Роберто ди Ниро зөвхөн танаас болж "Хайр сэтгэл. Зааврын дагуу хэрэглэ" кинонд тоглохыг зөвшөөрсөн гэж ярьсан байсан. Та түүнд гүн сэтгэгдэл төрүүлсэн бололтой...?
-Үнэндээ бол Роберт ди Ниро намайг бишрээд байгаа бус, би түүнийг биширдэг юм. Тэр бол Холливудын жинхэнэ од. Би түүнтэй хамт кинонд тоглохдоо өөрийгөө жүжигчин гэдгээ мартаад үзэгч шиг хараад зогсчихдог.
-Эмэгтэй хүний эрх чөлөө юунд байдаг гэж та боддог вэ?
-Мэдээж санхүүгийн хувьд биеэ даасан байдал л хүнд эрх чөлөөг бэлэглэдэг. Би Италид өсвөр насны охин байхаасаа үүнийг мэдэрсэн.Би хэзээ ч эрчүүдийн түрийвчийг харж өсөөгүй. Хэзээ ч тэдний тооцооны картыг шүтэж амьдраагүй. Эрчүүдээр би өөртөө юм авахуулахыг хүсдэггүй. Тиймдээ ч би гэрлэхдээ хөрөнгө
мөнгө биш, хайр сэтгэлээ дагасан.
-Италийн Ерөнхий сайд Сильвио Верлускони хүүхнүүдтэй байсхийгээд л нэр холбогддог. Та түүний байнгын ийм шуугианыг хэрхэн хүлээн авдаг вэ?
-Энэ бол гайхаад байхаар зүйл биш. Эрчүүдийн ихэнх нь олон эмэгтэйг эзэмдэхийн тулд л алдар нэр, албан тушаал руу тэмүүлдэг. Албан тушаал, эрх мэдэл гэдэг бол хүмүүсийн хараад, төсөөлөөд байгаагаас ч илүү адгууслаг зүйл. Эмэгтэй хүнд сэтгэгдэл төрүүлж, түүнтэй нөхцөхийн тулд өөрийгөө алдаж, намбагүй аашилдаг олон улс төрчийг би харж байсан.
-Та яагаад Dolce&Gabbana-гийн хувцаснаас бараг салдаггүй юм бэ. Уг нь энэ компани тантай байнга хувцсыг нь өмсөх ёстой гэсэн гэрээ хийгээгүй биз дээ?
-Би өөрөө л дуртай байхгүй юу. Тэдний хувцсыг өмсөхөөр эмэгтэйлэг, хатагтайлаг харагдаж буй мэт санагддаг. Тэгээд ч би анх тайзан даар энэ брэндийг л өмсөж гарсан.
-Та гурвын гурван хүүхэдтэй гэхэд гайхалтай сайхан хэвээрээ байх юм. Та хүүхдийн тухай залуудаа ямар үзэлтэй байсан бэ?
-Залуудаа би хүүхдийн тухай бодохтой манатай, бөөн ажилтай л хүн гүйж явж. Хүүхдэд цаг гаргаж чадахгүй байж тэднийг төрүүлэх шаардлага надад тухайн үед байгаагүй. Хүүхэд гаргачихаад өөрөө гадуур гүйгээд, халамжлахгүй байлтай биш. Харин нас ахиад ирмэгц жүжигчний замнал минь хоёрдугаарт тавигдаж, хүүхдээс минь дээр гарах зүйлгүй болсон. Гэхдээ нөгөө талаас нь харвал зөвхөн хүүхдэдээ даруулсан эмэгтэй байж хэзээ ч болохгүй. Эмэгтэй хүн бүрт өөрийн гэсэн сонирхол, тэмүүлэл гэж бий. Тэгээд ч зөвхөн хүүхдээ хараад суудаг эмэгтэйг сайн эх гэж хэлж бас болохгүй болов уу.
-Танайхан гэр бүлээрээ цуглах дуртай гэж дуулсан юм байна...?
-Тиймээ, бид бүгдээрээ цуглаад ширээ тойроод суухад үнэхээр хөгжилтэй айдаг.
Иймэрхүү мөч л хүний ой тойнд тодоос тод үлддэг юм билээ. Би л гэхэд гэр бүлийнхэнтэйгээ бүгдээрээ шахцалдаад орон дээрээ хэвтэх дуртай. Яг цыган гэр бүл шиг.
-Таны нөхөр Венсан Касселийг бүсгүйчүүд эргүүлэх үе байдаг л байх. Гэхдээ түүнийг хэтэрхий үнэнч гэх юм билээ...?
-Венсан үнэхээр дур булаам эр. Нөхрийихөө тухай ингэж бодож чаддаг байна гэдэг сайхан хэрэг. Венсан гэхдээ бусад эрчүүдтэй адил биш юм шиг надад санагддаг. Үнэндээ бол би хааяа түүнд тачаадан дурлаж, заримдаа зүгээр л алчихмаар санагддаг шүү.
-Таныг секс билэг тэмдэг хэмээх тодорхойлолт байнга дагасаар өдийг хүрлээ. Та энэ талаар одоо юу гэж бодож байна вэ?
-Миний оролцоогүйгээр өөр хүмүүс л иймэрхүү жагсаалт гаргаж, тодорхойлолт хийчихдэг. Энэ тодорхойлолт бол тодорхой хэмжээний үнэлгээ байж болох юм. Гэхдээ би өөрийгөө их энгийн эмэгтэй гэж боддог. Ер нь бараа бүтээгдэхүүний шошгонд бус, чанарт нь анхаарал тавих хэрэгтэй. Бусад хүмүүс миний тухай юу бодож буй бол гэж би санаа зовдоггүй. Энэ бол чухал зүйл биш.
-Сүүлийн үед алдартай эмэгтэйчүүд гоо сайхны хагалгаа хийлгэх болжээ. Та энэ талаар тэгвэл ямар бодолтой явдаг вэ?
-Одоогоор би гоо сайхны хагалгаа хийлгэхийн эсрэг зогсдог. Гэхдээ арван жилийн дараа юу болохыг хэлж мэдэхгүй юм. Залуухан бүсгүйчүүд гоо сайхны хагалгаа хийлгэж буйг хараад би үзэн яддаг. Тэд насаараа гоёод сайхан л харагддаг. Өөрчлөөд байх зүйл үгүй. Хүн бүрийн өөрийн төрх бол давтагдашгүй зүйл шүү дээ. Тэд хагалгааны дараа хичнээн сайхан харагдаж байлаа ч гэсэн нэг л хуурамч санагдана шүү дээ. Өөрийгөө хэрхэн хайрлаж, үнэлж байгаагаас л энэ бүхэн шалтгаалж буй байх. Өөрийгөө хайрлаж, үнэлж сурах хэрэгтэй.
Эх сурвалж: Өөр мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )