“Бид байгаль хамгаалагчид” Үндэсний чуулганаас зөвлөмж гаргалаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 03

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, олон улсын байгууллагууд болон ТББ-уудын оролцоотойгоор Төрийн ордонд (2022.03.03) “Бид байгаль хамгаалагчид” үндэсний чуулган боллоо.

Тус чуулганд нийт 356 төлөөлөгч оролцсоноос байгаль хамгаалагч 221, хамгаалалтын захиргааны удирдлага 34, 21 аймгийн БОАЖГ-ын удирдлага, олон улсын төсөл, ТББ-ын төлөөлөл 11 хүн байсан юм. Түүнчлэн ХНХЯ, Төрийн албаны зөвлөл, Экологийн цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллага, сэтгүүлчдийн төлөөлөл оролцов.

ЧУУЛГАНААР БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД ХЭЛЭЛЦСЭН АСУУДЛЫГ СИЙРҮҮЛБЭЛ:

  • Ажлын байрны тогтвортой байдлыг нэмэгдүүлэх,
  • Удирдлагын оновчтой тогтолцоог бүрдүүлэх,
  • Байгаль хамгаалагчдын ажлын байрны эрсдэлийг бууруулах,
  • Байгаль хамгаалагчдын нийгмийн асуудлыг бүс нутгийн онцлогт тохируулан ялгавартайгаар шийдвэрлэх,
  • Байгаль хамгаалагчдын мэдлэг, туршлагыг ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга технологи, цахим мониторингийн систем, дэвшилтэд технологийн шийдэл бүхий хяналт, соёл, түүхийн хөтөч зэрэг чиглэлээр онцгой анхааран хөгжүүлэх,
  • Байгаль хамгаалагчдын нэр хүндийг нийгэмд нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв.

Үүнтэй уялдуулан БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР гаргахаар тогтлоо. Тус хөтөлбөрийг БОАЖ, ХНХ-ын сайд нар хамтран 2022 оны зургаадугаар сард багтаан батлах, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн газартай санамж бичиг байгуулах, хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүр дүгнэж олон нийтэд мэдээлж байх гэсэн гурван шатлалтай хэрэгжүүлэхээр болсон юм.

УЛМААР

  • Эх байгаль, анхдагч экосистемийн бүрэн байдлыг хамгаалах үйл хэрэгт байгаль хамгаалагчид түмэн олныг манлайлан хөдөлгөгч гэдгийг хүлээн зөвшөөрч;
  • Байгаль хамгаалагчдын үүрэг нь зөвхөн хүний хөгжил, амьдралын чанарыг хангаад зогсохгүй, улс орны нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгоход ихээхэн хувь нэмрийг оруулна гэдгийг онцлон тэмдэглэж;
  • Байгаль хамгаалагчдын цалин, нийгмийн хангамж нь гүйцэтгэж буй ажлын онцлог, ачаалал, эрсдэлтэй уялдуулахад хангалтгүй учраас цаашид цаг үетэйгээ нийцүүлэн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх шаардлагатайг цохон тэмдэглэж;
  • Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын анхан шатны эрхэм үүргийг гүйцэтгэдэг байгаль хамгаалагчдын нийгмийн асуудлыг олон талаас нь хэлэлцэн дараахь асуудлыг тодорхойлон ЗӨВЛӨМЖ гаргалаа.

БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРТ ТУСГАХ САНАЛ ЦАЛИН, ЗЭРЭГ ДЭВИЙН ТАЛААР:

1. Байгаль хамгаалагчдын ажлын байрны гүйцэтгэл, нөхцөл байдал, эрсдэлийн үнэлгээг хийж, албан тушаал, цалингийн шатлалыг бүс нутгийн онцлогыг харгалзан ялгавартайгаар тогтоох,

2. Байгаль хамгаалагчийн илүү цагийн болон уртын ээлжээр нэмэгдэл цалингүй ажилладаг асуудлыг судлан шийдвэрлэх,

3. Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч нарыг ТЗ-6 шатлалаар цалинжуулах эрхзүйн боломжийг бүрдүүлэх,

4. Гамшгийн эрсдэлийн үед ажилласан тохиолдолд томилолтыг ялгавартайгаар олгох,

5. Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох хөдөлмөрийн хортой, халуун хүнд нөхцөлд хамаарах жагсаалтад нэмж, 20 жилээс дээш ажилласан эрэгтэй байгаль хамгаалагчийн өндөр насны тэтгэвэрт гарах насыг 55, эмэгтэй бол 50 болгох эсхүл сайн дураар гардаг болгохыг судлан, хэрэгжүүлэх,

6. Хариуцсан газар нутаг дээрээ тогтвор суурьшилтай ажиллаж байгаа байгаль хамгаалагч нарт 5 жил тутам 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний хөдөө ажилласны тэтгэмж олгох эрхзүйн зохицуулалт хийх.

