Украин дараагийн Сири болох уу!?

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 26

Орос Украинд дайн зарласантай холбоотойгоор  дэлхийн өнцөг булан бүрээс Ерөнхийлөгч Владимир Путиний үйлдлийг буруутгаж байна.

Тэрбээр үүнийгээ Украинд явуулж буй цэргийн ажиллагаа гэж мэдэгдсэн ч нийслэл Киев болон тус улсын бусад томоохон хотод дэлбэрэлтийн чимээ сонсогдож эхэллээ. Путин мөн Украины цэргийн албан хаагчдад хандан зэвсгээ хаяж, гэртээ харихыг уриалж, цэргийн тусгай ажиллагаа нь Украиныг, зэвсгээс ангижруулах зорилготой гэж мэдэгдсэн юм. 

Үүний зэрэгцээ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленксий ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийх оролдлого бүтэлгүйтсэн гэж мэдэгдэв. Украин Оросын түрэмгийллийн аюул заналхийлэлтэй тулгараад байгаа энэ үед түүний энэ мэдэгдэл Дэлхийн III  дайн эхэлсэн байж  магадгүй гэх айдсыг төрүүлээд байна.

ОРОС-УКРАИНЫ ХЯМРАЛ


Хоёрдугаар сарын 24-ний пүрэв гарагт Орос Донбасст цэргийн ажиллагаа явуулахаа мэдэгдэж, албан ёсоор  Украинд дайн зарласан. Путин мөн  бусад улс орныг  Оросын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулсан. Тэрбээр хэрэв бусад улс хөндлөнгөөс оролцвол хэзээ ч харж байгаагүй үр дагаварт хүргэж болзошгүй хэмээв.

Украин улс ОХУ дайн зарласантай холбогдуулан иргэний агаарын орон зайгаа хаагаад байна. Нөгөө талаас мөргөлдөөний бүсийн ажиглагчид Украины аль ч хэсэгт нисэх онгоцыг буудаж унагаах, агаарын хөдөлгөөний удирдлагын эсрэг кибер халдлага хийх эрсдэлтэй тул нислэгээ зогсоох ёстой гэдгийг анхааруулж байна. 

2014 онд Украины зүүн нутагт Малайзын MH17 зорчигч тээврийн онгоцыг буудаж унагасны дараа агаарын тээврийн компаниудад аюулгүй байдлын талаар мэдээлэл өгөх зорилгоор “Safe Airspace” бүлэглэлийг байгуулсан. Тус байгууллагын цахим хуудаст " Украин дахь хурцадмал байдал  туйлын тодорхойгүй байна. Энэ нь өөрөө иргэний агаарын тээврийн салбарт томоохон эрсдэлийг бий болгож байна" гэжээ.

Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины хүсэлтээр лхагва гарагийн орой яаралтай хуралдсан байна. Хоёрдугаар сарын 21-нд Ерөнхийлөгч Владимир Путин Украины Бүгд Найрамдах Луганск болон Донецк Ард Улсыг тусгаар тогтносон гэж хүлээн зөвшөөрөх зарлигт гарын үсэг зурсны дараа бүс нутгийн байдал улам хурцдаж Орос Украин руу довтлох вий гэсэн болгоомжлол улам нэмэгдсэн.

 

ЖО БАЙДЕН УКРАИНД ЦЭРГИЙН ХҮЧ ИЛГЭЭХГҮЙ

 

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки пүрэв гарагт Ерөнхийлөгч Жо Байден Украинд цэргийн хүч илгээх бодолгүй байгаа хэмээжээ. Тэрбээр “Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын цэргийн хүчийг Украинд  илгээх бодолгүй байгаа. Гэхдээ энэ нь Ерөнхийлөгчийн үзэл бодол, Украинд хандах хандлага өөрчлөгдсөн гэсэн үг биш” гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр  Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьж, тууштай дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм. Тэрбээр Их долоогийн улсын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг яаралтай хуралдуулж, ОХУ-ын эсрэг хатуу хориг аргаа хэмжээ авна гэж мэдэгдээд байна.

