Байгаль хамгаалагчдын ЭРҮҮЛ МЭНДИЙН боловсролыг дээшлүүлнэ

Админ | Zindaa.mn
2022 оны 03 сарын 03

“Бид байгаль хамгаалагчид” үндэсний чуулган өнөөдөр /2022.03.03/ төрийн ордонд болж байна. Тус чуулганаар байгаль хамгаалагчдын ажиллах орчин, ажлын үр дүнгийн талаар хэлэлцэхээс гадна тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллах талаар ярилцлаа.

Энэ талаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга “Бид энэ удаагийн чуулганы хүрээнд үндсэн гурван зорилт дэвшүүлж байна. Тэр дундаа байгаль хамгаалагчийн хувь хүний болоод гэр бүлийн хөгжлийг дэмжих, эрүүл мэндийг хамгаалах замаар тогтвортой, бүтээмжтэй ажиллуулахыг зорьж байгаа. Үүний хүрээнд байгаль хамгаалагчдыг жил бүр урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт хамруулж, үнэ төлбөргүй эмчилнэ. Мөн байгаль хамгаалагчдад сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх сэтгэл зүйчийг ажиллуулахаар төлөвлөж байна. Түүнлэн байгаль хамгаалагчдын хүүхдүүдийн сурах эрхийг хангах үүднээс тэдний ажлын байртай ойр цэцэрлэг, сургуульд хамруулах, дотуур байранд амьдруулах гэх мэт асуудлуудыг шийдэх ёстой” гэлээ.

Ч.ТӨГСБААТАР: БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧААР 24 ЖИЛ АЖИЛЛАХДАА НЭГ Л УДАА МОТОЦИКЛЬ АВСАН

“Байгаль хамгаалагчид” үндэсний чуулганд нийт 1016 байгаль хамгаалагч оролцож байна. Тэдний төлөөлөл Сэлэнгэ аймгийн Сант сумын байгаль хамгаалагч Ч.Төгсбаатар чуулганд хэлсэн үгэндээ “Байгаль хамгаалагчийн ар гэрийн амьдрал, ажил байдлынх нь талаар анхаарч үзэж байгаад баярлалаа. Байгаль орчны хамгаалах тухай хуульд “Байгаль хамгаалагч  албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд тухайн ажилтны 3 жилийн цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгоно” гэсэн байдаг. Үүнийг 4-5 жилийн цалинтай тэнцэх гэж өөрчилж болох уу. Яагаад гэвэл бид ширээний ард сууж, хураамж авдаггүй. Ажлын нөхцөл туйлын хүнд. Би байгаль хамгаалагчаар 24 жилийн турш ажиллахдаа нэг л удаа мотоцикль авсан байдаг. Таван жил нэг компьютероо хэрэглэлээ” гэж онцолсон юм.

Харин Увс аймгийн Түргэн сумын байгаль хамгаалагч н.Баянт чуулганд хэлсэн үгэндээ “Байгаль хамгаалагчдад илүү цагийн цалин, хээрийн болоод шөнийн нэмэгдэл хэрэгтэй байна. Унаа, техник хэрэгсэлийн хувьд мөн хүндрэлтэй байдаг. Байгаль орчин хамгаалалын ажилчид сүүлийн 10-аад жил өөрсдийнхөө унаагаар явж байна. Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчдад төр, төрийн бус байгууллагууд, олон улсын төсөл хөтөлбөрийнхөн анхаарал сайн тавьдаг. Тэд биднээс илүү хангамжтай. Хоёр жил тутамд унаагаа сольж байна. Техник хэрэгслийн хувьд ч биднээс хамаагүй илүү. Миний хувьд 15 жилийн өмнө өгсөн цахилгаан бороохойг бариад л үүргээ гүйцэтгэдэг. Одоо тэр нь асахаа больсон. Байдал яг ийм л байна” хэмээв.

Н.Еркегүль

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top