АЖЛЫН БАЙРНЫ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:

1. Байгаль хамгаалах ажилтан, байгаль хамгаалагч албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу Засгийн газар тодорхой нөхөн олговрыг олгох журам батлах,

2. Байгаль хамгаалагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, шаардлагатай үед бие хамгаалах тусгай хэрэгсэл ашиглах боломжийг судлан нэвтрүүлэх,

3. Байгаль хамгаалагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, шаардлагатай үед бие хамгаалах тусгай хэрэгсэл ашиглах боломжийг судлан нэвтрүүлэх,

4. Өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор анхны тусламж үзүүлэх болон хяналт шалгалтын үеийн эрсдэлийг бууруулах сургалтад хамрагдаж гэрчилгээжүүлэх.

БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН НЭР ХҮНДИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХҮРЭЭНД:

1. Нийгэмд байгаль хамгаалагчдын талаарх мэдлэг, ойлголтын судалгааг хийж, амжилт, үр дүнг дүгнэж байх,

2. Монгол Улсын шилдэг байгаль хамгаалагч шалгаруулж, тогтмол алдаршуулж хэвших,

3. Байгаль хамгаалагчийн ажлыг байрны онцлогийг олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор цуврал нэвтрүүлгүүд бэлтгэн олон нийтэд хүргэх,

4. Байгаль хамгаалагчдын Үндэсний чуулганыг 3 жил тутам зохион байгуулж хэвших,

5. Шаардлага хангасан байгаль хамгаалагч нарт Байгаль орчны хяналтын Улсын байцаагчийн эрхийг олгоход дэмжлэг үзүүлэх,

6. Орон нутагт ажиллаж байгаа мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг гадаадын тусгай хамгаалалттай газруудад туршлага судлуулах ажлыг зохион байгуулах,

7. Байгаль хамгалагчийн гэр, ажлын байрыг ногоон технологид нийцүүлэн сайжруулах,

8. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын зарцуулалтыг хянах мэдээллийн сан бүрдүүлж, байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн дагуу байгаль хамгаалагчдад урамшуулал гаргах журмыг батлан хэрэгжүүлэх,

9. Жил бүрийн долоодугаар сарын 31-ны олон улсын байгаль хамгаалагчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж хэвших,

10. Олон улсын байгаль хамгаалагчдын холбооноос гаргасан Читваны тунхаглал2019-г Монгол улсад хэрэгжүүлэх,

11. Олон улсын байгаль хамгаалагчдын ур чадварын болон ажил мэргэжлийн уралдаанд жил бүр байгаль хамгаалагч нараасаа оролцуулж хэвших,

12. Архигүй ажлын байр санаачлага гарган хэрэгжүүлэх.

АЖЛЫН БАЙРНЫ НӨХЦЛИЙГ САЙЖРУУЛАХ:

1. Нисдэг тэрэг, хурдан моторт завь хөлөглөсөн хүмүүсийн араас байгаль хамгаалагч явганаар явж байгаа учир бага оврын нисдэг тэрэг, өндөр хүчин чадал бүхий моторт завь хамгаалалтын захиргаадад шаардлагатай байгааг цаашид анхаарч, шат дараатай шийдвэрлэх.

2. Байгаль хамгаалагчийн хариуцсан талбайг багасгаж, орон тоог нэмэгдүүлэх, сумын байгаль хамгаалагчдыг хөдөө байгаль хамгаалах, газар нутгаа хариуцах боломж, нөхцлөөр хангах.

3. Байгаль хамгаалагчдын хувьд зайлшгүй хэрэгцээтэй байгаа унаа, өвлийн хувцас болон дүрэмт хувцас, бие хамгаалах хэрэгсэл, анхны тусламжийн бүрдэл, аяны иж бүрдэл, сансарын утас эсвэл байршил тогтоогч, энгэрийн камераар хангах ажлыг олон улсын байгууллагууд, төслүүдийн тусламжтай зохион байгуулах.

4. Байгаль хамгаалагчийн стандарт, сургалтын модуль гарган Их дээд сургуулиудтай хамтран хэрэгжүүлэх зэрэг саналыг багтаасан зөвлөмж гарсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top