 

УКРАИН ДАРААЧИЙН СИРИ БОЛОХ УУ

 

Сирийн хямрал үл анзаарагдам байдлаар одоо ч үргэлжилсээр байгаа. ОХУ Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг дэмжиж түүний дэглэмийг хэвээр үлдээхээр хүсэж байсан юм. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Ассадаас ялгаатай нь Путинийг алгаа дэлгэж хүлээж авахгүй нь тодорхой боллоо. Путин сул дорой, хараат Украиныг өөрийн хүсэлд нийцсэн, баруунаас тусгаарлагдсан Беларусь шиг байлгахыг хүсэж байна. Киевт Москваг дэмжигч улстөрчдийг удирдах албан тушаалд тавьж, санал зөрсөн хүмүүсийг устгах болно. АНУ-ын албаны хүмүүс Кремль баривчлах эсвэл устгахаар  төлөвлөж буй хүмүүсийн жагсаалтыг гаргасан гэж үзэж байна.

Хэрэв мөргөлдөөн удаан үргэлжилж, энгийн иргэдийн гарз хохирол нэмэгдвэл барууны зүгээс хөндлөнгөөс оролцох шахалт хурдацтай нэмэгдэх болно гэдгийг ажиглагчид онцолж байна.  Түүнчлэн дэлхийн эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн тогтворгүй байдал нэмэгдэнэ.

Цаашид эрчим хүчний үнэ өснө. Улаан буудайн дэлхийн тав дахь том экспортлогч Украинаас хамааралтай Африк, Азийн орнуудын хүнсний үндсэн хангамжийн тогтолцоонд хүндээр тусна. Хятад улс Путинийг дэмжиж байгаа нь зүүн, барууны хурцадмал байдлыг улам гүнзгийрүүлж болзошгүй юм. Украин нь Ураны хүдрийн батлагдсан нөөцөөрөө Европт тэргүүлдэг бол титаны хүдрийн нөөцөөрөө тус тивд хоёрдугаарт,  дэлхийн хэмжээнд аравдугаарт ордог. Мөн Марганецын хүдрийн дэлхийн  нөөцийн 12 хувийг эзэлдэг.

Үүнээс гадна төмрийн хүдрийн хоёр дахь том нөөцийг эзэмшдэг бөгөөд мөнгөн усны хүдрийн нөөцөөр Европт хоёрдугаарт ордог. Дэлхийн үйлдвэрлэл, газар тариалангийн ихэнх хувийг эзэлдэг  тус улсад байдал улам хурцадвад гарз, хохирол нь үгээр хэлэмгүй байх юм.  Ажиглагчдын үзэж байгаачлан ОХУ тус цэргийн бэлтгэлээ найман жилийн турш төлөвлөж ирсэн гэж үздэг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.221) 2022 оны 02 сарын 27

ХӨРШ УЛС НЬ ҮЗЭЛ БОДЛЫГ ЗӨРҮҮТЭЙ, ХӨГЖЛИЙН ӨӨР ӨӨР ЗАМЫГ СОНГОСОН БАЙСАН Ч ГЭСЭН ТЭДЭНТЭЙ ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАЖ, ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОЖ, ИЛТ ДАЙСАГНАЛЦАХГҮЙ БАЙХ НЬ АШИГТАЙ ГЭДГИЙГ УКРАЙНЫ ЭНЭ ҮЙЛ ЯВДАЛ НОТЛОН ХАРУУЛЛАА. БАРУУНЫХНЫГ ХЭТ ШҮТСЭН АЛИА САЛБАДАЙНУУДЫН ТОЛГОЙ, ТЭДНИЙ ҮГЭЭР ЯВАХ ВМ БОЛ УЛС ОРНОО ЯАЖ СҮЙРҮҮЛДЭГИЙН ГАШУУН СУРГАМЖИТ ЖИШЭЭГ БИД ХАРЖ БНА. МАНАЙД АЛИА САЛБАДАЙНУУД ЦӨӨНГҮЙ БИЙ ШҮҮ...!!!!!!!!!!!!!!!!!

4  |  1
(192.82.73.234) 2022 оны 02 сарын 26

amerikuud dairaad ezleheer bayarlaad huuruud,tegsnee orosuud uursdiiguu hamgaalahaar uurlaad ,sain oilgohgui yumaa,spiderman kinog uzheer tiim boldog yum bolov uu?

0  |  0
Top