Дэлхийн удирдагчид хаана, ямар албан тушаал хашиж байсан бэ!

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 23

Хүн анх төрөхдөө л ямар нэгэн мэргэжилтэн, алдартан эсвэл өндөр албан тушаалтан болж төрдөггүй. Хүн бүрийн амьдралын замнал харилцан адилгүй байдаг. Дэлхийн удирдагчид уг албан тушаалд очихоосоо өмнө хөгжмийн зохиолч, автобусны жолооч, зөөгч зэрэг янз бүрийн ажил хийсэн байдаг. Зарим нь санаанд оромгүй ажил хийж байсан тохиолдол ч бий.

“MSN” агентлаг дэлхийн удирдагчид өмнө юу хийж байсан тухай тоймлон бэлтгэжээ.

Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони- Хөлөг онгоцны дуучин

Сильвио Берлускони өмнө нь аяллын хөлөг онгоцон дээр дуулдаг байжээ. Энэ талаараа тэрбээр “Энэ ажил нь түүнд олон дунд ажиллах чадвар олгосон” хэмээн  ярьдаг байна.

Исландын Ерөнхий сайд асан Йоханна Сигурдардоттир- Онгоцны үйлчлэгч

Исландын Ерөнхий сайд асан онгоцны үйлчлэгчээр ажиллаж байжээ. Гэхдээ тэрбээр онгоцны үйлчлэгчээр тийм ч удаан ажиллаагүй бөгөөд компанийнхаа  үйлдвэрчний эвлэлийн зохион байгуулагчаар ажиллаж эхэлсэн байна. Энэ албан тушаал нь түүнийг Исландын тэргүүн болоход хамгийн их нөлөөлсөн гэж ажиглагчид үздэг.

Ирландын Ерөнхийлөгч Майкл Хиггинс-Зөөгч

Хиггинс ядуу гэр бүлд төрсөн бөгөөд их сургуульд сурахын тулд зөөгч хийж байжээ. Тэрбээр  яруу найрагч, зохиолч бөгөөд 1990 оноос хойш өөрийн яруу найргийн дөрвөн түүврээ хэвлүүлсэн байдаг.

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро- Автобусны жолооч

Венесуэлийн  Ерөнхийлөгчийн албан тушаал 2018 оны сонгуулиас хойш будлиантай, тодорхойгүй байгаа бөгөөд   АНУ болон Их Британи сөрөг хүчний удирдагч Гуайдог хууль ёсны Ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрсөн бол Орос тэргүүтэй хэд хэдэн орон Николас Мадурог дэмждэг. Мадуро Венесуэлийн нийслэл Каракас хотод олон жил автобусны жолоочоор ажилласан. Тэрбээр Ерөнхийлөгч асан Уго Чавесын ойр дотны хүмүүсийн эгнээнд шилжсэнийхээ дараахан буюу  2013 онд Чавес нас барахад улсынхаа удирдагч болсон.

Оросын Ерөнхий сайд асан Дмитрий Медведев- Гудамж цэвэрлэгч

Медведев улс төрд орохоосоо өмнө гудамж талбай цэвэрлэх ажил хийдэг байсан бөгөөд  ердөө 1.53 ам.долларын цалин авдаг байсан тухайгаа нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.

Францын Ерөнхийлөгч асан Николя Саркози- Цэвэрлэгч

Николя Саркози Парис дахь Францын Агаарын цэргийн хүчинд цагийн цэвэрлэгчээр ажиллаж байжээ. Гэхдээ  тийм ч удаан ажиллаагүй бөгөөд хуулийн байгууллагад ажиллаж, үргэлжлүүлэн улс төрд орсон байдаг.

Пап лам Франциск-Шөнийн клубын хаалгач

Ромын католик сүмийн тэргүүн өмнө нь төрөлх хот болох Буэнос-Айресдоо шөнийн клубийн хаалгачаар  ажилладаг байжээ. Гэвч удалгүй тэрбээр шашны чиглэлээр суралцаж эхэлснээр энэ бүхэн түүх болон үлджээ.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо- Сноубордын багш

Жастин Трюдогийн аав  Пьер Трюдо Канадын Ерөнхий сайд байсан билээ. Хэдийгээр аав нь Ерөнхий сайдын албыг хашиж явсан эрхэм ч Жастин бусад оюутнуудын адил цагийн ажил хийдэг байсан аж.  Тэрбээр  шөнийн клубт бармен, сноубордын багш, зөөгчөөр ажиллаж байжээ.

Болгарын Ерөнхий сайд асан Бойко Борисов-Хувийн бие хамгаалагч

Ерөнхий сайд асан Бойко Борисов Болгарын хуучин хааны хувийн бие хамгаалагчаар ажиллаж байжээ. Тэрбээр бие хамгаалагчаас гадна  гал сөнөөгч, каратэгийн дасгалжуулагч, цагдаагаар ажиллаж байсан гэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга- Бөх

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хувьд спортоос улс төр рүү шилжсэн нэгэн. 1980-аад онд тэрбээр тулааны урлагийн нэг төрөл болох самбогоор хичээллэдэг байжээ.

Словенийн Ерөнхийлөгч Борут Пахор-Загвар өмсөгч

Словенийн Ерөнхийлөгч коллежийн төлбөрөө төлөхийн тулд  загвар өмсөгчөөр ажилладаг байжээ. Харин улс төрд орсных нь дараа өрсөлдөгчид нь түүнийг  "Эрэгтэй хүүхэлдэй" хэмээн хочилж байсан гэнэ.

Германы Канцлер асан Ангела Меркель-Баарны үйлчлэгч

Зүүн Германы Лейпцигийн их сургуульд квант физикийн чиглэлээр суралцаж байхдаа Ангела Меркель баарны үйлчлэгчээр ажиллаж байжээ.  Тэрбээр долоо хоногт ойролцоогоор 10-20 ам.доллар олдог байсан бөгөөд үүгээрээ дотуур байрныхаа төлбөрийг барагдуулдаг байсан аж.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон- Сэтгүүлч

Их Британийн Ерөнхий сайд Оксфордын их сургуулийг төгссөнийхөө дараа “The Times” сонинд сэтгүүлчээр ажиллаж байсан бөгөөд  түүхч Колин Лукастай холбоотой худал мэдээлэл тараасан хэргээр ажлаасаа халагдаж байжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top