ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар Украины асуудлаар нэг цаг гаруй утсаар ярьсан ч ямар ч үр дүнд хүрээгүй талаар олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд онцолж байна. Цагаан ордон Москва асуудлыг түрэмгийллээр шийдэх гэж оролдвол аюултай тулгарах болно гэж мэдэгдсэн бол Кремль Украины мөргөлдөөнийг тойрсон АНУ-ын оролцоог буруутгаж байгаа юм.
Байден Путинд хандан “Хэрэв Орос Украинд халдвал АНУ холбоотнууд болон түншүүдийнхээ хамтаар шийдэмгий хариу арга хэмжээ авч, ОХУ-д маш хурдан бөгөөд ноцтой аюул учруулах болно” гэжээ. Харин Путин “Оросын тавьсан санал буюу НАТО-гийн өргөтгөл, Украинд довтолгооны хүчин байршуулах зэрэг асуудлаар ямар ч тодорхой хариулт өгөөгүй” гэж мэдэгдсэн байна.
Вашингтон болон түүний холбоотнууд Украины ойролцоо 100 мянган цэргээ байрлуулаад буй Оросын арми Киев рүү хэзээ ч дайрч магадгүй гэж анхааруулаад байгаа билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентэй утсаар ярьсны өдрийн өглөө нь Путин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой мөн утсаар ярьсан ч хурцадмал байдлыг намжааж чадаагүй байна.
Макроны ажлын албанаас “Хоёр тал яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн” гэж мэдэгджээ. Аль Жазирагийн Вашингтон дахь сэтгүүлч Майк Ханна "Хоёр удирдагч ярилцсаар байгаа ч мэдэгдэхүйц бодит ахиц дэвшил гарсан шинж тэмдэг алга" хэмээсэн байна.
АНУ болон Израиль тэргүүтэй олон орон иргэдээ Украиныг аль хурдан орхиж гарахыг уриалаад байгаа юм. Түүнчлэн Их Британи, АНУ цэргийн зөвлөхүүдийнхээ ихэнхийг татсан бол Вашингтон Киев дэх дипломат ажилтнуудынхаа олонход нь тус бүс нутгийг орхих тушаал өгчээ. Үүнээс гадна Голландын KLM агаарын тээврийн компани Украин руу хийх арилжааны нислэгээ түр зогсоож байгаагаа мэдэгдэв. Өнгөрсөн бямба гарагт ОХУ дипломат ажилтнуудаа Украинаас гаргасан нь дэлхийн улс орнуудыг ийнхүү ард иргэдээ гарахыг уриалахад хүргээд байгаа юм. Украин дахь гадаад иргэд тэр тусмаа барууныхан дүрвэх төлөвтэй байгаа нь Киевийг иргэддээ хандан тайван байх уриалга гаргахад хүргээд байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Ард түмний хамгийн том дайсан бол сандрал” гэж мэдэгджээ. Өнгөрсөн баасан гарагт Вашингтон ОХУ Украин руу дайралт хийхэд хүрэлцэхүйц хангалттай хүчээ цуглуулсан гэж мэдэгдсэн. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “ОХУ цэргийн ажиллагаагаа хэдийд ч эхэлж магадгүй, олимп дуусахаас өмнө ч эхлэх магадлалтай” хэмээсэн юм.
Харин Украины удирдагчид ийм мэдэгдэл нь улс орны эдийн засаг, олон нийтийн сэтгэл зүйд муугаар нөлөөлж, бүх нийтийг хамарсан дайны айдас бий болгож байна гэж мэдэгдсэн билээ. Гэвч улс даяар уур амьсгал түгшүүртэй хэвээр байгаа аж. Киев хотын захирагчийн алба урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн гурван сая гаруй оршин суугчийг яаралтай нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө гаргаснаа мэдэгдсэн. Германы Канцлер Олаф Шольц даваа гарагт Киевт очсон бөгөөд удахгүй Путинд бараалхаж Украины асуудлаар ярилцахаар төлөвлөж байгаа аж. Орос улс барууны орнуудаас НАТО-гийн цэргийг Зүүн Европоос гаргаж, Украиныг НАТО-гийн гишүүнээр хүлээн зөвшөөрөхгүй байх шаардлага тавьж байгаа юм.
Харин Вашингтон уг шаардлагыг эрс няцаасан. ОХУ нь өнгөрсөн бямба гарагаас Крымийн хойгт тэнгисийн цэргийн сургуулилалтыг эхлүүлсэний зэрэгцээ Беларусь улстай 10 хоногийн хугацаатай хамтарсан цэргийн сургуулилалтыг үргэлжлүүлж байна. ОХУ нь Крым хойгийг 2014 онд Украинаас буцаан авсан юм. Харин Беларусь нь Украины хойд хэсэгт оршдог. Эдгээр цэргийн сургуулилалт нь Украины нийслэл Киев рүү дайралт хийхэд Оросын цэргүүдэд илүү хялбар байршилд болж байгааг ажиглагчид анхааруулж буй. Мөн цэргийн сургуулилалтууд дууссан ч дараах байршлуудад байнгын цэрэг байршин үлдэнэ гэдгийг ОХУ-аас мэдэгдсэн.
УКРАИНЧУУД ЖАГСАВ
Оросын түрэмгийллийн эсрэг эв нэгдлийг харуулахаар олон мянган украинчууд өнгөрсөн бямба гарагт Киев хотод жагсчээ. “Сандрал ямар ч ашиггүй. Бид нэгдэж, тусгаар тогтнолын төлөө тэмцэх ёстой” гэж тэд үзэж байна. Жагсагчид “Дайн бол асуудлын шийдэл биш” гэсэн лоозон барьжээ.Түүнчлэн Киевийн төв өргөн чөлөөгөөр жагсаж буй иргэд юунаас ч айхгүй, тайван байна гэдгээ мэдэгдэв. Тухайлбал, бага насны хоёр хүүхдээ дагуулан жагсаалд ирсэн иргэн Назар Новосельский “Бид айгаагүй гэдгээ харуулахын тулд энд ирлээ” гэжээ. Түүнчлэн уг жагсаалд ОХУ-ын дэмжлэгтэй салан тусгаарлагчидтай дайтаж явсан ахмад дайчид оролцсон байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )