Дэлхийн хүн амын 4/1 нь Цагаан сар буюу хаврын баяр тэмдэглэдэг

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 01

Цагаан сар бол дэлхийн томоохон баяруудын нэг бөгөөд жил бүр ойролцоогоор хоёр тэрбум гаруй хүн буюу дэлхийн нийт хүн амын дөрөвний нэг нь энэхүү баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Азийн улс орнуудаас  Монгол, Хятад, Вьетнам, Малайз, Индонез, Сингапур, Өмнөд Солонгос, Тайланд өргөн тэмдэглэдэг билээ.

БНХАУ

Цагаан cap нь хаврын баяраар эхлэн 15 хоног үргэлжилж, дэнлүүний баяраар дуусдаг. Cap шинийг угтан хятадууд гэр орондоо их цэвэрлэгээ хийдэг бөгөөд шинэ он эхлэхээс өмнө хамаг муу муухайгаа зайлуулж буй нь энэ аж. Харин шалаа угаадаггүй нь хамаг сайн сайхан, аз хийморь шаланд байдаг гэж үздэгтэй нь холбоотой юм. Цагаан сарын өмнө хаалганы тотго дээр таван ширхэг урт цаасан тууз бэхэлдэг нь аз жаргал, амжилт, урт нас, эд баялаг, баяр баясгаланг бэлгэддэг байна.

Сарны тооллоор эхний болон 15 дахь өдөр үсээ засуулдаггүй. Энэ нь мөн л аз хийморь, эд баялгаа угааж, арилгахгүй гэсэн сүсэг бишрэлтэй нь холбоотой ажээ.

Тус баярын үеэр уламжлалт ёсоор улаан дугтуйд мөнгө хийж бие биедээ бэлэглэдэг байна. Учир нь улаан өнгө нь аз хийморийг бэлгэддэг гэж үздэг. Энэ баярын бас нэг чухал хэсэг бол тансаг хоол, идээ ундаа. Баярын ширээнд ногоогоор хийсэн хоол зонхилдог нь өөрийгөө цэвэршүүлж, шинээр төрж, ирэх жил­дээ шинэ соргог байхыг бэлгэддэг аж.

Гэхдээ баярын ширээний гол хоол нь банш, гурилтай шөл байдаг байна. Хятадын Цагаан сарын нэг онцлог нь луу, арслангийн багтай бүжиглэх сүрт жагсаалыг хотын талбай, гудамжинд хийдэг. Зөвхөн Хятадад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг хята­дууд монголчууд бидэн шиг Цагаан сараа хамгийн чухал баяр гэж үздэг.

ЯПОН

Япончууд цагаан сараа “Ошогацү” хэмээн нэрлэдэг бөгөөд гурав хоног үргэлжилдэг. Жил бүрийн нэгдүгээр сард тэмдэглэдэг. Битүүний өдөр япончууд “Сусухарай” хэмээх их цэвэрлэгээ хийж гэрээ цэвэрлэн “Омочи, озоны” хэмээх нэртэй цагаан будаагаар боов хийдэг байна. Гэхдээ баярын ширээний үндсэн идээ, ундаанд далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд зонхилох аж. Үүний зэрэгцээ цагаан будаагаар саке архи исгэж бэлтгэдэг. Мөн зоогийн газрууд саке архийг үнэгүй үүдэндээ тавьж, авсан хүнд аж жаргалыг бэлгэддэг ажээ. Японы Цагаан сарын өөр нэг онцлог нь “Отоши дама" хэмээх ёслол. Энэхүү ёс заншлаар үр хүүхдүүд нь эцэг эхдээ дугтуйнд мөнгө хийж өгдөг.

 

ЛАОС

 

Лаос цагаан сарыг “Л ин” хэмээн нэрлэдэг. Жил бүрийн дөрөвдүгээр сард тус баярыг тав хоног тэмдэглэдэг. Тэд битүүний шөнө зул асааж, нас барсан хүмүүсийнхээ араас залбирал үйлддэг гэнэ. Харин шинийн 1-нд 40-өөс дээш насны эрчүүд ууланд тахил ергөдөг байна. Харин 50-иас дээш насны эмэгтэйчүүд 10-аас доош насны охидуудад үлгэр уншиж, өгдөг уламжлалтай аж.

 

ТӨВӨД

 

Төвөдүүд билгийн тооллын шинийн 1-нд “Лосар” гэдэг баярыг тэмдэглэдэг. Тухайн жилээсээ шалтгаалан жил бүрийн хоёрдугаар сарын сүүлч юм уу гуравдугаар сарын эхээр тэмдэглэдэг. “Ло” гэдэг нь жил, “Cap’’ гэдэг нь шинэ гэсэн утгыг илэрхийлдэг байна. Тиймээс “Лосар” хэмээх нэр нь үндсэндээ шинэ он гарч, хавар болж байна гэсэн утгыг агуулдаг бөгөөд cap шинэдээ төвөдүүд шинэ дээл хувцсаа өмсөж, настан буурлууддаа золгодог уламжлалтай. Энэхүү баярын хамгийн чухал идээ нь цагаан будаа, давс, найман төрлийн орцтой хатаасан бяслаг, гурилтай шөл байдаг. “Дашдэлэг” хэмээх номыг ард олон нийтээрээ уншуулан даган баясдаг байна.

