ОХУ Хэвлэл мэдээллийн тухай хуульдаа өөрчлөлт оруулжээ. Шинэ хуулийн дагуу ОХУ-ын үндэсний аюулгүй байдал, тэр дундаа Украинд хэрэгжүүлж буй цэргийн ажиллагааны талаар зориуд худал мэдээлэл тараасан тохиолдолд 15 жил хүртэл хорих ялаар шийтгэх, ОХУ-ын армийн нэр хүндийг гутаасан тохиолдолд 13 мянган ам.доллароор торгож, гурван жил хорих ял оноох тухай тусгасан байна. Түүнчлэн Оросын эсрэг хориг арга хэмжээ тогтоохыг уриалсан тохиолдолд 5000 ам.доллароор торгох зохицуулалт хийсэн аж.
Улмаар Кремлийн эрх баригчид ОХУ-ын нутаг дэвсгэрээс “Facebook” болон “Twitter”-т хандах эрхийг хязгаарлаад байгаа юм. ОХУ-ын Төрийн Думын спикер Вячеслав Володин “Эр цэргүүд болон үнэнийг хамгаалахын тулд энэ хуулийг зайлшгүй батлах шаардлагатай. Вашингтоны хяналтад байдаг АНУ нийгмийн сүлжээнүүд платформууд ОХУ-ын эсрэг мэдээллийн дайн эхлүүлсэн. Тиймээс бид хуурамч мэдээлэлтэй тэмцэх шаардлагатай” гэжээ.
Хүний эрхийн байгууллагууд энэхүү хууль нь хэвлэл мэдээллийн хараат бус байдал, хэвлэн нийтлэх эрх чөлөөг дарангуйлж, хэвлэлийн эрх чөлөөг бүдүүлгээр зөрчиж байгааг шүүмжилж байна. ОХУ хэвлэл мэдээллийн хуульдаа өөрчлөлт оруулсантай холбоотойгоор “CNN”, “BBC” “Bloomberg” тэргүүтэй барууны томоохон хэвлэлүүд ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоож, сэтгүүлчдээ татах ажлыг эхлүүлээд байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
уулаан цайм нэг талыг барьсан мэдээллийн хэргэгэлүүд чөллөөлвөл таарна .анхнаасаа ийм шийдвэр хэрэгтэй байсан юм