Орон нутгийн хэвлэлүүд баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө Луганскт хоёр удаа хүчтэй дэлбэрэлт болсон талаар мэдээлсэн.
Харин Оросын төрийн мэдлийн ТАСС агентлаг байгалийн хийн хоолой дэлбэрсэн гэж мэдээлсэн юм. Одоогоор дэлбэрэлтийн улмаас үүссэн нэг галыг унтраасан бол хоёр дахь байршилд гарсан түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Луганскын хууль сахиулах байгууллагаас дор хаяж гурван байршилд тэсрэх бөмбөг дэлбэлж, хийн хоолойг дэлбэлсэн гэх мэдээллийг өгсөн байна. Гэвч одоогоор дэлбэрэлт Украины армийн үйл ажиллагаатай холбоотой эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа юм.
Мөн нөгөө талд АНУ тэргүүтэй барууны орны тагнуулын байгууллагууд ОХУ дайн өдөөх зорилгоор зохиомол халдлага үйлдэж болзошгүй гэж мэдээлж байв. Өөрийгөө тунхагласан Бүгд найрамдах Луганск ард улсын эрх баригчид баасан гарагт Украины арми цохилт өгч, хурцадмал нөхцөл байдал үүссэнээс шалтгаалан энгийн иргэдээ ОХУ руу нүүлгэн шилжүүлэхээ мэдэгдсэн.
Түүнчлэн ОХУ-ын өмнөд хэсгийн Ростов мужийн захиргаа Донбасс болон Донецкт дахь энгийн иргэдийг хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. ОХУ, Украины хооронд багахан мөргөлдөөн дэгдсэн тохиолдолд дэлхийн эдийн засгийг бүхэлд нь хамарч, АНУ-ын олон арван жил барьж, хамгаалж байсан олон улсын дэг журмыг эсэргүүцэх болно гэдгийг ажиглагчид онцолж байна.
Учир нь, Владимир Путин Украины талаарх өөрийн байр сууриа илэрхийлэх бүрд дэлхийн хөрөнгийн зах зээл хөдөлж, улс орнуудын төрийн тэргүүнүүд хэрэлдэж эхэлдэг. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн лхагва гарагт ОХУ зарим цэргийн хүчээ бааз руугаа буцааж өгч буйгаа мэдэгдсэн боловч энэ нь баттай эсэх нь тодорхойгүй байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Байден өнгөрсөн мягмар гарагт байдал хурцдаж буйг онцлоод "Энэ бол зөвхөн Орос, Украинтай холбоотой асуудал биш” хэмээсэн.
Орос бол газрын тос болон бусад түүхий эдийн томоохон экспортлогч бөгөөд асуудал хурцадвал эрчим хүчний үнэ өсөж болзошгүйг Байден анхааруулсан. Дайны айдсаас үүдэлтэйгээр АНУ-д шатахууны дундаж ханш сүүлийн 14 жилийн хугацаанд бүртгэгдээгүйгээр өссөн байна. Тодруулбал, галлон тутам нь дөрвөн ам.долларт ойртсон тухай “Axios” компанийн шинжээч Натан Бомей бичжээ.
Түүнчлэн Орос Европын байгалийн хийн гол эх үүсвэр бөгөөд Герман зэрэг орнууд дайн дэгдвэл үнэ өснө хэмээн эмээж байгаа юм. Хэрэв Путин түрэмгийлвэл АНУ болон түүний холбоотнууд "урьд өмнө байгаагүй" хориг арга хэмжээ авна гэж мэдэгдсэн. Энэ нь гол технологиудын хүртээмжийг хязгаарлаж, Оросыг эдийн засгийн хувьд Хятадаас илүү хамааралтай болгож болзошгүй юм. Хятадын Засгийн газар Украины нөхцөл байдалд өрнөдийн зүгээс ямар хариу үйлдэл үзүүлэхийг анхааралтай ажиглаж, Тайванийг хүчээр өөрийн мэдэлд оруулах гэсэн оролдлого нь ямар үр дагавар авчрахыг анхааралтай ажсаар буйг ажиглагчид онцолж байгаа юм.
Мягмар гарагт Байдены хэлсэн үг нь зарим талаараа Вашингтоноос зохиосон олон улсын дүрэм, журмыг хамгаалахыг уриалсан шинжтэй байсан бөгөөд энэ удаагийн геополитикийн хямрал нь Афганистаны дараа Байдены гадаад бодлогын хоёр дахь том хямрал гэж хэлж болохоор байгаа юм.
“Путиний хувьд Орос, Украиныг нэг ард түмэн гэж мэдэгдсэн. Хэдийгээр цэргийн хүчин чадал нь Украиныхаас хол давсан ч Оросын хувьд дайн хийх нь маш их эрсдэл дагуулна” гэдгийг “Carnegie Moscow” төвийн судлаач Александр Баунов тодотгосон байна.
Тэрбээр "Тэр өөрийн иргэдийн төрөл төрөгсдийг хохироохгүйгээр Украин руу довтлох боломжгүй" хэмээжээ. Түүнчлэн Цагаан ордны тэргүүн Жо Байден “Оросын арми ойрын хугацаанд Украин руу довтлохоор төлөвлөж байна гэж үзэх хангалттай үндэслэл бидэнд байна. Би Владимир Путин Украин руу довтлох шийдвэр гаргасан гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгдээд байгаа билээ. Мөн тэрбээр Оросын армийн бай Киев хот байх болно гэсэн юм.Үүнээс гадна АНУ-ын Конгрессын сенат нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх Украины эрх баригчдын хүчин чармайлтыг дэмжих тогтоолыг санал нэгтэй батлаад буй.
Энэ баримт бичигт нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх хүчин чармайлттай нь холбоотойгоор Украинд "Улс төр, дипломат, цэргийн дэмжлэг үзүүлэх"-ийг санал болгож, сенатчид Америкийн эрх баригчдыг ийм тусламж үзүүлэхийг уриалсан байна. Ингэснээр Украинд нэмэлтээр зэвсэг нийлүүлнэ гэсэн үг юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )