ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Крымийн хойг дахь цэргийн хүчийг эгүүлэн татах ажиллагааг харуулсан дүрс бичлэгийг олон нийтэд харуулсан.
Өмнөх өдөр нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хурцадмал байдлыг дипломат замаар шийдвэрлэж, хэлэлцээний ширээнд суухад бэлэн байгаагаа илэрхийлээд байв. Цагаан ордны тэргүүн Жо Байдены хувьд ч мягмар гарагт энэ асуудлаар хэлэлцээ өрнүүлэхэд нээлттэй байгаагаа илэрхийлсэн. АНУ-ын тагнуулын байгууллагууд Украины хилийн ойролцоо ОХУ-ын 150 мянга гаруй цэргийн хүч төвлөрч байгаа талаар мэдээлсэн.
Тэгвэл АНУ-ын Гадаад тагнуулын албаны тэргүүн Микк Марран “Москва 10 орчим байлдааны анги нэгтгэлийг Украины хил рүү нэмж хөдөлгөсөн. ОХУ сүүлийн өдрүүдэд 7000 гаруй цэргийг Украинтай хил залгаа бүс нутгуудад нэмж байршуулсан” хэмээжээ.
Украины хилийн дагуу ОХУ-ын 170 мянга гаруй цэрэг байгаа гэсэн мэдээ бий.
Антони Блинкен энэ талаар “Украины хилийн ойролцоох Оросын байлдааны анги нэгтгэлүүд ухрах бус улам бүр ойртож байна. Москвагийн хэлэх, хийх хоёр зөрөх нь байдаг л үзэгдэл. Бид ОХУ цэргээ татаж байгаа дүр зураг ажиглаагүй. Тэд хэлсэндээ хүрвэл сайн хэрэг. Гэвч одоогоор тийм зүйл болоогүй байна” гэжээ.
Европын холбооны орны эрх баригчид ОХУ-ын хэдий орчим тооны цэрэг аль чиглэлд ухарч байгаа нь тодорхойгүй. Тиймээс Украинд гэнэтийн дайралт хийж болзошгүй асуудалд сонор сэрэмжээ алдаж болохгүй гэх байр суурийг илэрхийлсэн.
Мөн НАТО-гийн Батлан хамгаалахын сайд нар лхагва гарагт хамтарсан мэдэгдэл гаргаж, ОХУ хуурай зам, усан цэрэг, агаарын нэмэлт хүчийг Украины хилийн ойролцоо нэмж байршуулсан. Тиймээс нөхцөл байдал хурцадмал хэвээр байна гэж тодорхойлсон байна.
Харин Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба лхагва гарагт “Дан ганц цэргээ татах тухай мэдэгдэл хийх нь хангалтгүй. Москва ил тод байж, баримт нотолгоо үзүүлэх ёстой” гэсэн юм. Сүүлийн үед АНУ болон НАТО-ын бусад орон ОХУ-ыг Украин руу халдахаар бэлтгэж байна хэмээн буруутгах болсон.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Орос улс хоёрдугаар сарын 16-ны өдөр хөрш орон руугаа дайрах гэж байна хэмээн Европын төрийн тэргүүнүүдэд мэдэгдсэн талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээс гарах болсон юм. Харин ийнхүү мэдээлсэн хэвлэл мэдээллийн агентлагууд хоёрдугаар сарын 16-ны өдөр "довтлох" өдрийг зарласан нийтлэлээ засаж, "Орос хэзээ ч дайрч болзошгүй" гэх зэргээр өөрчилж байв.
Кремль болон Оросын Гадаад хэргийн яам энэ бүхнийг үгүйсгэж, "Орос улс Украины дотоод асуудалд оролцдоггүй, Украинаас ялгаатай нь ямар ч хэлэлцээрийг зөрчөөгүй хэмээн удаа дараа мэдэгдэж" байлаа.
Украины эрх баригчид өөрсдийгөө тунхагласан Донецк, Лугансктай хил залгаа нутаг дээр зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүнийхээ тал хувийг байршуулсан, арми нь босогчдын эсрэг гал нээж, барууны орнуудын өгсөн хориотой техник ашиглаж байгаа хэмээн Оросын тал буруутгаж байгаа юм. ОХУ-ын талын мэдэгдсэнээр барууны орнууд Украинд хэдэн тэрбумын үнэтэй зэвсэг нийлүүлсээр байгаа бөгөөд үүнд АНУ, Их Британи, Канад, Франц, Польш Турк, Литва, Чех, Болгар, Румын, Эстони улс оролцож байгааг онцолж байна. Түүнчлэн Украин руу гадаадын цэргийн зааварлагчид ирсээр байгаа гэнэ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )