Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украинаас салан тусгаарлаж, өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг хүлээн зөвшөөрч, улмаар энэ хоёр улстай найрамдал, хамтын ажиллагаа, тусламжийн гэрээнд гарын үсэг зураад буй. Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай Путиний энэхүү шийдвэрийг Сири, Өмнөд Осети, Абхази гэсэн улс дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ийнхүү дээрх хоёр улсыг хүлээн зөвшөөрснөөс гадна эдгээр улсын нутаг дэвсгэр дээр энх тайвныг дэмжих үүднээс Оросын Зэвсэгт хүчний цэргүүдийг оруулах тушаалыг Батлан хамгаалах яамдаа өгсөн байна. Путиний мэдэгдэл гарсны дараа Оросын цэргүүд хөдөлж эхэлснийг харуулах дүрс бичлэгүүд олон нийтийн сүлжээгээр тархжээ. Одоогоор Москва Украины зүүн хэсэгт хэчнээн тооны цэргийн хүч илгээж байгаа нь тодорхойгүй байна.
Тэгвэл АНУ-ын тагнуулын байгууллагууд ОХУ-ын цэргийн хүч 24 цагийн дотор Украины зүүн хэсэгт энхийг сахиулах ажиллагааг эхлүүлнэ гэж тооцжээ.
Тагнуулын мэдээллээр ОХУ-ын тэнгисийн цэргийн хүч хуурай газарт явган цэрэг тээвэрлэгч хөлөг онгоцнууд болон агаарын цэргийн анги нэгтгэлүүдийг хамарсан өргөн цар хүрээтэй дайчилгаанд бэлтгэж байгаа аж. Уг үйл явдалтай холбоотойгоор Жо Байден Донецк, Луганск руу АНУ-аас бараа, үйлчилгээ, технологийн экспорт, реэкспорт, худалдаа, нийлүүлэлт хийхийг албан ёсоор хориглохоо мэдэгджээ.
Түүнчлэн Америкийн дипломатууд ойрын үед Украиныг орхиж, харин АНУ-ын ЭСЯ-ыг түр хугацаанд Польш руу шилжүүлэхээр болжээ.
*/OIUYFDXХарвардын их сургуулийн судлаач, АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн зөвлөх асан Жэсон Фурман "Нью-Йорк Таймс" сонинд өгсөн ярилцлагадаа "Газрын тос, байгалийн хийг эс тооцвол ОХУ-ын дэлхийн эдийн засагт эзлэх байр суурь тийм ч чухал биш. ОХУ бол үндсэндээ томоохон шатахуун түгээх станц шүү дээ” хэмээсэн байна.
Дэлхийн банкны хамгийн сүүлийн үеийн нэрлэсэн ДНБ-ий тоо баримтаас харахад Оросын эдийн засаг Герман, Франц, Их Британи зэрэг орнуудаас жижиг буюу Бразилтай эн тэнцүү байгаа юм. Дэлхийн банкны мэдээлснээр тус улсын эдийн засаг, Өмнөд Солонгосынхоос ч сул байгаа аж. Гэхдээ Фурманы тэмдэглэснээр Оросын газрын тос, байгалийн хийн экспорт нь дэлхийд чухал ач холбогдолтой юм.
АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн албаны мэдээлснээр Европын холбоо нийт байгалийн хийнийхээ 80 орчим хувийг импортоор авдаг бөгөөд байгалийн хийн импортын 41, нефтийн 27 хувийг Орос нийлүүлдэг аж. Сүүлийн нэг жилийн хугацаанд Европын холбооны орнуудад эрчим хүчний үнэ мегаватт нь 20 еврогоос 180 евро болж өссөнөөс гадна хий, нефтийн импорт буураад буй. Үүнтэй холбоотойгоор АНУ-д шатахууны үнэ сүүлийн долоон жилийн хугацаанд бүртгэгдээгүй дээд цэгтээ хүрч, нэг галлон нь ойролцоогоор 3.50 ам.доллар болж, инфляц 40 жилд байгаагүй өндөр түвшинд буюу 7.5 хувьд хүрсэн байна. Нөгөөтэйгүүр, Украин бусад бүс нутгуудад үр тарианы гол нийлүүлэгч байсаар ирсэн бөгөөд улаан буудай, эрдэнэ шишийн экспортынхоо 40 хувийг Ойрхи Дорнод, Африк руу илгээдэг билээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )