Байгалийн хийн хувьд АНУ, Австрали зэрэг геополитикийн өрсөлдөгчдөөсөө хараат байхаа болих хүсэлтэй Хятад улс Оросоос импортоо нэмэгдүүлэхийн тулд шинэ хоолойн төслүүдээ урагшлуулж эхэллээ.
Хятадын хилийн Хэйлунжан мужид дулаараагүй хүйтэн хэвээр байгаа ч Оросын Сахалин арал руу шинэ хоолой тавих бэлтгэл ажил эрчимтэй явагдаж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өнгөрсөн сард болсон дээд хэмжээний уулзалтын үеэр төрийн өмчит Хятадын үндэсний нефтийн корпорац Оросын Газпромоос байгалийн хий импортлох тохиролцоонд хүрсэн.
Одоогийн байдлаар Орос, Хятад хоёрыг холбосон цорын ганц байгалийн хийн хоолой нь 2019 онд ашиглалтад орсон, жилд 38 тэрбум шоо метр хийн дамжуулах хүчин чадалтай "Сибирийн хүч 1" юм. Харин Путин, Ши Жиньпин нарын хэлэлцээрийн дагуу жилдээ 10 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх хүчин чадалтай шинэ хоолой байгуулахаар төлөвлөж байгаа юм.
Гуравдугаар сарын 1-нд Газпром компани Монгол Улсыг дайран өнгөрөх, жилд 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хүчин чадалтай "Сибирийн хүч 2" хоолойг барих талаар тодорхой алхам хийж эхэлснээ зарласан. Хятад улс Бээжингийн өвлийн олимпод зориулан тэнгэрээ цэлмэг байлгахын тулд нүүрсээ байгалийн хийгээр сольсон. Гэвч тус улс дулаан үйлдвэрлэхэд шаардлагатай нүүрс, байгалийн хийний тал хувийг импортоор авдаг. Эдгээр импортын гуравны хоёр орчмыг шингэрүүлсэн байгалийн хий бүрдүүлдэг бөгөөд Хятад өнгөрсөн онд Японыг гүйцэж, дэлхийн хамгийн том түлш импортлогч болсон.
Түүнчлэн тус улс байгалийн хийн 40 орчим хувийг буюу дийлэнхийг Австралиас импортлодог. Харин 10 гаруй хувийг АНУ-аас авдаг. Тиймээс шинжээчид Бээжинг геополитикийн өрсөлдөгчдөөсөө хараат байхаа болих, Оросыг эдийн засгийн хүндрэлээс гаргах боломжит гарц нь байгалийн хий гэж харж байна. Хятадын Нефтийн их сургуулийн Орос-Төв Азийн судалгааны төвийн гүйцэтгэх захирал Лю Чиан “Хоёр тал нийт дөрвөн хоолой барих юм уу, эсвэл хоолойнуудаа өргөтгөх талаар ярилцаж байгаа” хэмээн “Глобал Таймс”-т өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Сибирийн хүчийг өргөтгөх, БНХАУ-ын Шинжаан бүсээр дамжуулан Алтай дамнуудан тавих эдгээр төсөл нь хоёр орны хий дамжуулах хоолойн хүчин чадлыг 100 тэрбум шоо метр хүртэл нэмэгдүүлэх бөгөөд Хятадын импортын бараг тэн хагастай тэнцэж байгаа аж. Энэ нь мэдээж ОХУ-д ч ашигтай тусна. ОХУ 170 -200 тэрбум шоо метр байгалийн хийг хоолойн тусламжтай Европын орнууд руу нийлүүлдэг байна.
Тиймээс БНХАУ-тай байгалийн хийн салбар дахь харилцаагаа өргөтгөснөөр Украины дайны улмаас Европ руу чиглэсэн экспортын бууралтыг нөхөхөд тусална гэж шинжээчид үзэж байгаа юм. Гэсэн хэдий ч саад бэрхшээл байсаар байна. “Сибирийн хүч 1” хийн хоолойгоор өнгөрсөн жил 10 тэрбум шоо метр хий Хятад руу нийлүүлсэн нь нийт хүчин чадлынх нь 30 хүрэхгүй хувийг эзэлж байна. Энэ Оросын талын тээврийн хязгаарлагдмал байдалтай холбоотой.
ОХУ Хятад болон Европ руу экспортлох байгалийн хийг өөр өөр газраас олборлодог бөгөөд тэдгээрийг холбосон ямар ч хоолой байхгүй аж. Европ руу экспортлох байгалийн хийг Хятад руу шилжүүлэхийн тулд дамжуулах хоолой болон бусад байгууламжид их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэнэ. Хятад улс үндэстний цөөнх болох уйгарчуудын эсрэг эсрэг хүний эрхийг зөрчиж байна хэмээн АНУ болон Европын орнууд буруутгаж байгаа бөгөөд зарим бүтээгдэхүүнд нь хориг арга хэмжээ авч, импортоо зогсоогоод байгаа билээ. Хятадын Засгийн газрын өндөр албан тушаалтан "Бид технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чухал ач холбогдолтой хагас дамжуулагчийн хувьд Америкийн компаниудаас хамааралтай. Тиймээс АНУ, Европтой харилцаагаа улам хүйтрүүлэхийг хүсэхгүй байна" гэжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Нутагтаа очоод наадахаа бич
ЭНЭ УКРАЙНЫГ ШУУД СӨНӨӨЧИХ ГЭХЭЭР ЭНГИЙН ИРГЭД ҮРЭГДЭНЭ ЦЭРГҮҮДИЙГ НЬ АЛАХ ГЭХЭЭР НУУГДААД БАЙДАГ. ЗҮГЭЭР Л ХАЙР НАЙРГҮЙ БӨМБӨГД. ҮНСЭН ТОРВОГ БОЛГО