 

ВЬЕТНАМ

 

Вьетнамчуудын цагаан сарын баярыг “Тэт” хэмээн нэрийддэг. Жил бүрийн нэгдүгээр сарын сүүлч юм уу хоёрдугаар сарын эхээр тэмдэглэдэг. Албан ёсоор гурав хоног болдог боловч 1990 оноос хойш долоо хоног үргэлжлэх болсон. Хятадын соёл иргэншлийн нөлөөгөөр вьетнамчууд Цагаан сарыг тэмдэглэх болсон гэж судлаачид үздэг байна. Вьетнамчууд шинэ жилийн баяраа өнгөрөөсний маргаашаас “Тэт” баяртаа бэлдэж эхэлдэг аж. 

Гэр орон болон албан өрөөгөө тав хоногийн турш цэцгээр чимэглэдэг уламжлалтай. Гэрийн эзэн эхнэр болон хүүхдүүддээ “Аз жаргал, баяр жаргал” гэсэн утгатай бийрийн уран бичлэг бэлэглэдэг байна. Шинэ cap гарахаас өмнө өртэй хүмүүс өрөө дарж, тооцоогоо дуусгах ёстой. “Тэт” эхлэх шөнө хүмүүс бараг унтахгүй бөгөөд хөгшин залуугүй тоглож наадан шинэ өглөөг угтдаг. Харин шинийн 1-ний едер бурхан тахилынхаа өмнө таван төрлийн жимс өргөдөг.

 

КАМБОЖ

 

Камбожид хаврын баярыг дөрөв­дүгээр сарын дундуур тэмдэглэдэг байна. Борооны улирал эхлэхийн өмнө цагаан будаагаа хурааж, иргэд гурав хоног амарч баярладаг. Гэрээ цэвэрлэн, цэцэг, бөмбөлгөөр гоёж, лаа асаадаг бөгөөд тахианы мах, будаа, жимс, амттан бэлтгэдэг. Баяраар сүм хийдэд очиж, шашны ёслол үйлдэхээс гадна үндэсний тоглоом наадам зохион байгуулдаг гэнэ. Дуу дуулж, бүжиг бүжиглэн хүүхэд багачуудынхаа хамт хөгжилддөг байна. Ерөнхийдөө Хятадын Цагаан сартай төстэй олон зан үйлийг гүйцэтгэдэг.

 

ТАЙЛАНД

 

Тайланд  шинэ жилээ Камбожтай адил дөрөвдүгээр сард тэмдэглэдэг. Ургацаа хурааж дуусаад баярлах баяраа тайчууд “Songkran” гэж нэр­лэдэг. Тайчууд “Songkran” баяраа зургаан хоног, зарим газарт зургаагаас ч олон өдөр тэмдэглэдэг байна. Баярын хамгийн хөгжилтэй хэсэг нь тайчууд гудамж талбайд усаар шүр­шилцэн, усан буу ч юм уу хувинтай усаар бие биеэ цацаж хөгжилддөг аж. Түүнчлэн Будда бурхны баримлыг усаар ариулан угаадаг нь шинэ онд аз хийморь, элбэг хангалуун байдлыг авчирдаг гэж үздэг уламжлалтай нь холбоотой гэнэ.

 

МАЛАЙЗ

 

Малайз мөн хаврын тэргүүн сарыг тэмдэглэдэг. Гэхдээ Малайз европын тооллын шинэ жил, энэтхэг тооллын шинэ жилийг давхар тэмдэглэдэг аж. Тиймээс малайзууд шинэ жилийн баяраа хамтад нь тэмдэглэдэг байна. Хаврын тэргүүн сарын эхний хоёр өдөр амардаг бөгөөд 15 хоногийн турш баярлаж цэнгэдэг. Гудамжаар малайз үндэсний янз бүрийн хувцас өмссөн хүмүүс жагсаж, бүжиглэж, дуулж, ёслолын буудлага хийж баярладаг байна. Тэдний үндэсний зоог нь бу­дааны боов, халуун ногоотой шөл юм.

 

БУТАН

 

Бутанчууд үндэсний баяраа "Бур­ман” гэдэг. Бутан, Непал зэрэг орнууд үндэсний баяраа адилхан тэмдэглэдэг. Тэд баярын эхний өдрөө эзэн хаандаа урт удаан насыг бэлгэдэн цагаан архи өргөдөг байна. Залуус ахмад буурлууддаа шар өнгийн зүйл бэлэглэдэг. Шар өнгө нь бутанчуудын хувьд урт наслахын бэлгэдэл аж.

 

БНСУ

 

Солонгосчууд Цагаан сарыг “Seollal” хэмээн нэрийддэг бөгөөд энэ жил энэ сарын 15-наас эхлэн тэмдэглэж бай­гаа юм. Солонгос эмэгтэйчүүд сарны тооллын шинэ жилийг сайтар бэлт­гэх бөгөөд “Тток", “Гаретток” хэмээх шар­сан махыг заавал хийдэг уламж­­лалтай. Мөн жимс, загасаар ширээгээ чимдэг ч банш болон “Токкук" хэмээх нэртэй шөлөөр зочдоо заавал дайлдаг байна. “Токкук”-ийг ууснаар амьдралд нь бас илүү нэг нас хайрладаг хэмээн үздэг. Баярын өдрүүдэд бүгд шинэ хувцас өмсөж, бүхнийг шинээр эх­лэхийг зөгнөдөг бөгөөд хамаатныхаа хам­гийн өндөр настныдаа цуглардаг. Энэ өдөр солонгосчууд нэг нас нэмлээ хэмээж, уламжлалт тоглоом тоглодог. Япон­чуудтай адил солонгосчууд ца­гаан сарын баяраа гурав хоног тэмдэглэдэг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top