ПАРИС./ФРАНС-ПРЕСС/, Өнгөрсөн бямба гарагт Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нар Грек улсад 12 тэрбум еврогийн зээл олгох шийдвэр гаргажээ. Энэ мөнгийг долдугаар сарын 15-наас өмнө ЕХ болон Олон улсын валютын сангийн /ОУВС/ 110 тэрбум еврогийн багц зээлийн хүрээнд олгох юм. Уг багцын сүүлийн буюу тав дахь хэсэг болох 8.7 тэрбум еврог Еврогийн бүсийн орнууд гаргаж байгаа бол үлдсэнийг нь ОУВС Грект шилжүүлэх юм. ЕХ болон ОУВС-гийн Грект олгох дараагийн зээлийг олгох асуудлаар нарийн ширийн зүйлүүд ойрын үед тодорхой болох ажээ. Германы Сангийн сайд Вольфганг Шойбле хэлэхдээ «өрийн хямралд автсан Грекийн эрх баригчид дараагийн ээлжийн зээлийг авахын тулд намар хүртэл хүлээх хэрэгтэй» болохыг дурдсан байна. Грекийн засгийн газар ойрын үед өргөн цар хүрээтэй хувьчлалыг эхлүүлж чадах эсэхийг эхлээд харах хэрэгтэй гэж тэрбээр хэлжээ. Багц зээлийн сүүлийн тав дахь хэсгийг өгсөн нь өнгөрсөн сарын 29-нд Грекийн парламент хямралын эсрэг авах багц арга хэмжээний төлөвлөгөөгөө баталсантай холбоотой юм. Төлөвлөгөөний дагуу ойрын 5 жилийн хугацаанд Грек улс 28 тэрбум евро хэмнэх үүрэг хүлээсэн бөгөөд ингэхдээ татвараа нэмэгдүүлэн, төсвийнхөө зарлагыг бууруулах ёстой болж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )